Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овгийн ...-гийн ...т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... оршин суух, одоо Дорноговь аймгийн .... тоотод түр оршин сууж байгаа, ... ялаар шийтгүүлж, ... суллагдсан, ... овогт -гийн ...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод байрлах иргэн Э.Э-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд гэрийн эзэд нь унтаж байх хойгуур нь онгорхой цонхоор нэвтэрч, 500,000 үнэлгээ бүхий Iphone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үедээ хаягийг нь мэдэхгүй нэг айлын цонхоор нь орж ширээн дээр байсан гар утсыг хулгайлаад гэртээ ирж унтсан. Цонхоор нь ороход харанхуй байсан. Би асаагуурын гэрэл тусгаж байгаад харсан чинь цонхны доор байсан ширээн дээр гар утас байхаар цааш явалгүй гар утсыг аваад орсон цонхоороо эргэж гараад явсан. Гар утасны марк мэдэхгүй хар өнгийн тоочтой утас байсан. Би авсан гар утсаа эзэнд нь хүлээлгэн өгсөн, зарж үрээгүй гэжээ. / хх-ийн 37-38/                  

Шүүгдэгч А. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр шөнө архи уусан. Согтуугаар айлын цонхоор нь орж утас авч байсан. Өглөө нь залгахаар нь утсыг чинь авчихсан байна уучлаарай гээд аваачиж өгтөл цагдаа дуудсан байсан. Утсыг нь буцаан өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн нөхөр Ц-ийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоот хашаа байшинд амьдардаг юм. 2022 оны 07 сарын 25-ны 23 цаг өнгөрч байхад гэрийнхээ хойд өрөөнд нөхрийн хамт газраар ор засаад унтацгаасан. Би унтахдаа өөрийн Iphone X загварын гар утсаа дэрнийхээ хажууд тавиад унтсан. Тэгээд 2022 оны 07 сарын 26-нд үүрийн 04 цаг өнгөрч байхад нойр сэргээд сэрэхэд гар утас маань байхгүй алдагдсан, өрөөний хойно байрлах цонхны доор байсан ширээн дээр хүн гишгэсэн гутлын шорооны мөр байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. 2021 онд гар утсаа хувиараа зардаг хүнээс шинэ Iphone X загварын гар утсыг 1,150,000 төгрөгөөр худалдан авч байсан гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч Э.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхрөө 2022 оны 07 сарын 25-наас 26-нд шилжих шөнө гудамжнаас олж уулзахад загварын мэдэхгүй гар утас барьж явсан. Тухайн гар утсыг хаанаас яаж олсныг би мэдэхгүй гэжээ. /хх-ийн 21-22/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5/

7Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 07-09/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 28-30/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 45/ 

Шийтгэх тогтоолын хуулга /хх-ийн 47-55/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-60/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 62-63/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 25-наас 26-ны шилжих шөнө Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод байрлах иргэн Э.Э-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд гэрийн эзэд нь унтаж байх хойгуур нь онгорхой цонхоор нэвтэрч, 500,000 үнэлгээ бүхий Iphone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Э-ийн /хх-ийн 13-14/, гэрч Э.А /хх-ийн 21-22/ нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /07-09/, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-30/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-60/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч А.М нь хохирлоо биет байдлаар нь бүрэн төлж барагдуулсан болох нь эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 58-60/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт -гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А-ийн М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б