Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/854

 

 

2022             8            31                                        2022/ШЦТ/854           

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Булганчимэг /томилолтоор/,  

Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ч ийн Н д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, 3 хүүхэд, 1 зээгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Ч ийн Н  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Пицца хат (Pizza hut) нэртэй түргэн хоолны газраар үйлчлүүлж байгаад гарахдаа мөн тус газраар үйлчлүүлж байсан иргэн Б.А ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Макбүүк про загварын зөөврийн компьютер, Iphone маркийн гар утасны цэнэглэгч, “They both die at end” гэсэн нэртэй ном зэргийг ширээн дээр үлдээн ариун цэврийн өрөө орсон байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Пицца хат (Pizza hut) нэртэй түргэн хоолны газраар үйлчлүүлж байгаад гарахдаа мөн тус газраар үйлчлүүлж байсан иргэн Б.А ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Макбүүк про загварын зөөврийн компьютер, Iphone маркийн гар утасны цэнэглэгч, “They both die at end” гэсэн нэртэй ном зэргийг ширээн дээр үлдээн ариун цэврийн өрөө орсон байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.280.000 төгрөгийн хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 12 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажилпагаа явуулах “...” төвийн 4 дүгээр давхарт байрлах “Пицца хат хоолны газарт орсон. Ингээд үйлчлүүлж байгаад угаалгын өрөө рүү орох гээд өөрийн авсан хоолыг хар өнгийн үүргэвчийн хамт булангийн ширээн дээр үлдээгээд явсан. Тэр хойгуур тухайн газраар үйлчлүүлж байсан 50 гаруй насны эмэгтэй миний хар өнгийн үүргэвчийг уутанд хийгээд аваад гарсан. Ийм учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би эд зүйл алга болсон талаар мэдээд “Пицца хат”-ын хүнд хэлэхэд хяналтын камерыг шүүж үзсэн ба миний эд зүйлийг авч байгаа нь бичигдсэн байсан. Хар өнгийн урд хэсэгтээ цэнхэр өнгийн амьтны зурагтай /хүүхэлдэйн баатар/ хар саарал өнгийн 13 инчийн макбүүк про нөүтбүүк байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Америк улсаас ирсэн хүнээс 3.460.000 төгрөгөөр худалдан авсан. Мөн хичээлийн дэвтэр, ном, финал, цэнэглэгч, гар ариутгагч зэрэг эд зүйл байсан. ...Тэр хүн “Пицца хат”-аар үйлчлүүлсэн бөгөөд 5,500 төгрөгийн худалдан авалтыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 15 минутад хийсэн байсан. Тооцооны баримт гарган өгсөн. Ч ийн Н  гэдэг хүн байсан. Тэгээд “...” төвийн хойд талын хаалгаар гараад явсан байсан. Нөүтбүүкийг 3,460,000 төгрөгөөр худалдан авсан, цүнхийг 120,000 төгрөгөөр худалдан авч байсан. Бусад зүйлийн үнэлгээг хэлж мэдэхгүй байна. Хүнийг даруй олж, эд зүйлээ гаргуулан авах хүсэлттэй байна. Мөн хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Хичээлээ хийх шаардлагатай байгаа учир яаралтай олж авах хэрэгтэй байна. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Шүүгдэгч Ч.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн орчимд явж байгаад өлссөн. Тэгээд “...” төвийн 4 дүгээр давхарт байрлах “Пицца хат” гэх нэртэй түргэн хоолны газар руу орж нэг зүсэм пицца идсэн. Тэгээд пиццагаа идэж дуусчихаад гарах гэж байтал булангийн ширээн дээр нэг зүсэм пицца, усны сав, цүнхтэй нөүтбүүк зэрэг байсан. Тэгэхээр нь би тэр цүнхтэй эд зүйлсийг аваад гэр рүүгээ харьсан. Гэтэл маргааш нь утас дуугараад “цагдаагаас залгаж байна” гээд миний авсан гэх цүнхтэй эд зүйлсийг бүгдийг нь авсан. Би авсан гэх эд зүйлсээ бүгдийг нь хүлээлгэж өгсөн. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байгаа... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.Н нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.280.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд шүүгдэгч Ч.Н г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Н гээс хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч насанд хүрээгүй хохирогч Б.А д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Н г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Н н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ч.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон талаар мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Н н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний ар гэр, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Н д 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Ч..Н н байнга оршин суух хаяг нь ... тоотод болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Н г дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Ч ийн Н г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н д 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н д шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН