| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0278/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/309 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/309
2022 09 13 2022/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 2225004560459 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Б
Шүүгдэгч Б.Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2022 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны урд иргэн Б.Т-н нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Т-н “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос найз Нямзагд, Сувдаа нар манай гэрт ирсэн тул хоол хийж идэж пиво уусан, 2022 оны 7 дугаар сарын 27-28-ныг шилжих шөнө 02 цагийн үед гэртээ байж байхад миний утас руу Алтангэрэл ах залгаж “уулзах уу” гэхээр нь “тэгье, хаана уулзах юм бэ” гэхэд “Уурхайчин соёлын ордны урд хүрээд ир” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Алтангэрэл ахтай уулзаад, “Төгөл” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн тал буюу “Спорт” ордны урд алхаж очоод тэнд морьтой явж байсан хоёр залуугаас морийг нь мөнгөөр түр унах хүсэлт тавиад, Алтангэрэл ах унасан, би морь унаагүй. Алтангэрэл ах 10.000 төгрөгийг утсаараа шилжүүлэх гээд зогсож байхад морьтой хоёр залуутай хамт явж байсан залуу “мөнгө өгөхгүй зугтаах гэж байна” гээд Алтангэрэл ахтай маргалдахаар нь би очоод “юу болоод байгаа юм бэ” гэхэд тэр залуу миний зүүн талын хөмсөг, дух хэсэг рүү 2-3 удаа цохисон. Алтангэрэл ах цагдаад дуудлага өгсөн, би дуудлагын цагдаа нарын хамт намайг цохисон залууг дагуулж цагдаа дээр очихдоо нэрийг нь Батзаяа гэдгийг мэдэж авсан. Батзаяа архи уучихсан согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
“...би эмчилгээний зардалд 300.000 төгрөг зарцуулсан, үүнээс 120.249 төгрөгийн баримтыг бүрдүүлсэн. Бусад мөнгөний баримтыг бүрдүүлж чадаагүй, би буруутай этгээдээс 300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
гэрч М.А-н “...2022 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Б.Түвшинжаргалын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны урд явж байгаад морьтой залуучуудын морийг 10.000 төгрөгөөр унахаар болж нэг морийг нь би унасан. 10.000 төгрөг шилжүүлэх гээд зогсож байхад танихгүй нэг залуу Түвшинжаргалын нүүрэн тус газарт нь цохисон, цагдаад би дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд Түвшинжаргалыг цохисон залууг бариад цагдаагийн газарт авч ирсний дараа Батзаяа гэдэг нэртэй болохыг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01-02 цагийн үед гэртээ харих гээд “Спорт” ордны урд талаар алхаж явж байгаад зүс таньдаг Эрхэс, Отгон-Эрдэнэ нартай таарсан. Тэр хоёр бага зэрэг согтолттой морь уначихсан явж байсан. Бид гурав хоорондоо юм яриад зогсож байхад танихгүй, архи уучихсан хоёр эрэгтэй хүн ирээд “мөнгөөр морь унуулах уу” гэхэд Эрхэс өөрийнхөө унаж байсан морио өгч 10 орчим минут унуулсан. Морь унасан төлбөр болох 10.000 төгрөгийг өгөхгүй удаад байсан тул морь унаагүй залуутай “мөнгөө өг” гэх шалтгааны улмаас би маргалдаж, түүний нүүрний зүүн тал руу нь 2-3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
“...маш их гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 592 дугаартай; “...Б.Түвшинжаргалын биед зүүн хөмсөгний дунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Зүүн хөмсөгний дунд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
иргэн Б.Тү-н гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
зөрчлийн хэргийн баримтууд /хавтас хэргийн 5-6 дахь тал/,
Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33, 34 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
Хохирогчийн хохирлын баримт /хавтаст хэргийн 47-51 дэх тал/,
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 45 дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргийн 58-68 дахь тал/,
яллагдагч Б.Б-н “...Миний бие Түвшинжаргалын зодож биед нь хөнгөн зэргийн бэртэл учруулсан гэм буруугаа хүлээж, хохирол 300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/,
хохирогч Б.Т-н “...Миний бие 2022 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Батзаяа гэх хүнд зодуулсан. Миний хохирлыг барагдуулж 300.000 төгрөг өгсөн тул гомдолгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрчээс, мөн Б.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2022 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Спорт” ордны урд иргэн Б.Түвшинжаргалын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.Т-н “...Алтангэрэл ах унасан, би морь унаагүй. Алтангэрэл ах 10.000 төгрөгийг утсаараа шилжүүлэх гээд зогсож байхад морьтой хоёр залуутай хамт явж байсан залуу “мөнгөө өгөхгүй зугтаах гэж байна” гээд Алтангэрэл ахтай маргалдахаар нь би очоод “юу болоод байгаа юм бэ” гэхэд тэр залуу миний зүүн талын хөмсөг, дух хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэх,
гэрч М.А-н “...танихгүй нэг залуу Түвшинжаргалын нүүрэн тус газарт нь цохисон.” гэх,
Б.Б-н “...Морь унасан төлбөр болох 10.000 төгрөгийг өгөхгүй удаад байсан тул морь унаагүй залуутай “мөнгөө өг” гэх шалтгааны улмаас би маргалдаж, түүний нүүрний зүүн тал руу нь 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 592 дугаартай дүгнэлт, иргэн Б.Т-н гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол нэхэмжилж рентген зурагны 20.000 төгрөг, эм авсны 58.749 төгрөг, шарханд эмчилгээ хийлгэсний 8000, 25.000, 8500 төгрөгийн баримт гаргаж хэрэгт хавсаргуулсан байна.
Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа хохирол 300.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар, хохирогч нь 300.000 төгрөг хүлээн авсан, гомдолгүй талаараа хүсэлтүүддээ дурьдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ