| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2018/00225/и |
| Дугаар | 458 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 458
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 02-30 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ86011003, Салдан овогтой Цэвээндоржийн Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 8-19 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ81010510, Боржигон овогтой Цэрэнгийн Алтантүлхүүрт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа, хариуцагч Ц.Алтантүлхүүр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Ц.Алтантүлхүүртэй 2006 онд танилцаж, 2009 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Амин-Эрдэнэ, 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү А.Бум-Эрдэнэ нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж, зоддог болсон. Энэ нь хүүхдийн хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байсан тул 3 хүүхдээ бодож бид 2012 онд салсан. Үүнээс хойш тусдаа амьдраад 6 жил болж байгаа. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа, харин бага хүүгийн асрамж энэ асуудалд хамааралгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Ц.Алтантүлхүүр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц.Дэлгэрмаатай 2006 онд танилцсан. 2009 онд гэр бүл болсон. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хамт амьдрах хугацанд том хүү А.Амин-Эрдэнэ, бага хүү Бум-Эрэдэн нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2010 оноос тусдаа амьдарсан. 2012 онд хүү Д.Түмэн-Эрдэнэ нь төрсөн энэ талаар би мэдэхгүй. Хүү Д.Түмэн-Эрдэнийг миний хүү биш гэж өөрөө хэлж байсан. Миний хүү биш гэж ойлгож байгаа тул бага хүүд тэтгэлэг төлөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь хариуцагч Ц.Алтантүлхүүрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү Боржигон овогтой Алтантүлхүүрийн Амин-Эрдэнэ, 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Боржигон овогтой Алтантүлхүүрийн Бум-Эрдэнэ нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй, хариуцагч нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг тул дахин хамт амьдрах боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар Ц.Дэлгэрмаа, Ц.Алтантүлхүүр нарын гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг эх Ц.Дэлгэрмаагийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алтантүлхүүрээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаад олгох нь зүйтэй.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц.Д, Ц.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.А, 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Б нарыг эх Ц.Д-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-аад олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА