Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 01882

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр

    Дугаар 183/ШШ2018/01882

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 36 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Боржигин овогт Оюунцэрэнгийн Н. /РД:ГИ80100501/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, ХИС-д /РД:9099395/-д холбогдох

 

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд 2 919 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э., хариуцагчийн өмгөөлөгч Б.Б. , өмгөөлөгч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н. шүүхэд гаргасан  нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...О.Н. миний бие 2002-2004 онд ХААИС-ийн Агробиологийн сургуульд цагийн багш, 2004-2013 онд багш, 2013-2014 онд Агробиологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2014 оноос Агроэкологийн сургуулийн захирлаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хамт олныг удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангаж, үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн бөгөөд үйл ажиллагааны тайланг хамт олонд тайлагнан хурлаар хэлэлцэж, хамт олон 100 хувийн саналаар дэмжин дүгнэж, их сургуулийн захиралтай байгуулсан гэрээний биелэлт “маш сайн” гэсэн үнэлгээтэй дүгнэгдэж ирсэн. ХААИС-ийн захирал Т.Х нь 2018 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүд, 3 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд удаа дараа өрөөндөө дуудан “...чиний ажлыг өөр хүнд өгнө, дээрээс шахаад байна, албан бичгээр чиглэл хүртэл ирүүлээд байна” гэж хэлсэн. Би “...Миний хувьд ажлаа сайн хийж байгааг та ч мэдэж байгаа, ямар алдаа дутагдал гаргасан, ямар үндэслэлээр ажлаас халах гэж байгааг ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна” гэж тухай бүр илэрхийлсэн. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 12:03 цагт утсаар залган тушаал гаргалаа гэж хэлэхэд нь би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн бөгөөд ажлын өрөөнд нь очиж уулзахад чи өнөөдөр дараагийн хүндээ ажлаа хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Миний хувьд ийм ойлгомжгүй байдлаар, ямар ч үндэслэлгүй хүний хийж байсан ажлыг хүчээр булааж авах нь буруу, хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлээд гарсан юм. Энэхүү тушаалд заасан үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсоноор дуусгавар болно” гэж заасан байгаа ба бидний хооронд ямар нэгэн ярьж тохирсон зүйл байхгүй, миний бие зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тодорхой хэлж ойлгуулсан. Гэтэл ийм үндэслэлгүй тушаал гарган намайг ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна. Түүнчлэн тушаалын үндэслэл болж буй Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.1.3 болон Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3.2, 3.3 дахь зохицуулалтыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй болно. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 тушаалыг хүчингүй болгож, О.Н.г урьд эрхэлж ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХААИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын албанаас захиргааны асуудал эрхэлсэн дэд захирал н.Л-д хаягласан албан тоот ирүүлсэн байдаг. Уг албан тоотод тухайн сургуулийн менежерүүдийн үр дүнгийн гэрээг дүгнэх, 2018 оны хүний нөөцийн талаар шийдвэрүүдийг гаргахтай холбогдуулан ажлын хариуцлага, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, менежерийн хамт олноо нэгтгэх ур чадвар, ажилдаа хандах хандлага, манлайллыг үүрэг, оролцоо зэргээр нь хамт олны санал асуулга явуулах албан тоот ирсэн. Үүний дагуу ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн хамт олноос удирдлагын үйл ажиллагаа, манлайллын талаар санал асуулга зохион байгуулахад О.Н. маш муу гэсэн үнэлгээ өндөр байгаа тул хамт олныг бүрдүүлэх, манлайлах тал дээр учир дутагдалтай гэж үзэн холбогдох журмын дагуу албан тушаал бууруулах саналыг захиргааны асуудал эрхэлсэн дэд захирал ХААИС-д хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Х. О.Н-тэй уулзаж, энэ талаар ярилцаад, О.Н-г Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирлын ажил санал болгосныг О.Н. хүлээн зөвшөөрөөд, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлын үүрэгт ажлаа дуусгавар болгохоор тохирсныг албажуулж, ХААИС-ийн захирлын Б/58 дугаар тушаал гарсан. О.Н. Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирлаар ажиллахаар шилжихдээ ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн хэрэглэж байсан эд зүйлсээ авч явъя гэсэн хүсэлт гаргасныг ХААИС-ийн захирал хүлээн зөвшөөрсөн. О.Н. өөрийн хэрэглэж байсан утасны аппараттаа л шинээр томилогдсон ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захиралд үлдээсэн. О.Н. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн гол нь О.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хална гэдэг чинь тухайн хүний нэр хүндийн асуудал яригдана гэсэн байдлаар хандаж, О.Н-тэй харилцан тохиролцож, О.Н. өөр ажилд шилжихээ хүлээн зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбарыг өгдөг. ХААИС-ийн Иноваци, бизнес хөгжлийн төвийн захирал нь ТҮМБ-8-3 гэсэн албан тушаалын зэрэглэлтэй тул ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлын албан тушаалын зэрэглэлтэй адилхан зэрэглэл бүхий албан тушаал юм. Иноваци, бизнес хөгжлийн төвийн захиралаар өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өнөөдрийг хүртэл ажиллаж ажил албан тушаалынхаа цалинг авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон гэдэг нь харагдаж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Н. нь хариуцагч ХИС-д холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсний зөрүүд 2 919 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу О.Н. нь Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тушаалд гомдлоо 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан байх  тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд О.Н. нь Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/99 тоот тушаалаар Агробиологийн сургуулийн захиралаар томилогдон ажиллаж, улмаар тус сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 тоот “Ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн О.Нг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Агроэкологийн сургуулийн захирлаас чөлөөлж, Эрдэм шинжилгээний албаны харьяа Инноваци бизнес хөгжлийн төвийн захирлаар томилсон байна. /хх4/ 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ХААИС-ийн захирал Т.Х нь 2018 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүд, 3 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд удаа дараа өрөөндөө дуудан “...чиний ажлыг өөр хүнд өгнө, дээрээс шахаад байна, албан бичгээр чиглэл хүртэл ирүүлээд байна” гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 12:03 цагт утсаар залган тушаал гаргалаа гэж хэлэхэд нь би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн бөгөөд ажлын өрөөнд нь очиж уулзахад чи өнөөдөр дараагийн хүндээ ажлаа хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Энэхүү тушаалд заасан үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсоноор дуусгавар болно” гэж заасан байгаа ба бидний хооронд ямар нэгэн ярьж тохирсон зүйл байхгүй, миний бие зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тодорхой хэлж ойлгуулсан. Гэтэл ийм үндэслэлгүй тушаал гарган намайг ажлаас минь чөлөөлсөнд гомдолтой байна” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нар “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ХААИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын албанаас захиргааны асуудал эрхэлсэн дэд захирал н.Л-д ...тухайн сургуулийн менежерүүдийн үр дүнгийн гэрээг дүгнэх, 2018 оны хүний нөөцийн талаар шийдвэрүүдийг гаргахтай холбогдуулан ажлын хариуцлага, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, менежерийн хамт олноо нэгтгэх ур чадвар, ажилдаа хандах хандлага, манлайллыг үүрэг, оролцоо зэргийг нь хамт олны санал асуулга явуулах албан тоот ирсэн. Үүний дагуу ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн хамт олноос удирдлагын үйл ажиллагаа, манлайллын талаар санал асуулга зохион байгуулахад О.Н. маш муу гэсэн үнэлгээ өндөр байгаа тул хамт олныг бүрдүүлэх, манлайлах тал дээр учир дутагдалтай гэж үзэн холбогдох журмын дагуу албан тушаал бууруулах саналыг захиргааны асуудал эрхэлсэн дэд захирал ХААИС-д хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал н.Х. О.Нтэй уулзаж, энэ талаар ярилцаад, О.Н-г Иноваци бизнес хөгжлийн төвийн захирлын ажил санал болгосныг О.Н. хүлээн зөвшөөрөөд, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлын үүрэгт ажлаа дуусгавар болгохоор тохирсныг албажуулаад ХААИС-ийн захирлын Б/58 дугаар тушаал гарсан. О.Н Иноваци бизнес хөгжлийн төвийн захирлаар ажиллахаар шилжихдээ ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн хэрэглэж байсан эд зүйлсээ авч явъя гэсэн хүсэлт гаргасныг ХААИС-ийн захирал хүлээн зөвшөөрсөн. Иймд О.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан бөгөөд “...талууд харилцан тохиролцсон” гэдгийг гэрээний харилцааны үйлчилгээг зогсоох талаар талууд урьдчилан санал нэгдэх замаар тохиролцсон байхыг ойлгоно.     

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...О.Н 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Иноваци бизнес хөгжлийн төвийн захирлаар ажиллахаар шилжихдээ ... өөрийн хэрэглэж байсан эд зүйлсээ авч явъя гэсэн хүсэлт гаргасан нь түүний тохиролцсон болохыг нотолно” гэх тайлбар нэхэмжлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уг тушаалын үндэслэлд маргаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл О.Н нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдол гаргасны дараа 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хэрэглэж буй хөрөнгийг дараагийн шилжин ажиллах нэг рүү шилжүүлэх тухай хүсэлтээ гаргасан байх тул талуудыг тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.  

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н-г Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Агроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байх бөгөөд харин тус сургуулийн захиралын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай” тушаал нь цаашид эрх зүйн дагавар үүсгэхгүй, мөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул нэхэмжлэгчийн Б/58 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүх нэхэмжлэлийн бие даасан шаардлагын хэмжээнд дүгнээгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол ...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг /2018 оны 1 дүгээр сарын цалин  2.060.940 төгрөг + 2 дугаар сарын цалин 2.195.940 төгрөг+3 дугаар сарын цалин 2.054.463 нийт 6.311.343:3 сар=2.103.781/ дундаж цалин олговорыг 2 103 781 төгрөгөөр тогтоож, үүнээс 4 сард олгосон цалин 1 592 000 төгрөгийг хасч зөрүү 511 781 төгрөг, 5 дугаар сард олгосон цалин 1 929 881 төгрөгийг хасч, зөрүү 173 900 төгрөг, 6 дугаар сард олгосон цалин 1 760 940 төгрөгийг хасч зөрүү 342 841 төгрөг нийт 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарыг дуусталх цалингийн зөрүүд 1 028 522 төгрөгийг хариуцагч Хөдөө аж ахуйн их сургуулиас гаргуулан О.Н-д олгож, нэхэмжлэгч 7, 8 дугаар сард ямар хэмжээний цалин хөлс авсан, цалингийн зөрүү хэд болохыг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 890 678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О. шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д “...шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох” гэж заасны дагуу өмгөөлөгч Б.Б, Э.Э. нарыг хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхтэй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.  

  

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 29 234 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н-г Хөдөө аж ахуйн их сургуулийн агроэкологийн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 1 028 522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 890 678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч О.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 29 234 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ