Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 2022 05 |
Дугаар | 2022/ШЦТ/184 |
Огноо | 2022-05-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/184
2022 05 17 2022/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2225002120168 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг тоотод гэртээ хамтран амьдрагч З.Нийн гар, хөл, хэвлий, хуйх хэсгээс нь хазаж гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.О мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.4-5 удаа хазсан гэх мэдүүлэг болон япллах дүгнэлтэд заасан:
-хохирогч З.Нийн ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.Отай хамт гэртээ байсан… чи хэндээ сайхан харагдах гээд сормуус хийлгээд байгаа юм бэ гээд миний сормуусыг авна гээд нүд рүү дайрсан. Тэгэхээр нь нүдээ хамгаалаад ноцолдсон. Би түүнийг зайлаач гэхэд гэрээс гарснаа гаднаас савтай бензин авчирч ирээд гэр дотор асгаад хоёулаа шатаж үхнэ гээд чүдэнз зурах гээд байсан. Би чүдэнзийг нь булааж авах гээд ноцолдсон. Би гар, нуруу хөл рүү нь гараараа цохисон бөгөөд миний баруун гарын шуунаас хазсан. Намайг цохих болгонд зөрүүлээд хазаад байсан. Тэгээд намайг орон дээр дарж хэвтүүлээд хоолойг минь боосон. Би гар утсаа авах гэтэл утас булааж авсан бөгөөд гэрээс гараад зугтаахаар араас ирж гэр лүү өргөж оруулаад байсан. О нь өөрийнхөө утсаар ээж рүүгээ ярьсан. Би гуйж байгаад өөрийнхөө утсаар аавтайгаа ярьсан, аав маань цагдаа дуудсан 2022 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын үеэр гэртээ тоглож байгаад уурлаад намайг зодсон. Би цагдаад хандаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
-Гэрч Ш.Янжмаагийн ...2022 оны 03 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд төрсөн ах Загдрагчаа утсаар залгаад “охин Н нөхөртэйгөө маргалдаад нөхөр нь гэрээ шатаах гээд байна, чи хурдан оч” гэсэн. Би нөхөр Болдсайханы хамт Нийн гэрт очиход нөхөр О, нөхрийнх нь найз гээд нэг залуу байсан. О нь та дүүгээ аваад яв гээд машиндаа суучихаад гарахгүй байсан. Н гэртээ уйлаад байж байсан бөгөөд гар, хөл бие нь энд тэндгүй хазуулчихсан, хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
-Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай “...З.Нийн биед 2 гар 2 хөл, хэвлий, хуйханд олон тооны зулгарал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтдүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
-Яллагдагч Б.Оын....Эхнэр Н нь манай дүүгийн гэрийг нүүлгэж өгсөнгүй, өөрийнхөө ажлыг амжуулаад гээд маргалдсан. Намайг ашиггүй наймаа хийлээ гээд байсан. Эхнэр маань хугархай унь авч толгой руу цохисон, эхнэр авдар дээр байсан шилэн бурхан аваад үүд рүү шидсэн, мөн нөгөөхөө над руу шидэхээр нь би түүнийг дарж аваад орон дээр хэвтүүлсэн. Намайг цохиод байхаар нь би гарнаас нь хазсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтлийн 31-49 тоотод гэртээ хамтран амьдрагч З.Нтай маргалдан ноцолдож гар, хөл, хэвлий, хуйх хэсгээс нь хазаж 2 гар 2 хөл, хэвлий, хуйханд олон тооны зулгарал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.Оын үйлдлийн улмаас З.Нийн биед хөнгөн гэмтэл, хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч З.Нийн ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.О чи хэндээ сайхан харагдах гээд сормуус хийлгээд байгаа юм бэ гээд миний сормуусыг авна гээд нүд рүү дайрсан. Тэгэхээр нь нүдээ хамгаалаад ноцолдсон. Би түүнийг зайлаач гэхэд гэрээс гарснаа гаднаас савтай бензин авчирч ирээд гэр дотор асгаад хоёулаа шатаж үхнэ гээд чүдэнз зурах гээд байсан. Би чүдэнзийг нь булааж авах гээд ноцолдсон. Би гар, нуруу хөл рүү нь гараараа цохисон бөгөөд миний баруун гарын шуунаас хазсан. Намайг цохих болгонд зөрүүлээд хазаад байсан. Тэгээд намайг орон дээр дарж хэвтүүлээд хоолойг минь боосон...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаартай ... .Нийн биед 2 гар 2 хөл, хэвлий, хуйханд олон тооны зулгарал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт... гэрч Ш.Янжмаагийн ...2022 оны 03 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд очиход... Н гэртээ уйлаад байж байсан бөгөөд гар, хөл бие нь энд тэндгүй хазуулчихсан, хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон,шүүгдэгч үйл баримтын талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Б.Оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хамтран амьдрагч З.Нийг зодож,улмаар хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж,хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;...”гэж зааснаар шүүгдэгч Б.Оын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль,Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах,халдашгүй чөлөөтэй байх,эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрхэд бүдүүлгээр халджээ.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд, шүүгдэгчийн хувь хүний төлөвшил,нийгэмд өөрийгөө авч явах,өөрийгөө болон бусдыг хүндэтгэх ёс суртахууны тодорхой хэмжүүр, үнэлэмжгүй байдал, гэр бүлийн үнэ цэнэ, бусдыг хүндэтгэх, хайрлах ухамсар төлөвшөөгүй аминчхан байдлаас шалтгаантай гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтлийн 31-49 тоотод гэртээ хамтран амьдрагч З.Нийн гар, хөл, хэвлий, хуйх хэсгээс нь хазаж гэмтээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугийн талаар маргахгүй байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч: Би хүний морь уядаг,өөрөө хэдэн адуутай юм. Цалин авдаг тул торгуулийн ял оногдуулна уу гэж тус тус санал дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч З.Нт 600,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 39-р тал/-д авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Б Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 600/ зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ