Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/663

 

 

 

 

 

 

 

  2022           08           29                                      2022/ШЦТ/663

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Ц.С- түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Боржгин овогт Цогтсайханы С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203002850332 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг Сант суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн ...  дүгээр гудамж ...  тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг...  дугаар хороо ... хотхон б блок ... давхар ... тоотод түр оршин суух, Боржгин овогт Цогтсайханы С-.

 

Шүүгдэгч Ц.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн хойд талын замд Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Маралыг /15 настай/ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэг мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 28-ны өдөр охиноо дагуулаад явган хүний гарц дээр байхад дайрчхаад хөдлөөд явчихсан. Би араас нь хашхирч зогсоосон. Автомашингүй өдөр байсан тул замын цагдаа ойр байсан. Тэгээд эмнэлэгт хагалгаанд орсон. Тухайн үедээ авсан эм, тарианы баримтаа хадгалаагүй. Цагдаа дээр байхад 7,700,000 төгрөгийг нэхэмжлэхэд төлөх боломжгүй гэхээр нь 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. 1,056,000 төгрөгийг С- өгсөн тул одоо үлдэгдэл 3,277,366 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 2,128,366 төгрөг бол нөхрийн олох байсан цалин. Эмчилгээний зардал нь 619,000 төгрөг, лангууны түрээсийн төлбөр 530,000 төгрөг болсон” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт. /хэргийн 6-8 дахь тал/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-12 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэгийн “Би 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг өнгөрч байхад охин Б.Маралын хамт гэрээс гарч, замаараа охиноо хүргэж өгөөд би цаашаа ажилдаа явахаар байрны зүүн талын замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд зам хөндлөн гарах гээд хойноос урагшаа чиглэлийн хоёр эгнээг гараад замын дунд үргэлжилсэн цагаан шугаман дээр зогсож байхад хойноос урагшаа чиглэлд явсан хөх өнгийн Toyota Aqua маркийн суудлын автомашин манай охины баруун хөлийн шагай хэсгийг урд дугуйгаараа мөргөж, зүүн хойд талын дугуй нь хөл дээгүүр нь дайрч гараад зогссон.

Би тэр үед охиноо сугадаад явж байсан болохоор гараас нь зуураад унагаагаагүй үлдсэн. Тэр үед зам дээр зогсож байсан замын цагдаа ирээд, түргэн дуудаж өгсний дагуу 15-20 минутын дараа түргэний эмч ирж, үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.

Осол болох үед би хамт байсан болохоор намайг үлдээж охиныг аавыг нь дуудаж, хамт явуулсан. Хэсэг хүлээсний дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хэмжилт хийгээд, нөгөө осол гаргасан машиныг ачиж явсан. Би хэмжилт хийсний дараа гэмтлийн эмнэлэгт очиход манай охины баруун хөлийн шагайны яс хугарсан гээд гипс тавьсан байсан ба шууд хэвтэн эмчлүүлэхээр болж 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шагайны яс хадах хагалгаа хийлгээд өнөөдөр эмнэлгээс гарсан хэвтрийн дэглэм сахиж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дахь тал/

“... Осол гаргасан жолооч энэ хугацаанд эмчилгээ эм тарианы зардалд ямар ч мөнгө өгөөгүй ээ. Сүүлд надад эмчилгээний зардалд тооцоод 2,500,000 төгрөгийг тооцож өгье гэхээр нь би зөвшөөрөөгүй. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 75 дахь тал/

 

Шүүх шинижлгээний үндсэний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7908 дугаартай:

“1. Б.Маралын биед баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацааны үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23-24 дэх тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх. /хэргийн 25-34 дэх тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 674 дугаартай “...6.1 Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тэвьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

6.2 Явган зорчигч Б.Марал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 47-48 дахь тал/

 

Цагдаагийн Ерөнхий газар Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23/1416 дугаартай “... Жолоочийн бүртгэлийн /TPS/-д хянахад жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна“ гэсэн албан бичиг. /хэргийн 55 дахь тал/

 

Ц.С-гийн яллагдагчаар өгсөн “... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад учирсан бодит хохирлыг төлж барагдуулахад бэлэн байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 85 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

          Шүүгдэгч Ц.С- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн хойд талын замд Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Маралыг мөргөсний улмаас түүний биед баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.С- нь Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй буюу явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Маралыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэг нь “нөхрийн ажилгүй байсан хугацааны цалин 2,128,366 төгрөг, эмчилгээний зардал 619,000 төгрөг, лангууны түрээсийн төлбөр 530,000 төгрөг” тус тус нэхэмжилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэг болон түүний нөхөр нарын ажлаас чөлөөлж хүүхдээ асарсан талаарх эмнэлгийн магадлагаа болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, орлогын албан татвар төлсөн баримтууд авагдаагүй тул түүний нэхэмжилсэн “ажилгүй байсан хугацааны цалин, лангууны түрээсийн төлбөр” зэргийг хохиролд тооцох боломжгүй юм.

Хэрэгт авагдсан эмчилгээний талаарх баримтуудаар нийт 819,302 төгрөг тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогчид нийт 1,056,130 төгрөг төлсөн тул нэмж гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэг түүний өмгөөлөгч Б.Ганболд нараас тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлбөр төлсөн, мөн улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Цогтсайханы С-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.С- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болорчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ