Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 459

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Н.Р-ийн, 

          Хариуцагч: Соёлын төвд холбогдох,

      Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон төрийн албан хаагчдад олгосон мөнгөн урамшуулалд нийт 3.810.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

          Нэхэмжлэгч Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1971 онд төрсөн, 46 настай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2 хүүхэд оюутан, эхнэр ажилгүй, өрхийн орлогогүй зорилтот бүлгийн өрх юмаа. Н.Р миний бие Соёлын төвийн машинистын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 464 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан. Гэтэл хариуцагч Б.Б өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Удаа дараа ажилдаа орох талаар очиж уулзахад янз бүрийн шалтгаан тоочиж, хүлээлгэсээр өдийг хүрлээ. Б.Б миний ажлын байранд Ц.Б гэдэг хүнийг түр тушаалаар авч ажиллуулж байсан бөгөөд уг ажлын байранд орон тооны цомхотгол хийж ажиллаж байсан хүмүүс нь тэтгэмжээ аваад гарсан байна. Миний бие хөдөө хувийн мал аж ахуйгаа эрхлээд амьдарч байгаа бөгөөд нэгэнт ажлын байр байхгүй болсон учраас 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин, мөн төрөөс олгосон мөнгөн тэтгэмж нэхэмжлэхээр шүүхэд хандаж байна. Би ажилгүй байх хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлж ирсэн. 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Соёлын төвийн машинистын цалин 390.000 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд эрхлэгч Б.Б 2017 оны 10 дугаар сард 231.000 төгрөгийн цалин, 2017 оны 12 дугаар сард 240.000 төгрөг гаргаж өгсөн. Иймд 2017 оны 2 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл, 2017 оны 11 дүгээр сар, нийт 9 сарын хугацааны цалин 3.510.000 төгрөг, төрөөс олгосон тэтгэмж 300.000 төгрөг, нийт 3.810.000 төгрөгийг Соёлын төвийн эрхлэгч Б.Б-оос гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Соёлын төвийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Р-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 5 дугаар сард шүүхээр орж, бид нар эвлэрч шүүхийн шийдвэр гаргуулсан боловч сумын хэмжээнд нэгдсэн халаалтад холбогдож, Соёлын төв нь халаалтад орсонтой холбогдуулан тус байгууллагын 4 галч хууль ёсны дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон тооны цомхотголд орсон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш миний бие байгууллагын боломжид тулгуурлан галч асан Н.Р-нд Соёлын төвийн хэмнэлтэд байсан нүүрс, мөн орон тооны цомхотголд ороход ажилчдын цалин хэмнэлттэй байсан учир 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Соёлын төвд холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон төрийн албан хаагчдад олгосон мөнгөн урамшуулалд нийт 3.810.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

       Нэхэмжлэгч Н.Р 2009 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Соёлын төвд нам даралтын зуухны галчаар ажиллаж байсан ба 2016 оны 11 дүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авч, эмчилгээ хийлгээд ирэхэд түүний оронд өөр хүнийг тус төвийн галчаар авч ажиллуулсан, мөн Н.Рагчаасүрэнг албан ёсоор ажлаас чөлөөлсөн, эсхүл түүнд чөлөө олгосон тухай тушаал шийдвэр гаргаагүй талаар талууд маргахгүй байна.

        Ингээд ажилд орох гэхээр “орон тоо байхгүй” гэх үндэслэлээр түүнийг ажиллуулаагүй тул тэрээр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байх ба тус шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 464 дүгээр захирамж гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Уг шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд томилоогүй байх боловч хэрэгт Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаал хэрэгт авагдсан байх ба уг тушаалаар тус төвийн нам даралтын зуухны галчаар ажиллаж байсан Н.Рагчаасүрэнг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

       Тухайн тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Р хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаагүй, уг тушаал хүчин төгөлдөр байна.  

        Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй боловч түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш тэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шүүхэд гомдлоо гаргаагүй, нөгөө талаар, нэхэмжлэгч Н.Р 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байх ба тухайн тушаалыг нэхэмжлэгч өөрийн биеэр хүлээн аваагүй гэж маргаж байгаа ч уг тушаал гарсныг мэдэх боломжтой байсан гэж үзэв.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Р шүүхийн шийдвэр гарснаас хойш, эсхүл түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон бусад урамшуулал гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх байтал 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

          Түүнчлэн хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.  

       Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Соёлын төвд холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон төрийн албан хаагчдад олгосон мөнгөн урамшуулалд нийт 3.810.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Р-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Р-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Соёлын төвд холбогдох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болон төрийн албан хаагчдад олгосон мөнгөн урамшуулалд нийт 3.810.000 /гурван сая найман зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Р-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Р-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.900 /далан таван мянга есөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Н.ГЭРЭЛТУЯА