Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 446

 

 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 11-23 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ78082506, Хольдог овогтой Хулнаагийн Мандахын нэхэмжлэлтэй, 

 Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 11-23 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ78122919, Шаавай овогтой Бэчээгийн Дашид холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Мандах, хариуцагч Б.Даш /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Х.Мандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Даштай 2000 онд гэр бүл болсон ба бидний хамтын амьдарлын хугацаанд 2001 онд Д.Алтанхүү, 2003 онд Д.Баяндалай, 2005 онд Д.Загиржав, 2007 онд Д.Шинэбаяр нар төрсөн. Миний бага 2 хүү хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг. Хамтын амьдралын эхний жилүүдээс Б.Даш нь намайг удаа дараа янз бүрээр доромжилдог байсан ба бид хоёр аавуудын саналаар амьдарсан тул гэр бүлийн сайхан уур амьсгал байгаагүй. Б.Даш гэр бүл, амьдралдаа анхаарал тавьдаггүй, архи уусан үедээ гэр бүлээ дарамталдаг, байнгын түгшүүртэй амьдруулсан. Гэрээсээ гарч явахаараа 1-2 сар алга болдог байсан тул амьдралын зовлонгоор залуу насаа өнгөрөөлөө. Одоо цаашид би зөвхөн хүүхдүүдтэйгээ хамт тайван амьдрах хүсэлтэй байх тул гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авахыг хүсэж байна” гэжээ.

Хариуцагч Б.Даш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х.Мандахтай гэр бүл болж, 18 жил хамт амьдарсан. Гэр бүлийн хүн маань байнгын хэрүүл маргаан гаргадаг болохоор надад хэцүү байсан. Тиймээс надад энэ хүнтэй цаашид амьдрах надад хэцүү байна. Х.Мандах нь гэр бүл, үр хүүхдээ орхиж 3 удаа харьж байсан. Одоо надад цаашид хамт байх хүсэл алга. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Х.Мандах нь хариуцагч Б.Дашид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Мандах “анхнаасаа гэр бүл болохдоо хоёр талын эцгүүдийн саналаар гэр бүл болж, тэгш эрх, сайн дурын үндсэн дээр гэрлээгүй, нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр бүлдээ анхаарал, халамж тавьдаггүй, байнга гадуур явдаг, хөдөлмөрийн чадваргүй 2 хүүхдийг асран хамгаалахад тусалдаггүй” гэх тайлбар гаргасан ба үүнээс дүгнэхэд гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгохгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасны дагуу энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2001 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Шаавай овогтой Дашийн Алтанхүү, 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шаавай овогтой Дашийн Баяндалай, 2005 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Шаавай овогтой Дашийн Загиржав, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шаавай овогтой Дашийн Шинэбаяр нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.   

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 3 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй, нэхэмжлэгчийн “Б.Дашийн байнгын хүчирхийлэл, дарамтад байсан” гэх тайлбарыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар Х.Мандах, Б.Даш нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Х.Мандахын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Мандах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 786 тоот захирамжаар чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Дашаас 140.400 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х.М, Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

              2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүүД.А 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Б, 2005 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Д.З, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Ш нарыг эх Х.М-ын асрамжид үлдээсүгэй.

            3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

        4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 786 тоот захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Д-аас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000957 тоот дансанд оруулсугай.     

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА