| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0079/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/81 |
| Огноо | 2022-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ренчин овогт Хүрэлийн Батболдод холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум .... газар нугалдаг, ... овогт -ийн Б. /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас хойш 30 орчим километрийн зайд Харуулт гэх газар луу явах замдаа 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 21 цагийн үед өөрийн эгч Х.Б С.А элдвээр хэлж, үснээс нь зулгаасан гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр, цээж хэсэгт нь гараараа 4-5 удаа цохих, хоолойг боох зэргээр зодож, хоёр нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн хацар, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 29-ний өдөр манай эхнэр Б, эхнэрийн эгч А, түүний нөхөр Д нарын хамт Замын-Үүд сум руу эмнэлэгт шинжилгээ өгөх ажлаар яваад орой 17 цагийн орчим Эрдэнэ суманд ирсэн. Ирэх үед миний төрсөн эгч болох Б нь сумын төв дээр байсан бөгөөд хүүхдийнхээ хөдөө гэр рүү явна гээд бид нартай хамт машинд суун хөдөө гэрлүүгээ хөдөлцгөөсөн. Эрдэнэ сумаас зүүн хойш 30 км орчим зайтай газар ирж зогсоод Б, Б, Д, А нар гадаа сууж байгаад нэг шил архи хувааж уусан. Архийг ууж дуусгаад 21 цагийн орчим цааш хөдөлсөн. Архи уугаад сууж байх үедээ Б, Б, А нар хоорондоо маргаад байх шиг байсан. Яг юунаас болсныг би сайн мэдэхгүй байна. Тэгээд машинд суугаад хөдлөх үеэр Б Б руу янз бүрээр хэлээд маргалдаад байхаар нь би Б-гийг чимээгүй бай гэхэд тоохгүй маргалдаж байгаад А-ын үснээс зулгаагаад эхэлсэн. Тэгэх үед А надад хандан миний үснээс тавиулаад өг гэхээр нь би машинаа зогсоогоод Б-т боль гэж хэлсэн чинь тоохгүй үсийг нь зулгаагаад огт тавихгүй байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд Б-ийн нүүр хэсэгт гараараа 4 удаа цохисон чинь Б А-ын үснээс нь тавьсан. Тэгээд би цааш хөдлөөд Б-ийн хүү болох Б-ий хөдөө гэрт буулгаж үлдээгээд цаашаа явсан. Х.Б-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 63/
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 07 сарын 29-ний өдөр Эрдэнэ сум дээрээ байсан юм. Тэр өдөр манай дүү Х.Б өөрийн эхнэр Баяржаргалын хамт Замын-Үүд суманд очиж эрт илрүүлэг шинжилгээнд орчхоод ирсэн. Тэгээд Х.Б нь хөдөө гэр рүүгээ явна гэхээр нь би өөрийн том хүү Б-ийнд очих гээд машинд нь дайгдаад хөдөө гэр рүү нь явсан. Х.Б нь өөрийн эхнэр Б, А, Д нартай хамт явж байсан. Тэгээд би машинд нь суугаад нийт тавуулаа хөдөө явсан. Тэд замдаа нэг шил архи гаргаж ирээд тухайн архинаас Б, А, Д бид 4 хувааж уусан. Гэтэл архи дуусах үед А нь намайг гуталчин хүний дэвсгэр болж явдаг гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд машин хөдөлж бүгд машиндаа суугаад явж байх үед мөн адил доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд А-ын үснээс зулгаагаад авсан. Тэр үед бүгд болиулах гэхээр нь би үснээс тавиагүй. Гэтэл Б нь үснээс нь тавиач пизда минь гэхээр нь мөн тавиагүй. Тэгсэн чинь Б машинаа зогсоогоод хойд хаалгаа онгойлгоод чамайг алаад хаячихъя гээд миний нүүр рүү гараа зангидаж байгаад 4-5 удаа цохисон. Мөн миний цээж хэсэгт цохиж хөхөрсөн. Тэгээд би толгойгоо хамгаалах гэхэд миний хоолойг боож ухаан алдуулсан. Миний тархи хөдөлсөн, толгой байнга өвдөнө, 2 нүд бүрэлзэж, үүдэн шүд хөдөлсөн, 2 талын шанаа хөндүүр, нүүр тэр чигтээ хөхрөлттэй, зүүн талын нүдэнд цус хурсан, цээж хэсэгт маш хөндүүр хөхөрсөн, бие тэр чигтээ хөндүүр зовуурьтай байна. Яг хэдэн удаа цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Ухаан санаа орж гараад байсан. Мөн хоолой боосны улмаас ухаан алдсан. Миний санаж байгаагаар 4-5 удаа гараараа толгой хэсэгт цохисон. Нэхэмжлэх зүйл байна. Томограф зургийг 120,000 төгрөг, Замын-Үүд суманд ирсэн зардал 40,000 төгрөг болон цаашид шүдээ эмчлүүлэх мөнгөө нэхэмжилмээр байна гэжээ. /хх-ийн 11-15/
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Болор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Х.Батчимэгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Х.Батчимэг нь 2022 оны 08 сарын 05-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 30.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Б-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 19-21/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр эрт илрүүлэг аяны хүрээнд өөрийн дүү Баяржаргал мөн түүний нөхөр Б нарын хамт Замын-Үүд сум руу явж эмнэлэгт шинжилгээ өгөөд буцаж 17 цагийн орчимд суманд ирсэн. Ирээд бид хэд хөдөө гэр рүүгээ явах гэж байтал Б нь дайгдаж хөдөө гэр рүүгээ явахаар болсон. Тэгээд бөөндөө машиндаа сууж 19 цагийн орчимд сумаас гарч замдаа зогсож Б, Б, Д бид дөрөв нэг шил архи хувааж уусан. Б тээврийн хэрэгсэл жолоодож байсан тул архинаас уугаагүй. Гэтэл Б нь Б-од хандан “Б-оо энэ А намайг өвөл юу гэж хэллээ” гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би “та юу яриад байгаа юм бэ, хүн машин бариад явж байхад нь саад болохоо боль” гэж хэлтэл миний үснээс зулгаагаад толгой доошоо дарчихсан. Би “миний үсийг тавь” гэж зөндөө хэлсэн боловч зулгаагаад байсан. Тэгэхээр нь би Батболдод хандан “миний үсийг тавиул өвдөж байна” гэж хэлсэн. Гэтэл Б машинаа зогсоогоод “тавьж” гэж хэлсэн боловч Б миний үснээс тавихгүй байсан. Тэр үед Б уурлаж машины хойд хаалгыг онгойлгож ирээд Б-ийн нүүр рүү хэд хэд удаа цохиод авах шиг болсон. Би үсдүүлээд доошоо дарагдчихсан байсан тул харж чадаагүй. Тэгээд үсээ тавиулаад урд суудал руу шилжиж суугаад харах үед Б-ийн нүүр хэсэг хавдсан байгаа харагдсан. Мөн Б нь дахин юу ч дугараагүй. Тэгээд би гэртээ буугаад үлдсэн гэжээ. /хх-ийн 30-31/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай нөхөр Батболд мөн миний эгч А, түүний нөхөр Д нарын хамт Замын-Үүд сум руу явж шинжилгээ өгөөд 17 цагийн орчимд Эрдэнэ суманд ирсэн. Ирээд хөдөө гэр рүүгээ явах гэтэл Б эгч дайгдаад хүүгийндээ бууна гээд хамт явсан юм. Сумын төвөөс зайдуу гарч замдаа зогсож А, Д, Б бид 4 нийлж 1 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад хөдлөх үед Б эгч согтсон бололтой хойд суудал дээр А эгч, Д ах нарын хамт явж байгаад Б-ын араас үглээд байх шиг байсан. Гэтэл Б эгч А эгчийн үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан байсан. Тэгээд бүгд үснээс тавь гэж шаардахад огт тавихгүй үснээс зулгаагаад байсан. Тэр үед Б машинаа зогсоож, хойд хаалгыг онгойлгон хэд хэдэн удаа “үснээс нь тавь” гэж шаардсан. Тэгээд үснээс тавихгүй байсан тул Батболд Б-ийг зодсон. Тэгээд салгасны дараа Б-ийг хүүгийнх нь гэрийн гадаа буулгаж үлдээсэн гэжээ. /хх-ийн 34-35/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Шинжээчийн 2022 оны 08 сарын 08-ны 02/0360 дугаартай дүгнэлтэд 1.Х.Б-ийн биед хоёр нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн хацар, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47-48/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-59/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 68/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, Эрдэнэ сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70, 72, 74/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 25-ны өдрийн 19/31 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 82-83/
Хохирлын тооцоо, хохирогч Х.Батчимэгийн эмчилгээний зардал, замын зардал шилжүүлсэн ХААН банкны хуулга /хх-ийн 84, 87-88/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 89-90
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 92/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 35 дугаартай тогтоол /хх-ийн 93-94/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 95-96/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Х.Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас хойш 30 орчим километрийн зайд Харуулт гэх газар луу явах замдаа 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 21 цагийн үед өөрийн эгч Х.Б-ийг С.А-ыг элдвээр хэлж, үснээс нь зулгаасан гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр, цээж хэсэгт нь гараараа 4-5 удаа цохих, хоолойг боох зэргээр зодож, хоёр нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн хацар, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Б-ийн /хх-ийн 11-15/, гэрч С.А-ын /хх-ийн 30-31/, гэрч С.Б-ын /хх-ийн 34-35/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 сарын 08-ны 02/0360 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Б гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Х.Б нь эмчилгээний зардалд 160,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байна.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 30,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 30,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа. ... хохирогч Х.Б нь 2022 оны 08 сарын 05-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 30.000 төгрөгийн зардал гарсан яллагдагч Х.Б-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 25-ны өдрийн 19/31 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 82-83/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Б нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 30,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.
Шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлт болон цалин орлогын байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт -ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс өгсөн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-оос 30,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд тушаасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б-т төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б