Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/308

 

2022            9            12                                  2022/ШЦТ/308

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,      

улсын яллагч Н.Д,

хохирогч Э.Х,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 2225000000324 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Н.Т

Шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Ивээл” зочид буудлын өрөөнд Э.Х-ын нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ “...тухайн үед Ирээдүй, Самдан ах хоёртой гадуур явж байтал Эрдэнэцэцэг гэх эмэгтэй чатлаад “буудалд цуг ууж, идье” гэж дуудсан. Очиход буудалд хоёр үл таних залуу хоёр орон дээр унтаж байсан. Хатанбаатар гэх хохирогч ах 2-3 удаа босож ирээд Ирээдүй ахыг ёжлоод байх шиг байсан тул пиво ууж байсан стаканаар цохисон.” гэв.

хохирогч Э.Х мэдүүлэхдээ “...Ажлын хоёр ахтайгаа хамт гурван эмэгтэйтэй буудалд орсон, Батхишиг ах гэрлүүгээ явж, Амарсанаа бид хоёр унтаж байгаад сэрэхэд хоёр залуу ирсэн байсан, намайг “00” ороход Тэмүүжин ёжлоод байсан, намайг унтаж байхад Тэмүүжин аягаар 2-3 удаа цохисон тул маш их цус гарсан. Би түрүүлж хүнийг өдөж хатгаагүй, гэмтлээс болоод ажлаа хийж чадахгүй 20 гаран хоносон, одоо биеийн байдал гайгүй, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхгүй, 150.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан, үнийг нь өөрөө төлсөн. Маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Э.Х-ын “...Би 2022 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн үед “Ивээл” зочид буудалд ажлын газрын Амарсанаа, Батхишиг мөн танихгүй гурван эмэгтэйн хамт орсон, буудалд бид нар архи, пиво уусан. ...би түрүүлээд ганцаараа унтаад өгсөн бөгөөд тэд нар пиво уугаад үлдсэн, унтаж байгаад сэрж “00” ороход нэмэгдээд хоёр залуу ирчихсэн байсан. Би бие засчихаад тэд нартай юм ярилгүй, “унтлаа” гээд үргэлжлүүлээд унтсан, намайг бариултай аягаар зүүн шанаа руу 1-2 удаа цохисон, сэртэл Тэмүүжин гэх залуу зогсож байсан бөгөөд “ална шүү, банди минь” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

“...эмчилгээтэй холбоотой 204.550 төгрөгийн зардал гарсан, энэ зардлаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

хохирогч У.С-н “...Хатанбаатар унтаж байснаа босож ирээд “00” орсон, гарч ирэхэд Ирээдүй өдөөд “би чамайг ахаа гэж дуудах уу” гээд байсан. Хатанбаатар “чи надаас дүү юм байна” гээд ор луугаа буцаад хэвтсэн, гэтэл Тэмүүжин буудлын бариултай стаканыг авч орон дээр хэвтэж байсан Хатанбаатарыг хоёр удаа цохисон. Хатанбаатараас их цус гарч “00” орсон, Хатанбаатарыг Тэмүүжингээс өөр хүн цохиогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

ЦАА:

гэрч Б.Б “...Хатанбаатар босож ирээд “00” орчихоод гарч ирэхэд Ирээдүй өдөж “хөгшөөн танилцах гээд байгаа юм уу, чи хэдэн оных юм” гээд ёжлоод байгаа юм шиг ярьсан. Хатанбаатар “чамтай юм ярьмааргүй байна” гээд ор луугаа очиж дээш харан хэвтэж байхад нь Н.Тархи ууж байсан жижиг шилэн стаканаар нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход стакан хагарч, Хатанбаатарын хөмсөгнөөс цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч Э.Э “...Тэмүүжин, Ирээдүй хоёрыг орж ирээд сууж байхад Хатанбаатар сэрээд юу ч ярилгүй “00” ороод бие засаад гарч ирэхэд Ирээдүй ёжилсон маягтай харьцаад байх шиг байсан. ...Хатанбаатар юу ч ярилгүй ор луугаа ороод хэвтээд унтсан. ...Тэмүүжин Саруулыг аргадаж байгаад “п***а” гэж хараан, уурлаж, архи, пиво ууж байсан шилэн стаканыг аваад унтаж байсан Хатанбаатарын нүүрэн хэсэг рүү нэг удаа цохиход стакан хагарч, Хатанбаатарын хөмсөг хэсгээс цус гарсан.”  гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч С.Ү “...Нэг танихгүй эрэгтэй, Азжаргал хоёр нэг орон дээр, харин Амараа өөр орон дээр унтаж байхад Тэмүүжин, Ирээдүй гээд хоёр залуу орж ирээд бид нартай хамт архи, пиво уугаад сууж байхад Азжаргалтай хамт унтаж байсан залуу босож ирээд “00” өрөө рүү ороод эргээд гарч ирэхэд Ирээдүй уг залуутай ёжилж байгаа юм шиг яриа өрнүүлэхэд уг залуу нээх юм ярилгүй орон дээрээ очоод дээш харан унтаж байхад Тэмүүжин пиво ууж байсан шилэн стаканыг авч уг залуугийн нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиход стакан хагарч залуугийн нүүрнээс цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч А.А “...намайг унтаж байтал Болороо гэх охин дуудаж сэрээсэн бөгөөд буудлын өрөө нил цус болчихсон, Хатанбаатарын духны зүүн хэсэг зүсэгдчихсэн, цагдаа ирчихсэн байсан. Сүүлд Хатанбаатар хэлэхдээ “Тэмүүжин гэх залууд зодуулсан” гэж хэлсэн, тэнд байсан охидууд ч тэгж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг,  

Н.Т сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 27-ны шөнийн 02.00 цаг өнгөрч байхад шоу үзчихээд Самдан, Ирээдүй ах, найз Гоомарал нарын хамт явж байтал Гоомарал руу Энхцэцэг залгаад “...“Ивээл” зочид буудалд хүрээд ир” гэсэн. ..дотогш ороход Хатнаа гэх ах нэг охинтой унтаж байсан. ...Хатнаа ах босож ирээд “00” оронгоо ийш тийш яваад байсан бөгөөд ингэж явахдаа Ирээдүй ахтай үг хаялцаад байсан. Ингээд нилээн ууж байхад Хатнаа ах унтаж байснаа дахин босож ирээд “00” орсон, гарч ирээд “дүү нар зүгээр байгаарай” гэх утгатай зүйл хэлчихээд орондоо орсон, тэгэхээр нь пиво ууж байсан шилэн стаканаар түүний нүүр лүү нэг удаа цохисон, нүүрнээс нь цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хатанбаатар ахад эмчилгээний зардал мөнгө өгөөгүй бөгөөд тэр надаас нэхээгүй, зардал мөнгө нэхвэл одоогоор төлөх боломж байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаартай; “...1.Э.Хын биед дух, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүдний зовхи, алимны салтсад цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. 3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба бүгд нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. 4. Дух, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүдний зовхи, алимны салтсад цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дух, зүүн хацарт зулгаралт нь эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дахь тал/,

хохирогч Э.Х-ын “...“Ивээл” зочид буудалд бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Э.Х, Н.Тнарын согтолтын зэргийг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 3, 4 дэх тал/,

Н.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47, 60 дахь тал/,

Н.Т-д холбогдох хэргийн шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 62-66, 72-79 дэх тал/,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн тухай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 69 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04/1157 дугаартай “...Хот тохижуулах газарт ялыг эдлүүлж байгаа бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 19 цагийн ялыг эдэлж, 281 цагийн үлдэгдэлтэй байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

хохирогч Э.Х-аас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн 204.500 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 84-93 дахь тал/

шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн “Эрдэнэт медикал” эмнэлгийн тодосгогч бодисгүй толгойн зураг авхуулсны үнэ 150.000 төгрөгийн баримт болон “Удам тунгалаг” ХХК-ийн YOUTHTOPIA арьсны эмнэлгийн “...гэмтлийн дараах сорви арилгах эмчилгээнд 1.027.000 төгрөг зарцуулагдана” гэсэн тодорхойлолт зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрч нараас, мөн Н.Тэмүүжингээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Т-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Ивээл” зочид буудлын өрөөнд Э.Хын нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүдний зовхи, алимны салтсад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Э.Х-ын “...Би 2022 оны 6 дугаар сарын 26-ны шөнө... намайг бариултай аягаар зүүн шанаа руу 1-2 удаа цохисон, сэртэл Тэмүүжин гэх залуу зогсож байсан бөгөөд “ална шүү, банди минь” гээд байсан.” гэх,

хохирогч У.С-н “...Тэмүүжин буудлын бариултай стаканыг авч орон дээр хэвтэж байсан Хатанбаатарыг хоёр удаа цохисон.” гэх,

АЙМ

хян,

ЦАА:

гэрч Б.Б “...Н.Тархи ууж байсан жижиг шилэн стаканаар нүүр хэсэг рүү нэг удаа цохиход стакан хагарч, Хатанбаатарын хөмсөгнөөс цус гарсан.” гэх,

гэрч Э.Э “...Тэмүүжин Саруулыг аргадаж байгаад “п***а” гэж хараан, уурлаж, архи, пиво ууж байсан шилэн стаканыг аваад унтаж байсан Хатанбаатарын нүүрэн хэсэг рүү нэг удаа цохиход стакан хагарч, Хатанбаатарын хөмсөг хэсгээс цус гарсан.” гэх,

гэрч С.Ү “...Тэмүүжин пиво ууж байсан шилэн стаканыг авч уг залуугийн нүүрэн тус хэсэгт нэг удаа цохиход стакан хагарч залуугийн нүүрнээс цус гарсан.” гэх,

гэрч А.А “...Хатанбаатар хэлэхдээ “Тэмүүжин гэх залууд зодуулсан” гэж хэлсэн, тэнд байсан охидууд ч тэгж хэлж байсан.” гэх,

Н.Т “...Хатнаа ах унтаж байснаа дахин босож ирээд “00” орсон, гарч  ирээд “дүү нар зүгээр байгаарай” гэх утгатай зүйл хэлчихээд орондоо орсон, тэгэхээр нь пиво ууж байсан шилэн стаканаар түүний нүүр лүү нэг удаа цохисон, нүүрнээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаартай; “...Э.Х-ын биед дух, зүүн нүдний гадна буланд шарх, зүүн нүдний зовхи, алимны салтсад цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Н.Т нь шалтгаангүйгээр хохирогч Э.Х-ын эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газарт нь шилэн аягаар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н.Т-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч Н.Т-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Н.Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Т-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч “...шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “би хохирогчийн хохирлыг барагдуулна, хэргээ шийдүүлээд “Монголын-Алт” ХХК-д операторчнаар ажиллах гэж байгаа тул торгуулийн ял өгнө үү.” гэсэн болно.

          Шүүх шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Тэмүүжингийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогоогдоогүй бөгөөд,

          мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Хохирогч Э.Х мөрдөн байцаалтын шатанд 204.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд “Эрдэнэт медикал” эмнэлгийн тодосгогч бодисгүй толгойн зураг авхуулсны үнэ 150.000 төгрөгийн баримт, “Удам тунгалаг” ХХК-ийн YOUTHTOPIA арьсны эмнэлгийн “гэмтлийн дараах сорви арилгах эмчилгээнд 1.027.000 төгрөг зарцуулагдана” гэсэн тодорхойлолт нийт 1.381.550 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Х-т учирсан хохирол, хор уршиг арилаагүй, улмаар энэ гэмт хэргийн хохирогч болсны дараа сорви арилгах эмчилгээ хийлгэж чадаагүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Тшүүх хуралдааны үед хохирогчид учирсан хохирол 1.381.550 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Тэмүүжингээс 1.381.550 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Хт олгохоор шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Т-с 1.381.550 төгрөг гаргуулж хохирогч Э.Хт олгосугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ