Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/694

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           9          14                                  2022/ШЦТ/694

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******- холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2203003330385 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын уулзварт “Toyota Prius” маркийн 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,мөн дүрмийн 1 дүгээр хавсралт: Хориотой тэмдэг 2.18.6 “Зүүн гар тийш эргэх хориотой” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.П- жолоодон явсан “Honda-ХР 400” маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч А.П- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй.“ гэв.

 

 Гурав: Эрүүгийн 2203003330385 дугаартай хэргээс

1. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.П- хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад өгөөжийн уулзвараас хойшоо бөмбөгөр орох гээд явж байсан. Тухайн үед баруун дөрвөн замын уулзвараас ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй мотоцикл унаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан, уулзварын гэрлэн дохио ногоон дохио асаж байхаар нь уулзвар нэвтэрч байх үед эсрэг урсгалаас ирсэн, автомашины уулзварын гол хэсэгт түгжрээд зогсож байсан, тэгтэл гэнэт голоос нь нэг жолооч машинтайгаа зүүн гар тал руугаа буюу миний урдуур замын тэмдэг зөрчөөд эргээд орж ирээд зогсчихсон, Тэгэхээр нь би тулаад ирсэн байсан учир зогсох боломжгүй шууд очоод нөгөө машиныг мөргөөд газарт унасан ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8768 дугаартай “А.П- биед хүзүүний 7-р нугалам, зүүн шууны доод булууны хугарал, дух, эрүү, цээж, баруун шуу, баруун гарын долоовор хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн  байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дэх тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад баруун 4 замын хойд талаас ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан тухайн үед уулзвар нэвтрэх үед гэрлэн дохио чигээрээ явах ногоон гэрлэн дохио асаж байсан. Тэгээд уулзварын голд бага зэрэг түгжрээд байхаар нь зүүн тал руугаа хартал зам чөлөөтэй байсан, тэгэхээр нь би дөнгөж зүүн гар тал руугаа эргэх үед миний баруун гар талаас нэг зүйл маш хүчтэй мөргөсөн. Тэгээд би машинаа зам чөлөөлж зогсоох гээд цаана очиж зогссон, тэгээд машинаас буугаад иртэл  мотоциклтой миний машины баруун талаас мөргөөд газарт унасан байсан. Тэгээд би шууд 102 болон 103 луу дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Араас нь 103 эмч ирээд нөгөө залууг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд нөгөө хүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд зураг авхуулаад  эмчид үзүүлэхэд зүүн гарын бугуй хэсгээр цуурсан байна гэж хэлж байсан. Мөн толгойны нарийн шинжилгээ өгсөн, тухайн үед толгойнд ямар нэгэн бэртэл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал)

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.А.П- гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******-тод  холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 391 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-д  холбогдох эрүүгийн 2203003330385 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ийн  гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын уулзварт “Toyota Prius” маркийн 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,мөн дүрмийн 1 дүгээр хавсралт: Хориотой тэмдэг 2.18.6 “Зүүн гар тийш эргэх хориотой” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.П- жолоодон явсан “Honda-ХР 400” маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, жолооч А.П- эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

А.П- хохирогчоор өгсөн: “...нэг жолооч машинтайгаа зүүн гар тал руугаа буюу миний урдуур замын тэмдэг зөрчөөд эргээд орж ирээд зогсчихсон, Тэгэхээр нь би тулаад ирсэн байсан учир зогсох боломжгүй шууд очоод нөгөө машиныг мөргөөд газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7291 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), *******-ийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би машинаа зам чөлөөлж зогсоох гээд цаана очиж зогссон, тэгээд машинаас буугаад иртэл  мотоциклтой миний машины баруун талаас мөргөөд газарт унасан байсан. Тэгээд би шууд 102 болон 103 руу дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Араас нь 103-ын эмч ирээд нөгөө залууг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд нөгөө хүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд зураг авхуулаад  эмчид үзүүлэхэд зүүн гарын бугуй хэсгээр цуурсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.П- эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******- нь Toyota Prius” маркийн 00-00 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,мөн дүрмийн 1 дүгээр хавсралт: Хориотой тэмдэг 2.18.6 “Зүүн гар тийш эргэх хориотой” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.П- жолоодон явсан “Honda-ХР 400” маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдсөний улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ийн дээрх гэмт үйлдлийг Тээврийн прокуророос “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хэргийн хохирогч А.А.П-  гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч *******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч А.А.П- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А.П- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. *******-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ