Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/279

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0241/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүгдэгч Б.Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-од холбогдох эрүүгийн 2218001860255 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаатай хорих ялаар,

-2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 00 Цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Nice баарны урд талаас О.О.И-гийн эзэмшлийн Samsung А72 маркийн гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг  мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой найзуудтайгаа “ОК” баарны хажуугаар явж байх үед гар утас дуугарсан. Тэгээд би тэр гар утсыг аваад ломбардад барьцаалан мөнгийг нь хэрэглэсэн.” гэв.

 

Эрүүгийн 2218001860255 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.О.И-гийн өгсөн: “...Тухайн үед би өөрийнхөө ягаан өнгийн Samsung А72 маркийн гар утсаа өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халаасанд хийсэн байсан юм. Ингээд уг баранд бүгдээрээ бүжиглэнгээ архи ууж байгаад уг барнаас бид нар 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цаг 50 минутын орчимд гарч ирээд машинд суугаад утсаа хайтал миний утас олдоогүй. Тухайн үед хамт явж байсан Б-, М-, О- нар миний утас руу залгахад 4 удаа дуудаад холбогдох боломжгүй болсон юм.” гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч Б.Т- өгсөн: “...Б.Т- манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ А72 маркийн гар утастай орж ирсэн юм. Би Б.Т-оос юун гар утас юм бэ гэж асуухад би сая танай гэр рүү явж байхдаа Төмөр замын 14 дүгээр байрны гаднаас олсон юм гэж надад хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.Т- манай гэрээс гарч яваад нөгөө олсон гар утсаа 18-ын автобусны буудлын хажууд үйл ажиллагаа явуулдаг "*************” ломбардад 450.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд уг мөнгөөр нь Б.Т- бид хоёр найзуудтайгаа нийлж архи пиво авч хоолонд орсон юм.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Э- өгсөн: “...Б.Т- гэж хүн ганцаараа орж ирээд Самсунг А72 маркийн гар утас 450000 төгрөгөөр барьцаанд тавиад гарсан юм. Прокурорын зөвшөөрлөөр уг гар утсыг хурааж авч байгаа тул манай байгууллагын зүгээс 450000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Samsung А72” маркийн  64GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 850000 төгрөг байна. /хх 37/,

 

Шүүгдэгч Б.Б.Т-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 53-55/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64-66/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Б.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 00 Цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах Nice баарны урд гээгдүүлсэн О.О.И-гийн эзэмшлийн Samsung А72 маркийн гар утсыг олж өмчлөгчид эргүүлэн өгөх, түүнчлэн холбогдох байгууллагад мэдэгдээгүй, өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт тогтоогдов.

 

Шүүгдэгч Б.Б.Т- хохирогч О.О.И-гийн эзэмшлийн гээгдүүлсэн Samsung A72” маркийн гар утсыг завшсан болох нь хохирогч О.О.И-гийн “...бид нар 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 23 цаг 50 минутын орчимд гарч ирээд машинд суугаад утсаа хайтал миний утас олдоогүй.” гэх мэдүүлэг /хх 19/, гэрч Б.Т- өгсөн: “...Б.Т- манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ А72 маркийн гар утастай орж ирсэн юм. Би Б.Т-оос юун гар утас юм бэ гэж асуухад би сая танай гэр рүү явж байхдаа Төмөр замын 14 дүгээр байрны гаднаас олсон юм гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 31/, иргэний нэхэмжлэгч Л.Э-н “...Б.Т- гэж хүн ганцаараа орж ирээд Самсунг А72 маркийн гар утас 450000 төгрөгөөр барьцаанд тавиад гарсан юм.” гэх мэдүүлэг /хх 24/ зэргээр хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч О.О.И- нь гээгдэл эд хөрөнгөө биед байдлаар буцаан авсан болох нь “Ягаан өнгийн Самсунг А72 маркийн гар утас 1 ширхгийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19:18 цагт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/-ээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  "*************” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газраас хохирогчийн СамсунгА72 гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул иргэний нэхэмжлэгч "*************” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол 450000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан “"*************” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б.Т-ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Б.Т-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, биечлэн эдлэх ялын хэмжээг 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас хэтрүүлэхгүйгээр эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Т-ыг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Б.Т-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас хэтрүүлэхгүйгээр эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Б.Т-од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон эдлэх ялаас нь хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б.Т-оос 450000 төгрөг гаргуулан “*************” ХХК-д олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Т-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ