Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 661

 

186/2019/0330/Э

 

 

 

 

 

2019           7              2                                             2019/ДШМ/661

                                               

Ө.Ө холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхтуул,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ө.Ө холбогдох эрүүгийн 1911005670297 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Ө-ын Ө , .........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /ДЕ:......../;

 

Ө.Ө  нь 2019 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 05-07 цагийн хооронд такси үйлчилгээнд явж байх үедээ, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28 дугаар гудамжинд Г.Энхжингийн эзэмшлийн “Ай-Фоне-8” плас /Iphone 8 plas/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ө.Ө ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ө.Ө ийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, шүүгдэгч Ө.Ө  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Хулан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн ба шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Ингэхдээ “үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ” гэж дүгнэсэн боловч “тогтоох” хэсэгт шүүгдэгч Ө.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ө хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар заасан нь шүүхийн шийдвэр эргэлзээтэй, ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг сануулаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Ө.Ө  нь 2019 оны 2 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 05-07 цагийн хооронд такси үйлчилгээнд явж байх үедээ, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28 дугаар гудамжинд Г.Энхжингийн эзэмшлийн “Ай-Фоне-8” плас /Iphone 8 plus/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Энхжингийн “...Туул караокегоос явж, Мөнхтүвшин бид хоёрыг таксинд суулгаж байсан. Нэг мэдэхэд манай найз Мөнхтүвшин байхгүй, би жолоочийн арын суудал дээр суучихсан байдалтай сэрэхэд миний дээр үл таних залуу суучихсан ...байсныг эсэргүүцсэн. ...Миний гар утсыг таксины жолооч залуу авсан байсан. ...” /хх 11-14/,

насанд хүрээгүй гэрч Б.Дамдинсүрэнгийн “...Тамхи дуусаад 1 минут 30 секунтын дараа Ө.Ө  ар талын хаалгаар бууж ирсэн. Тэгээд “суу явъя, хүргээд өгье” гэж хэлээд намайг Бөмбөгөрийн автобусны буудал дээр буулгасан. Тэгээд зам гартал араас сигнал дуугарч “хөөе” гэж дуудахаар нь яваад очтол, нэг утас над руу өгөөд “наадахаа аваад байж бай” гэж хэлсэн. Би “энэ хэний утас юм” гэж хэлтэл “агаа нь маргааш авна” гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй, цагдаагийн ажилтан уулзаад хулгайн гар утас гэдгийг мэдсэн юм. ...” /хх 22-24, 29-30/,

шүүгдэгч Ө.Ө ийн “...Нөгөө эмэгтэй унтчихсан байсан. Би машинтайгаа зурагтын замаар Дэнжийн 1000 руу явж байгаад гэр хорооллын гудамжинд орж зогсоод, би Дамдинсүрэнг “машинаас бууж бай” гэж хэлээд машиныхаа арын суудал руу орж эмэгтэйгийн хажууд сууж байгаад “Iphone” гар утсыг гараас нь татаж авсан. ...” /хх 54-56/ гэх мэдүүлгүүд,

Ай-Фоне-8” плас /Iphone 8 plus/ загварын гар утсыг хохирогч Г.Энхжинд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 35/,

хохирогч Г.Энхжинд 1,000,000 төгрөгийг Ө.Ө  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 36/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-19-084 дугаартай “...Iphone 8 plus маркийн, 64 GB багтаамжтай, Америк улсаас ирсэн, 2018 оны 5 сард авсан утас 1,320,000 төгрөгийн үнэлгээтэй...” гэсэн үнэлгээ /хх 42-43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ө.Ө ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ө.Ө ийн хохирогч Г.Энхжингийн гар утсыг унтаж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн  нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх Ө.Ө ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн нь хуульд нийцсэн байна.

 

Прокурор “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэсэн дүгнэлт нь тогтоох хэсэгт хүлээлгэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан заалтаас зөрүүтэй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн заалтыг сануулаагүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна...” гэж зааснаар бүх шатны шүүхийн шүүх хуралдаан нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хөтөлсөн тэмдэглэлээс гадна, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулагдаж байгаа.   

 

Тус Ө.Ө холбогдох 1911005670297 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг анхан шатны шүүх уншин сонсгохдоо шүүгдэгч Ө.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглээгүй болох нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байна.

 

Харин шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг Ө.Ө үүрэг болгосон заалтыг нэмж бичжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагатай.

Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэсэн заалтыг заах нь тухайн тэнсэгдсэн Ө.Ө ийг хариуцлагажуулсан, эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг ухамсарлуулсан ач холбогдолтой заалт байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн шинжийг дутуу зааж бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга /М.Цэрэнням/ нь тус эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана...” гэснийг зөрчиж, шүүх хуралдаан даргалагчаас уншин сонсгоогүй “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ө.Ө ийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож...” гэсэн заалтыг нэмж бичсэн алдаагаа дахин гаргахгүй, анхаарч ажиллахыг энэхүү магадлалаар давж заалдах шатны шүүхээс анхааруулж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Шарайд овгийн Өлзийбатын Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Шарайд овогт Өлзийбатын Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Ө мэдэгдсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ