| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0271/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/285 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0271/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Г.Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-т холбогдох эрүүгийн 2218000940289 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***************” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт оршин суух, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Г.Ц-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г.Ц- нь “Л.Л.Ш-” гэсэн фейсбүүк хаяг ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Покет аппликешний эрх нэмэгдүүлж өгнө” гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Ө.К-ын покет аппликешний нэвтрэх нэр, нууц үгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч түүний Покет аппликешний 42************* дугаарын данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 179 500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Эрүүгийн 2218000940289 дугаартай хэргээс:
Хохирогч Ө.Ө.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр... фейсбүүк дээр Л.Л.Ш- гэх хаягаас Поккет аппликешний зээлийн эрх нэмэгдүүлнэ гэсэн зарын дагуу миний бие үл таних хүнд өөрийн эзэмшлийн аппликешний нэвтрэх нэр, нууц үгээ өгтөл 42************* тоот дугаарын дансанд минь байсан 179 500 төгрөгийг Хаан банкны 50***************** тоот данс руу татаад авчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 12-13/,
Гэрч Б.Г-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 50***************** дугаартай дансыг 2015 онд оюутан байхад манай сургууль дээр Хаан банкны ажилчид ирэхэд нээлгэж байсан... Одоог хүртэл энэ Хаан банкны дансыг ашиглаж байгаа. Г.Ц- гэх фейсбүүк хаягаас нэг xbet аккаунт цэнэглүүлсэн. Би өөрөө xbet оросын аппликешны албан ёсны агент юм. Миний дансанд 175 000 төгрөг мөн 4 500 төгрөг орсон. Би сард хэчнээн төгрөгийн йерозй хийнэ тэрний 4 хувиар цалинждаг. Миний дансаар дамждаг болохоос би өөрөө авч ашигладаггүй.” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч Б.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Поккет аппликешнээс зээл авсан хүмүүс яг хугацаандаа авсан зээлээ төлөөд байвал түвшин ахиж зээл авах хэмжээ нь бага багаар нэмэгддэг, харин хувь хүн хэзээ ч Поккет аппликешний зээлийн эрхийг нэмэгдүүлэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх 25/,
Б.Г-Хаан банкны 50***************** дансны хуулга /хх 28/,
Шүүгдэгч Г.Г.Ц-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн оршин суух хаягийн лавлагаа /хх 80-81/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 83-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 92-94/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.Ц- нь “Л.Л.Ш-” гэсэн фейсбүүк хаяг ашиглан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Покет аппликешний эрх нэмэгдүүлж өгнө” гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон зарын дагуу холбогдсон хохирогч Ө.Ө.К-ын покет аппликешний нэвтрэх нэр, нууц үгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч түүний Покет аппликешний 42************* дугаарын данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр нийт 179 500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Г.Ц-ын үйлдэл нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч Г.Г.Ц- нь гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ө.К-ид 179500 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирллыг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчийн “...8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ий өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн, 23 хоногийг нэмж нэгтгэн нийт 8 сар 23 хоног Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах санал”, шүүгдэгч Г.Г.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Торгуулийн ял оногдуулбал би торгуулиа 15 хоногийн дотор төлж барагдуулж чадна. Би ажил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн гэр бүлийнхэн маань ч гэсэн тусалж дэмжээд өгнө. Хамгийн гол нь би энэ жил гадагшаа явж сурмаар байна. Хэрвээ надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бол миний явах боломж нэг жилээр хойшлогдоно. Иймд надад итгээд миний хүсэлтийг харж үзнэ үү.“ гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Ц-ыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Ц-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Ц- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Г.Г.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ