Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 Хэргийн индекс:166/2022/0278/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Б.Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2218000000310 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нийтийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, урьд:

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, ,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20- нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ********** байрны *-*** тоотоос Т.Б-ийн эзэмшлийн Самсунг М-12 маркийн гар утас, мөн интернэт банкаар нь дамжуулан 1.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000310 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б.Б-ы яллагдагчаар өгсөн: “...тэр айлдаа хоночихоод өглөө 05 цагийн орчим гарахдаа үүдний гутлын шкаф дээр байсан Самсунг М-12 гар утсыг аваад гарчихсан. Тухайн гар утсыг оролдож байгаад Хаан банкны интернэт банк руу нь ороход нууц үгээ сануулчихсан байхаар нь нэвтэрч ороод үлдэгдлийг нь шалгахад мөнгө байгаагүй. Тэгэхээр нь зээл авах хэсэг рүү нь ороод хэдэн төгрөгийн зээл авах боломжтой байгааг харахад 1287000 төгрөгийн зээл авах боломжтой гэж гарч ирэхээр нь 1287000 төгрөгийн зээл аваад түүнийгээ цахим орчинд покер тоглуулдаг Teslaplay.info гэх хаягаар орж тоглоомын мөнгө байршуулдаг хүний Хаан банкны 5429********** данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

Хохирогч Т.Б-ийн өгсөн: “...өглөө боссон чинь миний Сумсунг М-12 маркийн гар утас алга болсон. Гэтэл үүрээр миний утаснаас Хаан банкны интернэт банкийг ашиглаж миний дансаар 1.300.000 төгрөгийн зээл авсан байна.

“...Миний гар утас 00 цагийн үед бол байсан. Гаднаас О- Ч- нар орж ирэхэд миний утас ширээн дээр байсан. Тэгээд өглөө босоход Ч- гэх залуу гараад явахад О- бид хоёр унтаад үлдсэн. Тэгээд сэрэхэд миний гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

 

Гэрч Б.О-ийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Т.Б-ийн гэрт бид хоёр том пиво уугаад тэгээд миний таньдаг Б.Б- гэх залууг дуудаад хамт пиво уугаад Б.Б- хамт хоносон. Тэгээд өглөө 08 цагийн үед Б.Б- гараад явсан. Тэгээд дараа нь манай найз хүүхэн сэрээд Самсунг М-12 маркийн улаан хүрэн өнгийн гэртэй гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Самсунг М-12 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 2022.07.19-ний өдрийн байдлаар 400000 төгрөг байна.” /хх 20-21/,

 

Б.Ц- Хаан банкны 5429********** дугаартай дансны хуулга /хх 53-114/,

 

Шүүгдэгч Б.Б.Б-ы хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-43/, иргэний үнэмлэхийн хуулбар, бакалаврын дипломын хуулбар, Хаан банкны дансны хуулга /хх 47-50/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Б.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20- нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ********** байрны ******* тоотоос Т.Б-ийн эзэмшлийн Самсунг М-12 маркийн гар утас, мөн интернэт банкаар нь дамжуулан 1.300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн буюу хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь хохирогч Т.Б-ийн эзэмшлийн Самсунг М-12 маркийн гар утас, мөн интернэт банкаар нь дамжуулан 1.300.000 төгрөгийг хулгайлсан болох нь хохирогч Т.Б-ийн өгсөн: “...өглөө боссон чинь миний Сумсунг М-12 маркийн гар утас алга болсон. Гэтэл үүрээр миний утаснаас Хаан банкны интернэт банкийг ашиглаж миний дансаар 1.300.000 төгрөгийн зээл авсан байна.” гэх мэдүүлэг /хх 10/, гэрч Б.О-ийн өгсөн: “...өглөө 08 цагийн үед Б.Б- гараад явсан. Тэгээд дараа нь манай найз хүүхэн сэрээд Самсунг М-12 маркийн улаан хүрэн өнгийн гэртэй гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 14/, шүүгдэгч Б.Б.Б-ы хэргээ хүлээн мэдүүлсэн өгсөн: “...гарахдаа үүдний гутлын шкаф дээр байсан Самсунг М-12 гар утсыг аваад гарчихсан. Тухайн гар утсыг оролдож байгаад Хаан банкны интернэт банк руу нь ороход нууц үгээ сануулчихсан байхаар нь нэвтэрч ороод үлдэгдлийг нь шалгахад мөнгө байгаагүй. Тэгэхээр нь зээл авах хэсэг рүү нь ороод хэдэн төгрөгийн зээл авах боломжтой байгааг харахад 1287000 төгрөгийн зээл авах боломжтой гэж гарч ирэхээр нь 1287000 төгрөгийн зээл аваад түүнийгээ цахим орчинд покер тоглуулдаг Teslaplay.info гэх хаягаар орж тоглоомын мөнгө байршуулдаг хүний Хаан банкны 5429********** данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 34/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Т.Б- нь “өөрийн гар утас, 1300000 төгрөгийг бэлэн авч ямар нэгэн хохиролгүй болсон.” гэх тайлбар /хх 130/-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгч Б.Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ТӨМӨРХҮҮ