Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/860

 

 

 2022           9            05                                         2022/ШЦТ/860            

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт Ч ийн Б д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д алт мөнгөний дархан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А  овогт Ч ийн Б  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Ж.Б ийн эзэмшлийн 696.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Ч.Б  нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Ж.Б ийн эзэмшлийн 696.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдер 16:00 цагийн орчимд ажил дээрээ байж байгаад ажлын хажуу талын ... дэлгүүр дотор шүдний чигчлүүр авах гээд дээшээ гарчхаад буугаад ирэхэд лангуун дээр үлдээсэн байсан миний гар утас байхгүй болсон байсан. Худалдагчаас нь асуухад мэдэхгүй гэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд гаднаас хоёр залуу орж ирээд юм худалдаж авсан бөгөөд нэг нь лангуун дээр байсан гар утсыг хулгайлж аваад гарч байгаа бичлэг бичигдэж үлдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

 

Гэрч З.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байгаад 14 цаг өнгөрөөд хамт ажилладаг Б ын хамтаар чулуу худалдаж авахаар 100 айл худалдааны төв орсон. Бид хоёр тэнд очоод дэпгүүрүүдээр явж байгаад Зөгийн үүрийн тэр хавийн хүнсний дэлгүүр рүү ороод тамхи худалдаж авсан. Манай найз дэлгүүрээс гарч яваад машиндаа суугаад байж байтал дэлгүүрээс утас оллоо гэж хэлсэн. Тэр утсыг нь харсан чинь гоё утас байхаар нь би найзаасаа гуйгаад авчихсан юм. Тэгээд бид хоёр ажил дээр очоод ажлынхандаа гар утас оллоо гээд хэлсэн чинь манай ажлын газрын дүү Э   гоё утас байна, дүүдээ өгчих гэхээр нь би ажлын газрын дүүд өгсөн. Тэр утас одоо хаана байгааг мэдэхгүй, би Э  д өгсөн. Тэр гар утас асаалттай байсан. Надад гар утсыг дэлгүүрээс олсон гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

 

Гэрч Э.Э  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...би он сараа мэдэхгүй байна, хамт ажилладаг Н, Б  ах хоёр гар утас олсон гээд ороод ирэхээр нь би яасан гоё юм бэ, манай эхнэр төрсөн, надад өгчхөөч гэхэд Н ах өгсөн. Тэр утсыг нь засвар орж засуулаад орой гэртээ очоод эхнэрт өгсөн. Тэгсэн эхнэр хоол хийж байгаад тогоотой шөлтэй хоол руу унагаачихсан. Эвдрэхээр нь хаячихсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

 

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-45 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би найз Нын хамт Зөгийн үүр дэлгүүрийн орчимд явж байгаад дэлгүүрээс найз Н тамхи аваад, би 5 өндөг аваад гарах гэтэл лангуун дээр гар утас байсан. Тэгээд худалдагчид нь өгөх гэтэл өөдөөс сонин хараад байхаар нь аваад гарчихсан юм. Авч гараад найз Нт утас оллоо гэж хэлтэл гоё утас байна, надад өгчих гэхээр нь би өгсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ч.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байгаа... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.Б ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 696.000 төгрөгийн хохирол учирсан байна. 

Иймд шүүгдэгч Ч.Б ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Б  нь хохирогч Ж.Б т хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугааар тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Ч.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А  овогт Ч ийн Б ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН