Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 445

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч:  “ЧБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: УА ЗД олбогдох,

      Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 72.216.496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны  1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

       Нэхэмжлэгч “ЧБ” ХХК-ийн захирал Ж.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь барилгын зураг төсөв хийж гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд анх 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн үеийн Увс аймгийн Засаг дарга Э.Ц гэдэг хүнтэй “Зураг төсөв боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ”-г байгуулж байсан. Уг гэрээ ёсоор манай байгууллага нь Увс аймгийн Улаангом сумын төвд баригдах Улаангом коллежийн 300 хүүхдийн дотуур байрны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэхээр болсон ба Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь уг гэрээт ажлын буюу зураг төсөл боловсруулах ажлын үнэ болох 99.216.496,86 төгрөгийг манай компанид төлж барагдуулахаар болсон. Мөн уг гэрээний “Захиалагчийн эрх, үүрэг”-ийн 2.3 дахь хэсэгт “...Энэхүү гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор зураг төслийн үнийн 25 хувь буюу 24.800.000 төгрөгийг...” захиалагч тал нь гүйцэтгэгч талд төлж барагдуулахаар заасан ба зураг төсөл хүлээж авснаар үлдсэн 75 хувь буюу 74.416.436,86 төгрөгийг 5 хоногийн дотор гүйцэтгэгчид тус тус төлөхөөр заасан. Гэтэл уг гэрээний захиалагч тал болох Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүйгээс болж, гэрээний биелэлт саатаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ батлагдсан өдөр болох 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 3 хоногийн дотор буюу 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 24.800.000 төгрөгийг төлөх ёстой байтал үүнээс бараг 1 жил, 1 сарын дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анхны төлбөр болох 27.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь манай компанид төлсөн билээ. Тиймээс дээрхи гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин шинэчлэн байгуулсан бөгөөд энэ үед Увс аймгийн Засаг даргаар Д.Ц гэдэг хүн ажиллаж эхэлсэн учраас, энэ хүнтэй манай компани гэрээг шинэчлэн байгуулж байсан. Шинэчлэгдсэн гэрээний “Захиалагчийн эрх, үүрэг”-ийн 2.3 дахь хэсэгт “...Энэхүү гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор зураг төслийн үнийн 50 хувь болох 49.600.000 төгрөгийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд төлж барагдуулахаар болсон ба зураг төслийг актаар хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор үлдсэн 50 хувийг төлөхөөр тус тус зааж өгсөн билээ. Мөн гэрээний нийт үнийн дүнг 99.216.496 төгрөг болгосон. Энэхүү 99.216.496 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 27.000.000 төгрөгөө хасвал цаана нь 72.216.496 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ мөнгөө өнөөдрийг хүртэл дээрх гэрээний захиалагч тал нь гүйцэтгэгч талдаа төлж барагдуулаагүй байна. Ийнхүү манай компани нь Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай “Зураг төсөв боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ”-г 2011, 2013 онуудад байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл гэрээний захиалагч тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул өнөөдөр бид энэ асуудлыг шүүхийн байгууллагад хандан тавихаас аргагүй байдалд хүрлээ. Хамгийн сүүлд манай компанийн удирдлагаас Увс аймгийн Засаг дарга Д.Б, Засаг даргын орлогч Т.Н, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Н зэрэг албан тушаалтнуудтай нэлээд олон удаа уулзаж, гэрээт ажлын үнэ хөлсийг яаралтай шилжүүлж өгөхийг хүссэн. Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Б “Наад мөнгө чинь улсын төсөвт суутгагдаагүй учраас бид төлж чадахгүй байна. Тиймээс та нар наад асуудлаараа шүүхийн байгууллагад хандсан нь дээр байх аа” гэсэн хариуг өгсөн. Манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ 100 хувь биелүүлж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд дээрх барилгын зураг төслийг иж бүрэн дуусгаж, Улсын эпспертизээр батлуулан, захиалагч талд бүрэн хүлээлгэж өгсөн. Иймд “Зураг төсөв боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ”-нд заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын үнэ болох 72.216.496 төгрөгийг Увс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас яаралтай гаргуулан, манай компанид олгож өгнө үү” гэжээ. 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компанийн зүгээс маш олон удаа аймгийн удирлагууд болон Улаангом политехник коллежийн үе үеийн захирлууд, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтэнгүүдтэй уулздаг, ажлын хөлсөө шаарддаг байсан. Гэрч Г.Д-ийн мэдүүлэгт хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргатай очиж уулзан, хөлсөө нэхэмжилж байсан гэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Мөн гэрээний хувьд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг анх 57.382.000 төгрөгийн өртөгтэй байхаар байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэлдээ буруу буюу 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний хавсралтыг хавсаргасан байна гэдгийг хэлж байсан. Хариуцагч талаас 2012 оны гэрээг он, сарын хувьд засвартай гэж маргаж байгаа боловч тухайн гэрээний агуулгаас нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэдгийг дүгнэх боломжтой. 2012 оны гэрээг нэхэмжлэлдээ 2013 оны гэрээ гэж бас буруу бичсэн байна гэсэн тайлбар өгсөн. Түүнчлэн 2012 оны гэрээний үнэ нь 99.216.496 төгрөгийн өртөгтэй болсон талаар тодруулахад тухайн үед барилгын зураг төслийн ажлын жишиг үнэлгээг Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан шинэчилсэн үнэлгээг баримталсан тул ажлын хөлс өндөр болсон, үүний дагуу аймгийн Засаг дарга байсан Д.Ц-тэй гэрээг шинэчлэн байгуулсан гэж тайлбарласан. Иймд гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, захиалагч гэрээний дагуу ажлын хөлсийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.  

      Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Аймгийн Засаг дарга Д.Ц-тэй байгуулсан гэх гэрээ нь он, сарын хувьд засвартай тул түүнийг албан ёсны гэрээ гэж үзэх боломжгүй. Харин 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд 57.382.000 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулагдсан байх ба 2012 оны 12 дугаар сард гэрээний үнийн 50 хувь буюу 27.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн талаарх мэдээлэл надад байна. Мөн гэрээний дагуу ажлын үр дүнг 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх боловч захиалагч тал болох аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын зургийг хүлээлгэн өгсөн гэх зүйл байхгүй гэдгийг тус газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 84 тоот албан бичгээс харж болно. Хэрэв 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлын зургийг хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч “ЧБ” ХХК-ийн шаардах эрх 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн ба 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болжээ. Энэ хугацаанд болон өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний захиалагч тал буюу аймгийн Засаг даргад албан бичгээр хандаж, албан бичгээр хариу авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Нөгөө талаар, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд “ЧБ” ХХК нь гэрээний нэг тал биш, хөндлөнгийн Улаангом политехник коллежийн захирлуудтай уулзаад, тэднээс хөлсийг шаардаж байсан тухай дурдсан байна. Мөн гэрч Ц.Б-ийн мэдүүлэгт “Би 2013 оны 6 дугаар сард тэтгэвэртээ гарсан” гэсэн мөртлөө хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажлыг 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан байх боломжгүй байна. Тэгтэл Ц.Б-ийн дараа захирлаар томилогдсон Ж.Б нь “Ажлын үр дүнг би хүлээн авсан” гэж мэдүүлсэн байна. Тэгэхээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай таарахгүй байгааг анзаарах шаардлагатай байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт “ЧБ” ХХК-иас албан бичгээр хандаж, хөлсөө нэхэмжилж байсан, аймгийн Засаг даргаас хариу өгсөн гэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ЧБ” ХХК нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 72.216.496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.      

              Хэрэгт Увс аймгийн Засаг дарга Э.Ц, “ЧБ” ХХК-ийн захирал Ж.М нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Увс аймгийн Улаангом сумын төвд баригдах Улаангом коллежийн 300 хүүхдийн дотуур байрны барилгын зураг төсөл боловсруулах ажил. Зураг төсөв боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ”[1] байгуулагдсан байх ба  Улаангом коллежийн 300 хүүхдийн дотуур байрны барилгын зураг төсөл боловсруулахдаа ажлын хөлсийг 57.382.000 төгрөгөөр тогтоож, гэрээний үнэ буюу ажлын хөлсийг тухайн үед мөрдөгдөж байсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ БД81-16-00*2007”-г баримтлан тогтоосон байна.

     Гэтэл “Зураг төслийн ажлын жишиг үнэ БД81-16-00*2007”-д 2012 онд өөрчлөлт орж, “Зураг төслийн ажлын жишиг үнэ БД81-16-12” гэсэн баримт батлагдаж, мөрдөгдсөнөөс үүдэн “Чулуутын багш” ХХК болон Увс аймгийн Засаг дарга Д.Ц-тэй 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн нэр бүхий гэрээг[2] байгуулахдаа гэрээний үнэд өөрчлөлт оруулж, 99.216.496,86 төгрөг байхаар тогтоож, гэрээний 2.3-т зааснаар “... Энэхүү гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор зураг төслийн үнийн 50 хувь болох 49.600.000 төгрөгийг, зураг төслийг актаар хүлээн авсанаас хойш 5 хоногийн дотор үлдсэн 50 хувийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасны дагуу 2012 оны 12 дугаар сард 27.000.000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн авсан, хариуцагч тал уг мөнгийг төлсөн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд тайлбарлаж, мөн гэрч Ц.Б-ийн “2012 онд ажлын хөлсийн 30 хувийг төлсөн гэсэн”[3] гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул сүүлийн буюу 2012 оны гэрээг талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2012 оны гэрээ огнооны хувьд засвартай тул түүнийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй” гэж маргаж байгаа боловч тухайн 2012 оны гэрээ агуулгын хувьд 2011 оны гэрээтэй тохирч байгаа, зөвхөн гэрээний үнэд шинэ нөхцөл байдал буюу жишиг үнэд өөрчлөлт орсны үндсэн дээр гэрээний үнэ 99.216.496,86 төгрөг болж өссөн, тухайн гэрээ хүчин төгөлдөр байна.

Нөгөө талаар, нэхэмжлэлд “2013 онд 2 дахь гэрээ байгуулсан” гэж бичигдсэн байх боловч нэг талаас захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Ц нь 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай аймгийн Засаг даргын 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 тоот захирамж[4] хэрэгт авагдсан, түүнчлэн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлын үр дүнг хүлээлцсэн акт[5] үйлдэгдсэн, мөн “Чулуутын багш” ХХК-иас зураг төслийн ажлыг Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 806/2013 тоот “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт” гаргуулж, баталгаажуулсан байх тул Увс аймгийн Засаг дарга Д.Ц-тэй байгуулсан гэрээг “2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр” бус, харин 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар буруу бичигдсэнийг шүүх хуралдаанд мөн тайлбарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Өөрөөр хэлбэл, 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Увс аймгийн Улаангом сумын төвд баригдах Улаангом коллежийн 300 хүүхдийн дотуур байрны барилгын зураг төсөл боловсруулах ажил. Зураг төсөв боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ”[6] байгуулагдаж, гэрээний үнэ 99.216.496 төгрөг байхаар тогтоосон, нэхэмжлэгч 27.000.000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сард хүлээн авсан[7], гэрээний дагуу үлдэх ажлын хөлс 72.216.496 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэгч гэрээний дагуу зураг төслөө 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр магадлан дүгнүүлж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгчээ.

Харин хариуцагч “Гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн маргасан ба хэрэгт авагдсан гэрч Г.Д-ийн “Би хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөнгөө авъя гэж нэхсэн, ер нь олон удаа нэхдэг байсан, Улаангом коллежийн захирлуудтай уулзаж бас нэхдэг байсан, Д.Б даргатай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр очиж, өрөөнд нь уулзаж байсан. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Н-тай уулзсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн “Би энэ мөнгийг гаргуулж өгөх талаар хөөцөлддөг байсан, аймгийн Засаг дарга Д.Ц-нд энэ талаар танилцуулж, ажлын хөлсийн 30 хувийг өгүүлсэн. 2012 онд ажлын хөлсийг улсын төсөвт суулгах талаар хөөцөлдсөн боловч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас болж, төсөвт суулгаж чадаагүй. Би тэтгэвэрт гарахдаа дараагийн захирал Ж.Б-д энэ бүхийг хүлээлгэн өгсөн. Одоогийн аймгийн Засаг дарга Д.Б бас энэ талаар мэдэж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-ын “Би 2013 онд Улаангом коллежийн захирал болоод тухайн зураг төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн. “ЧБ” ХХК-ийг төлөөлж Г.Д гэдэг хүн надтай ярьдаг байсан. 2013, 2014 оны үед мөнгөө нэхдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын “Би 2016 онд Улаангом коллежийн захирал болсон. 2016 оны өвөл нэг удаа л утсаар ярьж “танайд дутуу төлбөр үлдсэн байна” гэж ярьсан”  гэх мэдүүлэг, гэрч Ж.Д-ын “Тус компанийг төлөөлж ерөнхий инженер гэх хүн, нэрийг нь мэдэхгүй, 3 дугаар сарын эхээр надтай уулзаж, ажлын хөлсийн талаар ярилцсан ба би тухайн үед “2018 оны төсөвт суугдаагүй тул захиалагч талтайгаа төлбөрийн асуудлаа хэлэлцэх нь зөв” гэж хариу өгсөн” гэх мэдүүлгээс үзэхэд “ЧБ” ХХК нь нэгдүгээрт, захиалагч буюу Увс аймгийн Засаг дарга, эсхүл Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж,  ажлын хөлсийг нэхэмжилж байгаагүй, мөн тухайн захиалагч талаас бичгийн хариу авсан гэх баримт хэрэгт авагдаагүй, хоёрдугаарт, “ЧБ” ХХК-иас гэрээний нэг тал биш этгээд буюу Увс аймгийн Улаангом коллежийн үе үеийн захирлууд, Сангийн яамны мэргэжилтэн гэх хүмүүсээс ажлын хөлсийг нэхдэг байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ЧБ” ХХК-иас 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгсөн, гэрээний 2.3-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор захиалагч хөлсийг төлөх үүрэг хүлээсэн юм бол 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгчид гэрээний дагуу шаардах эрх үүссэн ба хэрэгт авагдсан баримтаар уг хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн зүйлийн 76.2-т “... шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан.... үеэс үүснэ” гэж тус тус заасан тул 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойших 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болжээ.   

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Засаг даргад холбогдох, “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 72.216.496 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “ЧБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “ЧБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519.033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Засаг даргад холбогдох, “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 72.216.496 /далан хоёр сая хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “ЧБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “ЧБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519.033 /таван зуун арван есөн мянга гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА