Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0272/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Э.Э.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч О.О.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш-т холбогдох эрүүгийн 2218002370277 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Ш-

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.О.Ш- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Э.Э-ийг 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***************тоотод зүүн талын шанаа орчимд 1 удаа алгадсан,

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах S and B нэртэй буудалд зүүн талын шанаа орчимд 2 удаа алгадаж зодсоны улмаас зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ************** тоотод хоолой боох, нүүр лүү нь алгадах зэргээр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 13-ний өдөр гэртээ эхнэртэйгээ гар утас булаалцаж байгаад цохисон. Дараа нь ажлынхаа хүмүүстэй буудалд унтаж байх үед нь алгадсан.” гэв.

 

Хохирогч Э.Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218002370277 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Э.Э-ийн өгсөн: “...намайг хардаад миний I Phone 12 рrоmax загварын гар утсыг голоор нь нугалаад дахин ашиглах боломжгүй болгоод надтай ноцолдож байгаад бас л миний зүүн талын шанаа руу 1 удаа алгадаж байсан. Үүний дараа надад миний утсыг эвдсэн гээд I phone 13 promax авч өгсөн. Мөн тухайн үед нөхөртөө цохиулснаас нэг их сүйдтэй гэмтэл учраагүй байсан болохоор би эмнэлэгт хандаж үзүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нөхөр S and B нэртэй буудалд миний зүүн шанаа руу 2 удаа алгадаад маргааш нь унтаж байхад миний зүүн талын чихээр хатгуулж өвдсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа унтаж болохгүй чих өвдөөд байхаар нь би Бид эмнэлэгт хандаж үзүүлэхэд миний чихний хэнгэрэг улайж хагарсан байна гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр О.Ш- найзындаа намайг зодохдоо багалзуурдаад баруун талын шанаа хэсэг рүү цохисон. Үүнээс болж миний баруун талын шанаа улайсан байсан. Дарахаар өвдөж байсан.” гэх мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч Б.Э- өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 09-ны шөнө О.О.Ш-, Б- бид 3 гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байгаад О.О.Ш- надтай цуг манайд орж хоносон. Тэгээд өдөр 13 цагийн үед манайд унтаж байтал цайны цагаараа О.О.Ш-ын эхнэр Э.Э.Э- манайд хүрээд ирсэн. Тэгээд нөхөр О.Ш-тай гадуур архи ууж айлд хонож явлаа гээд хэрүүл маргаан болоод хоорондоо хэрэлдээд байсан. ...чанга чанга дуугараад байхаар нь би том өрөөнд хэвтэж байгаад очсон чинь О.О.Ш-, Э.Э.Э- нарын хүзүү нь улайчихсан байдалтай мөн О.Ш-ын өмсөж явсан подволк нь урагдчихсан байсан. Тэгээд Э.Э- явахгүй гээд О.Ш- намайг цохисон гээд орилоод цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

Гэрч Д.Н- өгсөн: “...хэрүүл нь хурцдаад чанга чанга дуугараад байсан. Тэгээд би яваад очсон чинь тэр О.Ш- эхнэр Э.Э-ийн хүзүү хоолой хавиас нь барьсан Э.Э- подволкноос нь татсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 27/,

 

Гэрч П.М- өгсөн: “...Дархан сумын **************тоотод байж байхад хүргэн О.Ш- гаднаас согтуу орж ирээд эхнэр Э.Э-тэйгээ муудалцаж улмаар бас нүүр лүү нь алгадаж байсан. Э.Э- надад хэлэхдээ би найзуудтайгаа баар хаагаад Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг S and B буудалд байж байхад гаднаас орж ирээд шууд 2 удаа алгадаад унагаасан гэж хэлсэн. Тухайн үед Э.Э-ийн зүүн хацар, шанаа хэсэг нэлэнхийдээ хөхөрч улайсан мөн хавдсан байсан. Харин энэ үед О.Ш- надад ярихдаа Э.Э- буудалд согтуу орон дээр хэвтэж байхаар нь би алгадчихсан гэж хэлээд надтай бас маргаан үүсгээд байсан. Тэгээд тэр шөнө гэртээ хариад маргааш Э.Э- эмнэлэгт үзүүлэхэд хэнгэрэг нь хагарсан гэж хэлж байсан. Намайг Орхон аймагт байхад охин Э.Э- надтай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр утсаар яриад нөхөр О.Ш- гэртээ ирэхгүй гадуур архи уугаад айлд байхаар нь очсон чинь намайг багалзуурдаад нүүр рүү 2-3 удаа цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 29-30/,

 

Гэрч Г.Б- өгсөн: “...О.Ш- орж ирээд Э.Э- дээр очоод битгий давраад бай гэж хэлээд зүүн талын шанаа чих хэсэг 2 цохих шиг болоод тэгээд М- бид хоёр салгаж холдуулсан. Харин энэ үед Э.Э- О.Ш-т хандаж чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ? Би ямар эрэгтэй хүмүүстэй байгаа биш ажлын 2 эгчтэйгээ сууж байна шүү дээ гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

Гэрч Б.М- өгсөн: “...Э.Э-ийн нөхөр О.Ш- хаалга нүдээд байхаар нь онгойлгохгүй байсан чинь буудлын ресейпшн дагуулж буудлын хаалга онгойлгуулаад орж ирэхэд буудлын 2 орон дээр Э.Э-, Болор бид 3 өөдөөсөө хараад сууж байсан. Гэтэл Э.Э-ийг нөхөр О.Ш- нь уурлаад Э.Э-ийн зүүн талын чих рүү алгадчихсан тэгэхэд Б- бид 2 нөхрийг нь салгахад дийлдэхгүй Б- бид хоёрыг ор луу түлхчхээд Э.Э-ийг аваад гарсан юм. Нэг удаа гараараа зүүн талын шанаа орчим руу нь алгадаад тэгээд Э.Э-ийг чирээд аваад гарчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 42/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Э.Э.Э-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, нүүр болон хүзүү хоолойнд цус хуралт тогтоогдлоо.

-Э.Э.Э-ийн биед тогтоогдсон зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь 2022.02,08-нд үүссэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Э.Э.Э-ийн биед тогтоогдсон нүүр болон хүзүү хоолойнд цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Э.Э.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 47-48/,

 

Шүүгдэгч О.О.Ш-ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа /хх 81-85/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.О.Ш- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Э.Э-ийг 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***************тоотод зүүн талын шанаа орчимд 1 удаа алгадсан, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах S and B нэртэй буудалд зүүн талын шанаа орчимд 2 удаа алгадаж зодсоны улмаас зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ************** тоотод хоолой боох, нүүр лүү нь алгадах зэргээр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг,  “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

 

 

Шүүгдэгч О.О.Ш- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Э.Э-ийг үл ялих зүйлээр шалтаглан 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***************тоотод зүүн талын шанаа орчимд 1 удаа алгадсан, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах S and B нэртэй буудалд зүүн талын шанаа орчимд 2 удаа алгадаж зодсоны улмаас зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ************** тоотод хоолой боох, нүүр лүү нь алгадах зэргээр тус тус байнга зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тус тус  шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч О.О.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Э.Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба эмчилгээ хийлгэж хэнгэрэг битүүрсэн,  “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг өгч байх тул шүүгдэгч О.О.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч Г.Уянгын “...500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Ш-ыг 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх санал”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэх санал, шүүгдэгч О.О.Ш-ын  “Боломжтой бол намайг ялаас тэнсэж шийдвэрлэхийг хүсэж байна. Мөн торгуулийн ялыг төлөх боломжтой байгаа” гэх тайлбар болон шүүгдэгч О.О.Ш-ын чин санаанаас гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “хохирогч Э.Э.Э-ийн бие давхар болсон, нөхөр О.О.Ш-ыг уучилсан” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.О.Ш- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Ш-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.О.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.О.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Ш-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.О.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.О.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ