Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/658

 

 

 

 

 

 

 

  2022           08           26                                      2022/ШЦТ/658

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Р.С- түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Магсаржав овогт Рэнцэндоржийн С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105017881274 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 55 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, .... ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг ... хороо ... дугаар байр ...  тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум .. дугаар баг ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, Магсаржавын Рэнцэндоржийн С-.

 

Шүүгдэгч Р.С- нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ББаянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод дагавар охин А.А-г “Ковид тусах гэж гэрт ирээ юу” гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж, чирж, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж биед нь дух, өвдөгний зулгаралт, хацар, бугалга, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.С- мэдүүлэхдээ: “Би тухайн үед Дарханд ажилтай байсан. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн орой эхнэр Ковид туссан хүнд юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хотод ирсэн. Гэрт ирэхэд охин А- ирсэн байсан. Ковидтой байхад битгий гэрт ирээрэй, бусдад халдаачихна гэж хэлэхэд намайг үзчих үү гэсэн. Тэгээд намайг маажсан. Нүүрээ маажуулахгүй тулд цааш түлхэхэд хэд хэдэн удаа унаж босоод байх шиг байсан. Хохирогч ямар ч хүнтэй эвээр ярьдаггүй. Юм ярихад л хуц үзэх үү гэж хэлдэг. Аавыгаа 20 удаа, ээжийгээ 3 удаа зодсон. Энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. Надтай зууралдаж байх үедээ биедээ шарх сорви үүссэн” гэв.

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 29 минутад “ манай нөхөр охиноо зодчихоод ХХ-ХХ УАК машинтай зугтаачихлаа...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын хуудас. /хэргийн 17 дахь тал/

 

Хохирогч А.А-гийн “ ... Манай ээж 2010 оноос хойш С- гэх хүнтэй уулзаж хамт амьдарч байгаа ба би тэр талаар сонсож байсан. ... 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагаас хойш 00 цагийн хооронд над руу залгасан байсан. Над руу залгаад манай гэрт хүрээд ир гээд байсан. Би тэр үед ажлын газрын хүний төрсөн өдөр дээр байсан болохоор утсаа аваагүй. Тэгээд над руу тэр өдөр олон удаа залгасан байсан болохоор нь утсаа аваад яасан талаар нь асуухад ахтай чинь муудалцчихлаа гэж хэлсэн.

... Тэр үед ээж Ковид тусчихсан байсан болохоор нь би очихгүй гэж бодож байтал над руу олон удаа залгаад байсан болохоор нь би очихоор болоод шөнө 01 цаг өнгөрч байхад ээжийн гэр буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 8 дугаар байр 14 тоотод очсон. Тэгээд гэрт нь ороход манай ээж юу болсон талаар хэлсэн ба манай ээж рүү С- нь 10 удаа залгахад дуудлагыг нь аваагүй, тэгсэн чинь янхан минь чи ямар юмтайгаа банзалдаад байгаа юм, янхан минь гээд янз бүрээр хараасан гэсэн. Тэр хүнийг залгах үед манай ээж өрөөндөө утсаа үлдээгээд нэг өрөөндөө цахим хичээлээ бэлдэж байсан болохоор утсаа сонсоогүй гэж хэлсэн.

Тэрнийх нь төлөө тэр хүн нь элдэв янзаар хараагаад байсан болохоор Дарханаас ирээд намайг хөөж магадгүй, тэгээд гэрээсээ юмаа зөөхөд намайг хэрэг болно гэж бодоод над руу залгасан гэж байсан. Тэр үед хамт амьдардаг байсан Одбаяр /14 настай, эрэгтэй/ нь гэртээ унтаж байсан. Тэгээд би гэрт нь хонохоор болоод унтсан ба маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө гэрт ээж С-тай чанга дугараад яриад байгаа чимээ гарах шиг болсон.Тэр үед би С-ыг ирчихлээ дээ гэж бодоод хартал үүдэнд байсан.

Тэр үед С- нь намайг ээжээс тэр хэн юм гэж асуугаад байх шиг байсан. Тэгснээ над руу хараад “чи яасан Ковид тусах гэж ирээ юу” гэж асууж байсан. Би тэр үед нойрмог байсан болохоор юу ч хэлээгүй буруу хараад хэвтсэн. Тэгтэл ардаас ирж байгаа юм шиг болохоор нь би эргэж хартал толгой дээр дэвсэх гэж байсан. Тэгэхээр нь би хүүе гээд зүүн гараараа хөлийг нь холдуултал миний үснээс зулгаагаад нүүрний зүүн талын хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалаад хөл рүү нь жийхэд өөдөөс тонгойгоод унасан. Тэгэхээр нь би үснээс нь зулгаахад миний үснээс зулгаасан гараа тавьсан.

Тэгэхээр нь би бас үснээс нь тавиад өмдөө шүүрч аваад өмсөх гэтэл миний үснээс зулгаагаад үүд рүү чирээд байсан. Тэр үед миний өвдөг хивс дээр үрэгдээд зулгарсан. Тэгээд үүдэнд дахиад бид хоёр зууралцсан. Тэр үед С- нь миний хацар руу хоёр удаа цохисон. Тэгээд ноцолдож байгаад салтал С- хаалгаар гараад зугтаасан. Тэр үед манай ээж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би хувцсаа өмсөөд байж байтал С- нь эргэж орж ирээд зодолдъё янхан минь, чи янхан зардаг биздээ гэж хараагаад байсан. Тэгэхээр нь тэгье, гаръя чи яагаад хүн доромжлоод байгаа юм гээд гарах гэтэл манай ээж намайг чи зодолдоод барна гэж юу байхав дээ гэсэн. Тэгтэл С- нь намайг хараачхаад эргээд гараад явсан.

... Миний хөл, гар, хүзүү, чих, хацар зэрэгт хөхөрсөн. Маажуулсан няцарсан шарх сорви үүссэн. Миний үснээс зулгааснаас болоод миний үс халцарсан. Туг тугаараа унаж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

“...Тухайн өдөр манай ээжийг хардаж уурласнаас болоод манай ээж айгаад хүрээд ир гэж залгасан. Тэрнээс болж би ээж дээр очиж хоноод тухайн хүнд зодуулсан. ...Энэ асуудлаас болж манай ээж надад тухайн эмчилгээний зардал өгч байсан болохоор одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дахь тал/

 

Гэрч Ж. Төгөлдөрийн “... 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагийн хооронд Бугат- 116 чиглэлд дэд ахлагч Ганбаатарын хамтаар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед Бугат 10- аас “манай нөхөр охиноо зодчихоод 83-77 УАК машинтай зугтчихлаа” гэх дуудлага өгсөн 94118122 дугаарын утасруу залгахад тус байрны гадна зодуулсан гэх иргэн А- гарч ирсэн. Тэгээд болсон асуудлын талаар тодруулахад хойд аав болох С-тай маргалдсан. Маргалдсанаас болж хоорондоо ноцолдсон ба ноцолдох үедээ хумс хугарсан, духны хэсэгт зулгарсан, өвдөг шалбарсан байна гэж хэлж байсан. Тэгээд С-ыг хаана байгаа талаар асуухад гараад зугтаагаад явчихсан гэсэн тул дуудлага мэдээллийг хүлээн авч материалжуулан шалгасан. ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16- ны өдрийн шинжээчийн 8560 дугаартай:

1. А. А-гийн биед дух, өвдөгний зулгаралт, хацар, булга, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөомөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

Шинжээч эмч Ж.Ганцэцэгийн “... Шүүх эмнэлгийн ойлголтоор ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг нь хүн өөрөө яваад хоол ундаа идэх, бие засах, ажилдаа явах, гэрээ цэвэрлэх зэрэг энгийн хөдөлмөрийн чадварыг үнэлдэг. Тухайн хохирогчид энэ чадвар алдагдаагүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах бөгөөд А-гийн бие дэх дух, өвдөгний зулгаралт, хацар, бугалга шилбэний цус хуралт нь 14-28 хоногийн дотор эдгэрэх учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан. Эдгээр гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 2021 оны 9 дүгээр сарын 09 -ний өдрийн үзлэгээр шинэ гэмтэл байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Р.С- нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ББаянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод хамтран амьдрагч Г.Оюунтуултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа өөрийн дагавар охин А.А-г “Ковид тусах гэж гэрт ирээ юу” гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж, чирж, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж биед нь дух, өвдөгний зулгаралт, хацар, бугалга, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Р.С- нь А.А-гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг.

Хохирогч А.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 8560 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.А-гийн “... одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/ өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Р.С-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгээс “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Р.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Магсаржав овогт Рэнцэндоржийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Р.С-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Р.С- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ