Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/01476

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/01476

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Ц-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 155/2018/01334/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, хариуцагч Ц.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь Ц.Цтой 2003 онд танилцаж, хамтран амьдарч байх хугацаандаа хүү Ц.Цын Дийг 2009.06.18-нд төрүүлсэн. 2009.08.13-нд гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдарч байх хугацаандаа таарамж муутай болж амьдрах боломжгүй болсон тул миний бие шүүхэд хандаж 2013.05.09 өдөр гэр бүлээ цуцлуулж, хүү Ц.Дийг өөрийн асрамжинд авсан. Түүнээс хойш боломж бололцоогоороо тусламж дэмжлэг өгнө гэж тохиролцсон юм. Өдий болтол юу ч өгөхгүй байгаа. Тийм учраас Ц.Цоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэнд-Аюуш овогтой Ц.Ц би 2016 онд Батхүүгийн Б.Стай хамтран амьдарч хүүтэй болсон. Гэтэл 2012 оноос намайг ядуу хоосноор минь дуудаж хэрүүл хийж хөөдөг болсон ... олон удаа хөөгдөж байсаар сүүлд нь аргагүйн эрхэнд харанхуй шөнө 03 цагт хөөгдөж, хиртэй хувцастайгаа аавындаа очиж байсан. Би салахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй гэж бодож явлаа ... Би хүү Дтэй холбоотой байж уулзаж аавындаа авчирч хонодог. Хүүхдээ бэтгэрүүлэхгүй юмсан гэж бодож явдаг. Надад өөрийн гэсэн тусгай орон гэр, хашаа байшин, өмч хөрөнгө байхгүй. Би өөрөө нуруу нугас, толгой тархи өвддөг. Уушигны өвчтэй. Ажил хийдэггүй, боломжгүй учир аав, ээжийнхээ асаргаагаар л явж байна. Мөн Б.С нь шүүх хурлаар орж гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж гэрлэлтээ цуцлуулчихаад одоо надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээд байгааг нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.Цд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ц.Ц нар 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон ба тэдний дундаас 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү Ц.Д төрж улмаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн556 дугаартай шийдвэрээр тэдний гэрлэлт цуцлагдаж, хүү Ц.Д эх Б.Сгийн асрамжинд үлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэрлэлт цуцлагдсан ч Гэр бүлийн тухай хуулинд заасан эцгийн үүрэг хэвээр үргэлжлэх, зохигчийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас хүү Ц.Дд эцэг Ц.Цоос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ц.Д нь 9 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн тал хувь 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Ц.Ц төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ц.Дд сар бүр төлөх 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Сд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ц.Дийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Цоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос 30.844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БЯМБАСҮРЭН