Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0331

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оюунболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж  заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол

Нэхэмжлэгч: Б.Оюунболд

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 27 дугаар зүйлийн 27.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.Оюунболдыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нямхорол би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/1346 дугаартай албан бичгээр Б.Оюунболдын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Гэтэл тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны тов нь Ойн газраас зохион байгуулж буй Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийн товлосон хуралтай давхацсан бөгөөд энэ тухай шүүгчийн туслахад урьдчилан мэдэгдсэн.

2.3. Мөн тус хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг, холбогдох баримтын хамт анхан шатны шүүхийн цахим хаягаар хүргүүлсэн байхад анхан шатны шүүх оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх заалтад заасныг зөрсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сул орон тоог нөхөн сонгон шалгаруулалтад оролцож, 103.80 оноо буюу хамгийн өндөр үнэлгээ авсан Б.Оюунболдыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч Б.Оюунболдыг тус албан тушаалд томилоогүй байна.

3. Нэхэмжлэгчээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь түүнийг томилохгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Б.Оюунболдын тухай” 01/1094 дүгээр албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Тогтоол хэрэгжүүлэх тухай” 01/1314 дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгч Б.Оюунболдыг хуульд заасан үндэслэлээр татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох талаар мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

4. Хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/3605 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Б.Оюунболд нь сав газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сард эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Иймд Б.Оюунболдыг Туул голын сав газрын захиргааны даргад томилох асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан” гэх хариу өгсөн байна.

5. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1650 дугаар албан бичгээр “...сайдаас ирүүлсэн тайлбар үндэслэлгүй, Б.Оюунболдыг томил” гэх агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дахин хүргүүлжээ.

6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан.

7. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд томилох эрх бүхий албан тушаалтан нь нэр дэвшүүлсэн этгээдийг хуульд заасан үндэслэлээр нэг удаа томилохоос татгалзах эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Б.Оюунболдыг томилохгүй байх үндэслэл тогтоогдоогүй байх ба томилохоос татгалзсан шийдвэрийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй талаар Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчид удаа дараа мэдэгдсэн байна.

8. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17953 дугаар албан бичгээр “...Б.Оюунболдод холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна...” гэх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлснээс үзэхэд хариуцагчийн татгалзлын үндэслэл болоод буй уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй байхад түүнийг төрийн албанд томилох эрхийг хязгаарлах, хөдөлмөрлөх эрхэд халдах үндэслэлгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

10. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 21.2.2-д “хариуцагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” гэж тус тус заажээ.

11. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/1346 дугаар “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр Д.Нямхоролыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхоролыг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгчийн туслахаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин мэдэгдэж, хэргийн материалтай танилцах талаар сануулсан боловч хэргийн материалтай ирж танилцаагүй тул 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн материалыг түүний viber хаягаар илгээж хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох нөхцөл бололцоогоор хангасан болох нь тогтоогдож байна.

12. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлэгт оролцож байгаа...” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлжээ.

13. Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд тус хэлэлцүүлгийн удирдамж нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан байх бөгөөд шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах” үндэслэлээр хойшлуулж, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хийхээр товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид товыг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА                   

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН