Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/668

 

 

 

 

 

 

 

 

 2022           08           31                                       2022/ШЦТ/668

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Б.Э- түүний өмгөөлөгч С.Соронзонболд

хохирогчийн өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Естэй овогт Баатарын Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203002570337 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн 1992 оны 11 дүээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн джнд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,

урьд Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж 2020 оны 5 дугаар арын 19-ний өдөр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн, Естэй овогт Баатарын Э-.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппорогийн уулзварын замд Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, мөн дүрмийн 8.10-д заасан “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна”, 8.11-д заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эрхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрэл дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Я.Батбаяр жолоочтой Hyusong Cornet маркийн 61-50 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж Я.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс 10 дугаар хороолол орох гээд зүүн тийш эргэх гээд зогсож байсан. Тухайн үед чигээрээ явах ногоон гэрлээр хөдөлгөөнөө эхлүүлсэн. Нэмэлт гэрлээр ороогүй. Урдаас том автомашин ирсэн тул зогссон. Мотоцикл урдуур гараад шүргээд эргэсэн. Би очиж мөргөөгүй. Мөргөсөн бол мотоцикл автомашин хоёр нийлэх байсан. Мотоцикл шүргээд өнгөрсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Батбаяр мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 8 цагийн үед ажлаасаа тараад Яармагийн замаар гурвалжин даваад уулзвар дээр ирсэн. Зүүн гар талд ачааны автомашин байсан бөгөөд ачааны автомашин зогссон. Тэгтэл араас нь жижиг автомашин гараад ирэхэд би мөргүүлсэн. Тухайн үед хойд хэсгийн уулзварт унасан байхад хүмүүс надаас яаж байна гээд асуусан. Зүүн талын шагай өвдөөд яс нь урагшаа гарсан. Баруун талын өвдөг өвдөж байсан. Мотоциклд 2,288,000 төгрөгийн хохирол гарсан. Эмчилгээний зардалд 1,006,060 төгрөг гарсан. 5 дугаар сарын 13-ны өдөр бэртснээс хойш 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаагүй. Энэ хүртэлх 4,445,000 төгрөгийг нэхэмжилнэ. Нийт 7,740,610 төгрөг нийт нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Уянга иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “Э- хохирогчийн эрүүл мэндийн асуудлыг хариуцна. Би Батбаяраас машины хохирлоо нэхэмжилж байна. Э-аас нэхэмжлэхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Уянга иргэний хариуцагчаар мэдүүлэхдээ: “Би эрүүл мэндэд нь учирсан хохирлыг төлөхийг зөвшөөрч байна” гэв.

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-14 дэх тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 21:11:22 цагт уулзварын зүүн хойд талд байрлах тээврийн хэрэгсэлд зориулагдсан гэрлэн дохио улаан өнгөөр солигдох ба энэ үед мотоциклтой хүн уулзварын хойд талаас зүүн гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж байгаа нь бичлэгт харагдаж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 21-26 дахь тал/

Хохирогч Я.Батбаярын “Би өөрийн эзэмшлийн Hyusong Cornet маркийн 61-50 УРА улсын дугаартай мотоциклийг унаад 2022 оны 5 дугаар сарын 13-ны орой 20 цагт Нисэхэд байдаг ажлаасаа гараад Яармагийн урд замаар зүүн тийшээ явж байгаад Гурвалжингийн гүүрээр давах гээд явсан.

Би мотоциклтойгоо гүүр даваад явж байхад бага зэргийн түгжрэлтэй хөдөлгөөн удаашралтай байсан. Тэгээд гэрлэн дохион дээр ирэхэд чигийн ногоон гэрэл ассан байхаар нь уулзвар нэвтрээд ортол намайг дагаад том ачааны автомашин хоёрдугаар эгнээгээр уулзвар нэвтэрч байсан. Би уулзвараар нэгдүгээр эгнээгээр ортол миний хажуу талын машин зогсох үед урдуур нь нэг суудлын жижиг автомашин гарч ирээд зүүн талруу мөргөөд би чигээрээ унаад мотоцикл баруун буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ замын голын тусгаарлах хашлага, хөвөө мөргөөд зогссон байсан.

Харин би унахдаа замын хойд талын баруун тийшээ явдаг талын эгнээнд орчихсон байсан. Тэгээд намайг зам дээр хэвтэж байхад хэдэн хүмүүс намайг өргөөд замаас гаргаад замын хажуу талд суулгаад мөргөлдсөн машины жолооч гар утсаараа цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн.

Бид хэдийг ослын газарт байж байхад түргэний машин ирээд намайг аваад шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очиход намайг шууд хэвтэж хагалгаанд орохоор болоод тэндээ хэвтсэн. Би эмнэлэгт 10 хоног хэвтээд эмнэлгээр гарсан.

Миний баруун тойгны хугарал гэмтэл учирсан. Мэс засал хийлгэсэн. Зүүн хөлийн ядам дунд хуруун ясны хугарал, эрхий хурууны дээд талын үе мөн шагай мултарсан. Зүүн хөлийн шагайн дотор тал хугарсан, ар талд оёдол тавьсан гэмтлүүд учирсан. Хамт байгаагүй. Нөгөө жолооч зааж өгсөн. Миний танилцсан үзлэг зөв гэж үзэж байна.

Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Батжаргал гэх хүнээс худалдаж аваад итгэмжлэх хийлгэсэн байгаа. Иймд миний өөрийн эзэмшлийнх гэж үзэж байна. Би уг хүнээс 2022 оны 03 дугаар сард 4,500,000 төгрөгөөр худалдаж аваад өөрөө итгэмжлэх хийлгэсэн байгаа. Би тэр үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Би хамгаалах малгай өмссөн байсан. Харин хувцас энгийн хувцастай ямар нэгэн гар, хөл хамгаалах хэрэгсэл өмсөөгүй байсан. Тэр үед гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг хэвийн байсан. Гадаа тогтуун цаг агаартай, түгжрэл бага зэрэг байсан. Зам хуурай байсан. Би ганцаараа явж байсан. Миний хажуу талын автомашин гэнэт зогсоод урдуур нь автомашин гарч ирэх үед л харсан. Тэгээд би тоормос гишгэх үед зүүн талаас орж ирээд мөргөсөн. Намайг уулзвар дээр ирэхэд чигийн ногоон гэрэл ассан байсан болохоор би уулзвар нэвтэрсэн.

Жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Жон бээс жолооны курсыг 2016 онд төгсөж В ангилал авсан. Харин А ангиллыг авахдаа 2018 онд Их хөдөлгөөн жолооны курс төгссөн. Одоо А,В,С ангилалтай. Үнэлгээ хийлгэсэн байгаа. Үнэлгээгээр нийт 2,288,954 төгрөгийн үнэлгээ гарсан байгаа. Баримт байгаа. Хэрэгт баримт гаргаж өгнө.

... Гомдолтой байна. Өөрөөс гарсан хохирлоо нэхэмжилж, хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дахь тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний №6460 дугаартай түүхийн хуулбар. /хэргийн 44-52 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Г.Уянгын “... Би Э-тай гэр бүлийн харилцаатай. Манай нөхөр ослын дараа над руу залгаж осол гаргачихлаа гэж хэлж байсан. Яг нарийн ослын талаар мэдэхгүй.

... Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБИ улсын дугаартай автомашин нь Есөн шижир ХХК буюу банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээл тавьж авч байсан. Одоо автомашины зээл 12 дугаар сард зээлийн төлөлт дуусах байгаа. Би өөрийнхөө нэр дээр зээл авсан учир миний эзэмшлийн машин гэж бодож байна.

... Би үнэлгээ хийлгэсэн байгаа. Урд талд ерөнхийдөө эвдрэлтэй болсон байсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 71 дэх тал/

 

Гэрч Д.Ганаагийн “... 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг болж байхад манай хүргэн Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБИ улсын дугаартай автомашиныг унаад би хажуу талд суугаад манай хамаатны дүү болох Мөнхцэлмэг хойд талд нь суугаад Содон хороололоос гараад Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орох гээд явж байсан. Тухайн үед манай хүргэн автомашин барьж явж байгаад Сапоррогийн гэрлэн дохио буюу хойд талын уулзвар дээр ирж зогсож байгаад урагшаа хөдлөөд явтал ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан мотоциклтой хүнтэй мөргөлдсөн. Тухайн үед манай хүргэн уулзвараар урагшаа ортол 2 дугаар эгнээ дээр том оврын ачааны автомашин ороод ирэхээр нь урдуур нь хүү дараад ортол цаад талд нь байсан мотоциклтой мөргөлдсөн. Манай хүргэн машинаас буугаад нөгөө хүн дээр очсон.

... Тэр үед гэрлэн дохион дээр зогсож байгаад хөдөлсөн учир 20-30 км цагийн хурдтай явж байсан байх. Нарийн хэлж мэдэхгүй байна. Харин мотоциклийн жолооч барагцаагаар 50-60 км цагийн хурдтай явж байсан байх. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 90 дэх тал/

 

Гэрч Б.Мөнхцэлмэгийн “... Тэгээд тэндээ хэсэг байж байгаад гараад Э- Хайлааст орох болохоор нь би замдаа намайг гэрт буулгачих гээд хамт хөдөлсөн. Бид хэдийг Содон хорооллоос хөдлөх үед 19 цаг өнгөрч байсан. Гадаа нар буугаад бүрэнхий болж байсан. Тэгээд Содонгоос хөдлөөд нэгдүгээр хорооллын арын замаар явж байхад нэлээн түгжрэлтэй 1 цаг гаран явж байж Саппорогийн уулзвар дээр ирсэн.

Тэр үед Э- машины барьчихсан хажуу талд нь хадам аав нь би жолоочийн хойд талд суугаад явж байтал Э- Саппорогийн хойд талын уулзвараар урагшаа 10 дугаар хороолол орохоор хөдлөөд явтал гэнэт тоормос гишгэсэн. Тэгэхээр нь би урагшаа хартал том оврын автомашин орж ирэх үед урдуур нь дараад цаашаа ортол том автомашины баруун талаар нэг мотоциклийн жолооч орж ирээд хоорондоо мөргөлдсөн.

Бид хэд автомашинаас бууж иртэл цаад талаас хоёр цагдаа ирсэн. Бид хэдийг автомашинаас бууж ирэхэд газар мотоциклийн жолооч уначихсан байж байгаад босож ирээд тэндээ суухаар нь биеийн байдлыг нь асуухад гайгүй байна гэж хэлсэн.

... Мотоциклийн жолооч гэнэт гараад ирсэн. Тэгэхдээ хурдыг нь хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн камер байхгүй байсан. Гадаа харанхуй болчихсон байсан. Тогтуун цаг агаартай, зам халтиргаа гулгаа байхгүй байсан. Мөн замын ачаалал ихтэй байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. ... Гэнэт тоормос гишгэх үед нь харахад Э- уулзварын голд ороод ирчихсэн өөдөөс нь том машин ирж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 92 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7180 дугаартай:

“1. Я.Батбаярын биед зүүн шагайн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн өсгийнд шарх, зүүн өлмийн 1,2,3,4-р шивнүүр, баруун тойгны салсан далд хугарал, баруун өвдөгний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 101-102 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2219 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 117-128 дахь тал/

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ны автомашин, техникийн үнэлгээний “... үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,288,954 төгрөг” гэсэн тайлан, зургийн үзүүлэлтүүд./хэргийн 154-158 дахь тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 688 дугаартай:

“1. Toyota Aqua маркийн 04-28 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баатарын Э- РД: ТК 92112616 нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2” Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.10. “Нэмэгдэл гэрлэн дохио нь зөвхөн сум заасан бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна.”, 8.11. Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Hynsong Comet маркийн 61-50 УРА улсын дугаартай мотоциклийн жолооч Ядамсүрэнгий Батбаяр РД:ДД97041711 нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, дэлгэцийг гэрлэн дохиотой хамт байрлуулсан байж болно. б/ “Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү нэвтрэн орохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ..” гэсэн магадлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппорогийн уулзварын замд Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, мөн дүрмийн 8.10-д заасан “Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна”, 8.11-д заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эрхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол /гэрэл дохионы зохицуулгатай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Я.Батбаяр жолоочтой Hyusong Cornet маркийн 61-50 УРА улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж Я.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Э- нь нийтийн хэрэгцээний замд автотээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зүүн гар тийш эргэх үйлдэл хийх явцдаа зүүн гар тийш эргэх нэмэгдэл гэрэл дохио асаагүй байхад хөдөлгөөнөө үргэлжлүүлж чигээрээ явж байсан автомашины урдуур хөдөдгөөнийг үргэлжлүүлэхдээ мотоцикл жолоодож явсан Я.Батбаяртай мөргөлдсөн тул түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зөвшөөрөгдөөгүй гэрэл дохиогоор уулзвар нэвтэрч замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмт хэрэг гарсан байна гэж дүгнэв.

Харин мотоцикл жолоодож явсан хохирогч Я.Батбаяр нь “Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү нэвтрэн орохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн боловч түүний энэ үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Э- нэмэлт гэрэл дохио зөрчиж уулзвар нэвтрэх үйлдэл хийгээгүй бол уг зам тээврийн осол гарахгүй байх боломжтой байжээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Э- нь Toyota Aqua маркийн ХХ-ХХ УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүй улмаас Hyusong Cornet маркийн 61-50 УРА улсын дугаартай мотоциклтой явж байсан жолооч Я.Батбаяртай мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Я.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7180 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.Батбаяр нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний зардалд 1,006,660 төгрөгийн, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөрт 114,000 төгрөгийн, тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон шууд хохирол 2,008,954 төгрөгийн баримтуудыг /хэргийн 34-42 дахь тал/ гарган өгсөн бөгөөд автомашины хууль ёсны өмчлөгч иргэний хариуцагч Г.Уянгаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нийт 3,129,614 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

Харин хохирогч Я.Батбаяр нь ажилгүй байсан хугацааны цалин 4,445,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн магадлагаа болон цалингийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй тул хохирол, хор уршигт тооцох боломжгүй.

Гэхдээ хохирогч нь дээрх хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн иргэний нэхэмжлэгч Г.Уянга нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч Я.Батбаяраас автомашинд учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн ба хохирогч Я.Батбаяр нь гэмт хэрэг гарахад ямар нэгэн гэм буруугүй тул түүнээс хохирол, хор уршиг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох оногдуулах саналыг гаргасан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Ц.Туяа болон хохирогч Я.Батбаяр, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Уянга нараас тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Естэй овогт Баатарын Э-ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Г.Уянгаас 3,129,614 төгрөг гаргуулж хохирогч Я.Батбаярт олгож, хохирогч Я.Батбаяр нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ