Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/78

 

                                   

                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                                  

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруун туруун сумын харьяат, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгүүлж байгаагүй, ... овогт ... Б-д /РД:.../-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод өөрийн эхнэр Э.Б-ыг өөр хүнтэй явалдлаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүр, гэдэс хэсэгт нь гараараа цохих, үснээс нь үсдэж хана, паар зэргийг мөргүүлэх, хоолойг нь боох зэргээр зодож, 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, духнаас хамар хүртэлх шарх, баруун гарт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай хүүхэд хотод нүдний хагалгаанд бид тэнд байсан юм. Гэтэл манай эхнэрийн фейсбүүкийн чатанд “ би ирсэн, байна, хоёулаа хэзээ уулзах вэ, уулзмаар байна  гэсэн мессеж сумынх нь залуугаас ирсэн байсан, би хардсан. Тэгээд Замын-Үүдэд ирсний  дараа бид , гурав, гурван лааз пиво уусан, би “ чи яагаад намайг хуураад байгаа юм бэ, маргааш вагонд суугаад яв, чамтай амьдрахгүй, би 2 хүүхдээ авч үлдэнэ гэхэд явахгүй гэхээр нь чамайг ална гэж хэлсэн, тэгсэн манай эхнэр архи байсан шилээр миний толгой руу цохисон. Тэрнээс хойш юу болсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. Хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж бодож байна. Гэхдээ би паар мөргүүлээгүй, бид 2 давхралдаж унахдаа  мөргөсөн байх. Эхнэрээ ийм асуудлаас болж зодож гэмтэл учруулсан нь миний буруу, би их гэмшиж байгаа. Мөнгөн гүүр эмнэлэгт эмчлүүлсэн бүх зардлыг би гаргасан. Сая шүүхэд хэрэг ирэхэд 200,000 төгрөг шилжүүлсэн. Цаашид сорвийг арилгах эмчилгээ энэ тэрнийх нь мөнгийг төлнө. Бас эмнэлгийн байгууллагад учирсан 1,525,000 төгрөгийг төлнө. Би хувиараа машин тэрэг засаж орлого олдог. Хүүхэд сургуульд соёлд орох болсон байгаа, ийм учраас өмгөөлөгчийн хэлснээр торгох шийтгэл өгнө үү ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн2022 оны 07-р сарын 23-ны 19 цагийн орчим манай нөхөр архи уучихсан гэртэй орж ирсэн. Бид хоёр лааз пиво авсан байсан тул пиво хувааж уугаад байж байтал би ойрд сонин зүүд зүүдлээд байна, чи өөр хүнтэй явалдсан байна гээд байсан. Тэгээд хэрэлдэж байгаад 21 цагийн орчим унтах гээд унтлагын өрөө рүүгээ ороод орон дээр сууж байтал намайг хүнтэй явалдсан гээд хэрүүл хийгээд байгаад миний толгой руу гар утсаа шидсэн. Тэгээд намайг зүгээр байлгахгүй чамайг шөнөжин зодно гээд миний нүүр, гар гэдэс рүү удаа дараа цохисон. Намайг архи аваад ир гээд би өдөр худалдаж авсан байсан 0.75 литрийн болор нэртэй архи авч ирж өгсөн. Тэгээд намайг архины шилээр цохиж ална юу болсон талаар санахааргүй болтол чинь цохино чамайг галт тэргэнд суулгаад явуулна гээд байсан тул би гарч явах гэтэл гаргахгүй байсан. Тэгээд би уучлаарай гэж хэлээд тэвэрч байгаад нөхөр Б-ын толгойн хэсэгт нэг удаа архины шилээр цохиж унагасан. Тэгээд босоод ирэнгүүт нь ахиад архины шилээр нэг цохисон. Тэгээд намайг үсдэж аваад хана, паар мөргүүлсэн, миний үснээс зулгааж чирсэн, миний хоолойг боосон. Тэгээд цус их гарч байсан тул нойлын өрөөнд ороод цусаа угааж байсан чинь миний араас орж ирээд гараараа миний толгой хэсэгрүү удаа дараа цохисон. Яг удаа цохисон талаа би санахгүй байна. Манай нөхөр түр гараад явсан байсан би тэр хойгуур нь хаалга дотроосоо түгжээд цонхоор гараад явсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

 - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай /хх-ийн 2/

  -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/

-Аюулын зэргийн үнэлгээ “Дунд” гэсэн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9-11/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12/

 -Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.Б-ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Э.Б нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.525.900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Б-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

            -2022 оны 07 сарын 27-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-52/

         -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 07 сарын 26-ны өдрийн “1. Э.Б-ны биед гэмтэл тогтоогдлоо.

2. Э.Б-ы биед 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, духнаас хамар хүртэлх шарх, баруун гарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдийн нь 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, духнаас хамар хүртэлх шарх гэмтлүүд нь дан, дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба баруун гарт цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар Гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 04/187 тоот дүгнэлт /хх-ийн 51-52/

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн “ төрийг төлөөлөн прокурор томилж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” 19/28 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Эрдэнэтогтохын Болорчулууны эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсний зардал 1,525,900 төгрөг гэсэн лавлагаа /хх-ийн 124-125/

Дорноговь аймгийн Заымн-Үүд сумын Борхойн багийн ажлын албаны 2022 оны 08 сарын 18-ны өдрийн “... овогт ... Б” /РД:.../ нь тус багийн 2 дугаар гудамжны ... тоотод ам бүл нэг, оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. ” гэсэн тодорхойлолт /хх-ийн 73/

... регистрийн дугаартай ... овогт ... Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76-79/

Дорноговь аймгийн Замын-Үүд суум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ... тоотод өөрийн эхнэр Э.Б-ыг  “гэр бүлээс гадуур харьцаа үүсгэлээ” гэж хардаж, улмаар гэрээсээ явахыг шаардаж, нүүр, гэдэс хэсэгт нь гараараа цохих, үснээс нь үсдэж хана, паар зэргийг мөргүүлэх, хоолойг нь боох зэргээр зодож, хохирогчийн биед 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, духнаас хамар хүртэлх шарх, баруун гарт цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б-ы биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч эмч П.Г нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр “биед 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, духнаас хамар хүртэлх шарх гэмтлүүд нь дан, дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах”-ыг  тогтоосон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч,  харгалзан дэмжигч, гэр бүлд амьдарч байгаа хүн” зэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрахаар заасан байх ба хохирогч Э.Б нь шүүгдэгчтэй хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэлтийн лавлагаагаар /хх-ийн 21-23, 79/ тогтоогдож байна.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй талаар заасан ба бие махбодын хүчирхийлэлд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдийн хэнийг ч боловч аливаа хэлбэрээр зодсон, гэмтэл учруулсан байхыг ойлгох юм.

Дээрх хууль зүйн ойлголтын хувьд үзвэл хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэж үзэх ба энэ  утгаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “ энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч П.Г-ийн 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 04/187 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэсэн үнэлгээний тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Иймд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүнд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсэн,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож биед нь гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох юм.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд нийт 743,600 төгрөгийн баримт нотлох баримтаар өгсөн, шүүгдэгч нь эмчилгээний зардалд 828,600 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд, 200,000 төгрөгийг шүүхийн шатанд, нийт 1,028,600 төгрөгийг хохирогчид төлсөн байгааг нотлох баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Харин хохирогч нь шүүхийн шатанд цаашид гарах эмчилгээний зардалд “жилд 3-4 удаа эмнэлэгт хэвтэх, нэг удаа эмнэлэгт хэвтэхэд дунджаар 800,000 төгрөг,  нийт 2,400,000 төгрөг, гоо сайхны зардалд 2,000,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийн  хохирол” нэхэмжил дэг боловч зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, байнгын эмчилгээтэй байх талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, мөн 800,000 төгрөгийн эмчилгээ хийгдэх талаарх тооцоо, гоо сайхны эмчилгээнд 2,000,000 төгрөг хэрхэн яаж зарцуулах талаарх баримт зэрэг нь хэрэгт  авагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогч нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 45 минутанд  Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмчилгээ үйлчилгээ авсны төлбөр 1,525,900 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн 19/28 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Э-ын Б-д эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсний зардал 1,525,900 төгрөг гэсэн лавлагаа /хх-ийн 124-125/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1,525,900 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн хувьд хохирогчид эмчилгээний зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч нь “ шүүгдэгчийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч нь “хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, тодорхой хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлж ар гэртээ тусалдаг нөхцөл байдлыг харгалзан 500,000 төгрөгийг торгох ял оногдуулж өгнө үү, түүнчлэн ажил хөдөлмөр эрхлээд явах юм бол хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг ч төлөх боломжтой, нийтээд тустай ажил хийх ял нь ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хаах учраас өмгөөлөгчөөс торгох шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн 1 ширхэг архины шилийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус, тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... Б /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ... Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус, тус дурдсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Г.Б гэм хорын хохиролд 1,525,900 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь ... тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                                                            

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц