Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 659

 

106/2019/0372/Э

 

 

 

 

 

2019           7              2                                             2019/ДШМ/659                                                

 

Б.Х  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмяржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Б.Х  ын өмгөөлөгч Д.Ганхуяг,  

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х  ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1805039280883 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ын Х  , ..................оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

Б.Х   нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 66 дугаар байрны 2 дугаар орцны гадаа иргэн Ж.Амарбаясгалангийн хэвлий тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Х  ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Х  ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х  ын энэ хэрэгт цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Х  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өргөн нь 16-18 мм, урт нь 8 см бор шаргал өнгийн мод мэт оруулгатай бариул хэсэг нь 11 см, нийт 19 см урттай хутга 1 /нэг/ ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Х   бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч Ж.Амарбаясгалан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Х   гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх бүхий л хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүй, мөрдөгч болон прокурорын дуудсан цагт тогтмол очдог байсан. Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Цагаан овоо суманд амьдардаг ба том охин 3 настай, бага хүү 6 сартай. Хөдөө орон нутагт ажил олдох нь ховор учраас эхнэр, хүүхдээ тэжээхийн тулд хотод ажил хийж яваад энэ хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна.

Хохирогч болох Ж.Амарбаясгалангийн нэхэмжилсэн 450,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн хэргийн хариуцлагыг зохих ёсоор хүлээж, эдэлж дуусгаад ард үлдсэн бяцхан хүүхдийнхээ төлөө үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөн, сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдэж алдаа гаргасан ба ял шийтгэл эдэлж байгаагүй. Хэдийгээр алдаа гаргаж хүн гэмтээсэн ч хоёр хүүхдийнхээ итгэл найдвар нь, ирээдүй нь надаас шалтгаалах учраас тэдний төлөө ажиллах нэг хоног ч надад маш чухал. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг зохих хэмжээгээр багасгаж өгөхийг та бүхнээс хүсэж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Х  ын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч 3-6 насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. ...” гэв.

 

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Х   нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 66 дугаар байрны 2 дугаар орцны гадаа иргэн Ж.Амарбаясгалангийн хэвлий тус газар хутгалж, эрүүл мэндэд “...аюулхайн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун мөрний дээд хэсэг дэх зулгаралт, цус хуралт...” бүхий хүнд гэмтлийг учруулсан болох нь:

хохирогч Ж.Амарбаясгалангийн “...2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 66 дугаар байрны ойролцоох гаражийн хажууд Х   ахтай хамт “Боргио” найман шилийг орой хүртэл уусан. Мөн нэмээд нэг том пиво авч уусан. Ууж дуусаад Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 66 дугаар байрны 2 дугаар орцонд очсон. Гэтэл Х   ах найз Сэр-Одын хүүхдийг тоглоомоор айлгаад байхаар нь би Х  ыг “болиоч” гэж хэлсэн чинь Сэр-Од Х  ыг харсан байсан. Шууд ирээд Х  ыг Сэр-Од цохисон. Гэтэл Х   уурлаад Сэр-Одын жижүүр хийдэг өрөө рүү ороод хоол хийдэг хутга авч гарч ирээд Сэр-Одыг хутгалах гэж дайрсан. Би голоор нь ороод салгах гэтэл миний гэдэс рүү 1 удаа хутгалсан. ...” /хх 121-122/,

шүүгдэгч Б.Х  ын “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 86/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9298 дугаартай “...Ж.Амарбаясгалангийн биед аюулхайн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун мөрний дээд хэсэг дэх зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс аюулхайн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хураа нь ир үзүүр бүхий зүйлийн баруун мөрний дээд хэсэг дэх зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс аюулхайн хэсэг дэх хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун мөрний дээд хэсэг дэх зулгаралт, цус хуралт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 39/ гэх шинжээчийн дүгнэлт,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Х  ын хохирогч Ж.Амарбаясгалангийн хэвлийн хэсэгт хутгалж, хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Х   “...Оногдуулсан 5 жилийн хорих ялыг зохих хэмжээгээр багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэнэ...” гэж заасан ба шүүгдэгч Б.Х  тус ялын доод хэмжээ болох 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х  ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМЯРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ