Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/659

 

 

 

 

 

 

 

 2022           08           26                                       2022/ШЦТ/659

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч М.Д- түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Бэргэд овогт Мажигсүрэнгийн Д-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203002740328 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг Гурван загал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум ... дүгээр баг Зангиат гудамж ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэргэд овогт Мажигсүрэнгийн Д-

 

Шүүгдэгч М.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн уулзварын замд Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.14 дэх заалт “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна. в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөний улмаас Kawasaki маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж тус тээврийн хэрэгслийн жолооч Т.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А- мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 18-ны өдөр, Замын цагдаагаас гараад Драгон явж байгаад уулзвар дээр зогссон. Улаан гэрэл ассан байсан. Зохицуулагч зүүнээс баруун чиглэлийг татсан. Хөдөлгөөнд дөнгөж орж ирэхэд намайг мөргөсөн. Миний мотоцикл авах юмгүй болсон. Хөл хэзээ эдгэх нь мэдэгдэхгүй байна. Эрүүл мэнд маш хэцүү байна. Би энэ хүнээс 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд цалин байна. Би листээ хасаад сарын 3,500,000 цалинтай. Нийт 3 сарын цалин 12,000,000 төгрөг болж байгаа. Гэмтэл аваад одоо 4 дэх сардаа орж байна. Ажлаа хийж чадахгүй бараг халагдах гээд байна. Хагалгаанд 5,000,000 төгрөгөөр орсон. Нийт эмчилгээнд 6,000,000 төгрөгийг зарцуулсан. Таяг, нааш цааш такси унаагаар явсан бусад төлбөр 2,000,000 төгрөг болсон” гэв.

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 6-7 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 8-13 дахь тал/,

Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “... 1. ... хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 29 дэх тал/,

            Хяналтын камерын бичлэг бүхий СD-нд үзлэг хийсэн тухай “... Саппорогийн уулзварын замын хойд талаас урагшаа чиглэлд харуулсан байх ба зохицуулагч уулзвар руу орж байгаа хэсгийг харуулав.

Зохицуулагч цагдаа урдаас хойш чиглэлийн хөдөлгөөнийг хааж дохиогоо өргөх үед Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай автомашин уулзвар руу урдаас хойш чиглэлд нэвтэрч байгаа хэсгийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 30-31 дэх тал/,

 

Хохирогч Т.А-ын “... Би 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Kawasaki маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай мотоциклыг жолоодон Замын Цагдаагийн газрын тэндээс таван шар тийш чиглэлд явж байгаад замын гэрлэн дохиотой уулзвар дээр улаан гэрэл асч замын 1 дүгээр эгнээнд зогсох үед постноос замын цагдаа гарч ирээд уулзварын голд зогсоод миний явж байсан чиглэлийн хөдөлгөөнийг явуулахаар дохихоор нь хөдөлгөөнөө эхлүүлэх үед гэнэт уулзварын урд хэсгээс хар өнгийн автомашин гарч ирээд яах ийхийн зуургүй миний зүүн хөлийн хэсэг рүү мөргөж унагаасан. Би ослын улмаас Гэмтлийн эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэж шинжилгээ өгөхөд зүүн хөлийн савхан ясны ил хугаралтай гээд тэндээсээ Эм Би Жи гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэж эмчлүүлээд 7 хоногийн дараа гарсан. Одоо гэрээр хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгэж байгаа.

Гэмтлийн зэргийн дүгнэлтэд миний аарцаг ясны хугарал гэмтэл болон дагзны арын хэсгийн хаван тусгагдаагүй байна. Тухайн үед шинжээч эмч ирж үзээд явсны дараа хариу гарсан юмаа. Тэгэхээр дүгнэлтэд уг гэмтлийг нэмж тусгуулах шаардлагатай байна. Мотоциклын эвдрэлийн үнэлгээг гаргуулахдаа хойд дугуйны эвдрэлийг тусгаагүй байгаа тул дахин үнэлгээ хийлгэмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дэх тал/,

 

Б.Батчимэгийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн “... Зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 17,112,577,17 төгрөг байна. Иймд манай компаний зүгээс тээврийн хэрэгслийг улсын орлого болгох болон гуравдагч этгээд шилжүүлж авсан тохиолдолд буруутай этгээдээс зээлийн гэрээний үлдэгдлийг тухайн үеийн байдлаар гаргуулан авч хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42 дахь тал/,

“... гэмт хэргийн улмаас учирсан аливаа хохирлыг зээлдэгч бие даан хариуцна. Манай байгууллага хариуцахгүй ээ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дахь тал/,

 

Гэрч Б.Сумъяабазарын “... Тэгэхээр нь би уулзварын хойд талын гэрэл дохио ногоон гэрэл асаагүй байхаар нь гэрлээ харж байгаад ногоон гэрэл асахаар нь хойд талынхаа хөдөлгөөнийг хориглосон. Хойд талын хөдөлгөөн ногоон асч байхад урд талын хөдөлгөөнийг хориглосон. Улаан гэрэл асдаг ба урд талын хөдөлгөөний гэрэл улаан гэрэл асч байхад нь давхар ертөнцийн зүгээр урд талын тээврийн хэрэгслийн жолооч нарын хөдөлгөөнийг хориглож дохиур модоо өргөж анхааруулж зүүн талын хөдөлгөөнийг явуулсан. Тэгтэл урд талаас хар өнгийн Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл зохицуулагчийн дохиог зөрчөөд ороод ирсэн ба зүүн талаас баруун чиглэлд явж байсан мотоциклыг мөргөсөн. Мотоциклын жолооч зохицуулагчийн зөвшөөрөгдсөн дохиогоор явж байсан. Урдаас хойшоо чиглэлтэй явж байсан хар өнгийн Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл зохицуулагчийн хориглосон дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зам тээврийн осол гаргасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дэх тал/,

 

Гэрч Г.Урангоогийн “... 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай найз Тамирын хамаатны ах хөдөөнөөс ирчхээд эхнэрийгээ эмнэлэгт үзүүлэх ажилтай гээд миний машиныг нэг өдөр унаж хэрэглээд өгье гээд аваад явсан. Тэгээд шөнө нь манай хүүхэд халуураад эмнэлгээр явах ажилтай байсан болохоор өглөө эрт автомашин хэрэгтэй болчихлоо гэж хэлээд автомашинаа авчруулахаар болж ирэх замдаа Саппорогийн уулзвар гарах гэж байгаад мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Би ослоос хойш автомашины үнэлгээг хийлгэсэн боловч манай найзын ах нь хохирлыг барагдуулаагүй. Би уг автомашиныг 2022 оны 02 дугаар сард 25,000,000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаа 8,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг Жи Эс Би капитал ББСБ-с өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63 дахь тал/,

 

Хас Үнэлгээ ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний “...Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай автомашины эвдрэлийг 1,715,000 төгрөг” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 68-70 дахь тал/,

 

Ашид Билгүүн ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний “... Kawasaki Ninja маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай мотоциклын эвдрэлийг 1,518,000 төгрөг” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 75-77 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7350 дугаартай:

“...1.Т.А-ын биед зүүн тавхайн шаантаг хэлбэрийн яс, 2,3-р шивнүүрийн ил хугарал, зүүн шагайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэлт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 88-89 дэх тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №632 дугаартай:

“...6.1 Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч М.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.14-д “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна. в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

6.2 Kawasaki маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Т.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 90-91 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №512 дугаартай:

“...1. Т.А-ын биед зүүн тавхайн шаантаг хэлбэрийн яс, 2,3-р шивнүүрийн ил хугарал, зүүн сүүжний тогооны далд хугарал, зүүн шагайд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.4.5 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 103-104 дэх тал/,

 

М.Д-ийн яллагдагчаар өгсөн “... Би өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Хохирогчид учирсан хохирлоос 1,500,000 төгрөгийг өгсөн. Цаашид хохирлыг барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 129 дэх тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн уулзварын замд Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зохицуулагч цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулах явцад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.14 дэх заалт “Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дараах утгатай байна. в/ баруун гараа урагш сунгасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас /баруун гар буюу ар талаас/ яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөний улмаас Kawasaki маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж тус тээврийн хэрэгслийн жолооч Т.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Д- нь Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүйн улмаас Kawasaki маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж тус тээврийн хэрэгслийн жолооч Т.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Т.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №512 дугаартай дүгнэлтээр, мөн хохирогчийн жолоодож явсан Kawasaki маркийн УРА ХХ-ХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,518,000 төгрөгийн, Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УАХ улсын дугаартай автомашинд 1,715,000 төгрөгийн хохирол тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүх хуралдаанд хохирогч Т.А- нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний зардал, цалин, бусад зардалд 20,000,000 нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 5,116,580 төгрөг /хэргийн 19-26 дахь тал/ тогтоогдсон ба шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нийт 10,000,000 төгрөгийг төлжээ.

Хохирогчийн нэхэмжилсэн бусад хор уршиг нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй юм.

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон GSB capital ББСБ-ийн төлөөлөгч Ц.Үүрийнтуяагаас “ ... 5602 УАХ автомашин барьцаалан авсан 18,200,000 төгрөгийн зээл бүрэн төлөгдөж барагдсан”. ... иймд манай байгууллага цаашид шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, Г.Урангоогоос “ ... Д- ах маань 5602 УАХ дугаартай автомашины зам тээврийн осол хийж миний машинд үүссэн гэмтлийг хохирлыг бүрэн гүйцэд барагдуулж өгсөн” гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгч М.Д-ооос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Гэхдээ хохирогч Т.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 10,000,000 төгрөг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэргэд овогт Мажигсүрэнгийн Д-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар М.Д-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар М.Д-ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Д-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Д- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг сануулсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, М.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан М.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ