Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 471

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би даргалж,тусшүүхийншүүххуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэншүүххуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух, Б.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж”  салбар холбоонд холбогдох

 

“Түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөггаргуулах”тухай нэхэмжлэлийг 2018 оны6 дугаар сарын18-ныөдөр хүлээн авч,2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” уяачдын холбоо нь 2014 оноос эхлэн Баруун-Урт суманд байрлах “Т” төвийн 3 давхарт өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан. Түрээсийн гэрээг тус холбооны нарийн бичгийн дарга Ө.Хтай байгуулсан бөгөөд гэрээний дагуу төлбөр тооцоогоо хийж байснаа уг байрандаа үйл ажиллагаа явуулахаа болихын өмнөх тооцооны үлдэгдэл 1 000 000 төгрөгийг төлөхгүй шаардуулсаар өдийг хүрлээ. Иймд “Ж” уяачдын холбооноос тооцооны дутуу 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж”  Салбар холбоонд холбогдуулан “Түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” Салбар холбооны тэргүүн П.Мд шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гардуулан өгч,эрх үүрэг тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсхүл татгалзаж буй тайлбараа нотлох баримтын хамт 2018 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн дотор ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан боловч хариуцагчийн төлөөлөгч уг үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэлээ.

 

           Б.С нь хариуцагч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” Салбар холбоотой Баруун-Урт суманд байрлах “Т” төвийн 3 давхарт байрлах  32 м2 талбай бүхий өрөөг сарын 457 600 төгрөгний хөлстэйгээр түрээслүүлэх, хариуцагч нь 1 сарын хөлсийг тохиролцсон тарифаар тооцож байранд орохын өмнөх өдрүүдэд тушаах ба цаашид сар тутмын хөлсийг өмнө төлсөн хөлсний хугацаа дуусахаас календарийн 3 өдрийн урьд түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцож, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18 дугаартай түрээсийн гэрээг байгуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн,талууд гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

           Тус гэрээгээр Б.С нь түрээслэгч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” Салбар холбоонд “Т” төвийн 3 давхарт байрлах өөрийн өмчлөлийн 32 м2  өрөөг 1 м2 талбай тутамд 13 000 төгрөгөөр тооцож 416 000 төгрөг, НӨТ-тэй үнэ 457 600 төгрөгний сар тутмын хөлстэй оффисын зориулалттай ашиглуулах үүргээ биелүүлсэн, хариуцагч нь тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба 2015 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар       2 070 000 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй гарч 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 070 000 төгрөгийг төлж, 1 000 000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Н” ХХКомпанийн 2017.4.28-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдож байна. 

 

Иймд Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” салбар холбооноос түрээсийн гэрээний үүрэгт 1 000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Мд энэ өдрийн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдүүлсэн 99004014 дугаарын утсаар, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

         Нэхэмжлэгч Б.Сын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” Салбар холбооноос улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” Салбар холбооноос “Түрээсийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг”-ийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ММСУХолбооны Сүхбаатар аймгийн “Ж” Салбар холбооноос улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ст олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид  анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ