Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХХК

Хариуцагч: АМГТКХД

Нэхэмжлэлийн шаардлага: У ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /цаашид хариуцагч гэх/ 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон Архангай аймгийн ******* сум, ******* 1 хэмээх газарт орших *** тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хууль ёсны дагуу эзэмшиж байсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын /цаашид хариуцагч гэх / 2019.08.21-ний өдрийн *** тоот шийдвэрээр манай компанийн эзэмшлийн *** тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр цуцалсан байна.

Дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах эрхээр хангаагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар 3.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хэсэг нэмж, 3.3 Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ.

Иймээс хариуцагч шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасны дагуу Хариуцагч нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.

Тодруулбал, манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэр гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ. /оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох, сонсох ажиллагаа явуулах тайлбар нотлох баримт гаргаж өгөх зэрэг/

Хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд гомдол гаргахад Ашигт малтмал газрын тосны газрын дарга X.Хгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот албан бичгээр хариу өгсөн ба уг албан бичигт Хоёр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1.-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол; сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2,-т Энэ хуулийн 28 1-т сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох уүрэгтэй мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 "Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн архивд хадгална." заасан бөгөөд хариуцагчийн сонсох ажиллагаа хийхгүй байх шалтгаан нь нотлох баримтаар захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт зайлшгүй архивлагдан хадгалагдсан байх учиртай.

Түүнчлэн дээрх дурдсан албан бичигт сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан гэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. гэж заасан ба захиргааны байгууллага тус хуулийн 28 дугаар зүйлд заасан тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болохоор хуульчилсан байдаг бол урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон эсэхийг судлан үзвэл Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагааны зарчим гэсэн 4 дүгээр зүйлийн 4.2.6 бусдын эрх. хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.-д захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх; гэж тус тус зааснаар дүгнэвэл захиргаанд дээрх эрх огт хуулиар олгогдоогүй байна.

Захиргаа шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийхгүй /тайлбар,санал авахгүй/ байж болох боловч энэ ажиллагаанаас бусад хүрээнд оролцогчийн мэдэх эрх, нотлох баримт гаргах эрх зэргийг захиргаа эдлүүлэх ёстой, үүрэгтэй. Оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хариуцагч ноцтой зөрчиж гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. 3ахиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэсэнтэй харшилсан хэрэг болно.

Урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргасан оролцогчийн мэдэх эрх, нотлох баримт гаргаж өгөх эрх зэргийг огт хэрэгжүүлээгүйг дээд шатны захиргааны байгууллага нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

2. Хариуцагч Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн.

Хариуцагч шийдвэрээ гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэсэн ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар манай компанид мэдэгдээгүй ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх үндэслэл, түүнийг нотлох баримтыг гаргах боломжоор хангаагүй. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан ажиллагааг огт хийлгүйгээр 2019 оны *** дүгээр шийдвэр гаргажээ.

Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр, шийдвэр гаргах журам зөрчиж гаргасан дээрх шийдвэр нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна.

3. Хариуцагч хүчин төгөлдөр болоогүй захиргааны актыг үндэслэж шийдвэр гаргасан.

Хариуцагчийн шийдвэр болон энэхүү шийдвэрийг эс зөвшөөч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гомдлын хариу болох Ашигт малтмал газрын тосны газрын дарга X.Хгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/10 тоот ажлын хэсгийн дүгнэлт-ийг тус тус үндэслэл болгосныг дурдсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дүгнэлтийг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй тул дүгнэлтийг манай компанийн зүгээс танилцах хүсэлт гарган байж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ***тоот албан бичгээр 2019/10 дугаар дүгнэлтийг бичгээр хүргүүлж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчиж оролцогч этгээд болох манай компанид захиргааны актыг мэдэгдээгүй нь тухайн хүчин төгөлдөр болоогүй дүгнэлтийг үндэслэн гаргасан хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг мөн хууль бус, хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

Манай компани нь тус тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн үйл ажиллагааг эхлүүлээгүй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл болон 39 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, тогтоосон хугацаанд тухайн жилийн холбогдох тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, баталгаажуулсан. Үүнд:

1. 2006-2007 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын нөөцийн тооцооны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн баталсан. ЭБМЗ-ийн 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 32-07 тоот дүгнэлт.

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг ЭХХК 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэлэлцүүлэн 5 жилийн хугацаатайгаар батлуулсан.

3. 2019 оны 07 дугаар сарын 22-нд Уулын ажлын төлөвлөгөө, 2019 оны 08 дугаар сарын 19-нд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулсан.

4. *** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09 -ний өдрийн 484 тоот шийдвэрээр Б ХХК-иас У ХХК-д шилжүүлсэн ба 2017-2018 онд үйл ажиллагаа явуулаагүй болно.

Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба улирлын чанартай, өртөг өндөртэй, хүнд салбар бөгөөд 191 ажилтантай манай компанийн хувьд төлөвлөгөөт хуваарь алдагдаж, ажилтны цалин, техникийн сул зогсолт, банкны зээл болон техник тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн хүү төлөхөд санхүүгийн хүндрэл үүсэж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна.

Иймд У ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Кадастрын мэдээллийн санд Архангай аймгийн ******* сумын нутаг ******* нэртэй 1875 гектар бүхий МХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр хэсэгчлэн 1501 гектар талбай бүхий ******* 1 нэртэй ашигт малтмалын ашиглалтын ** тоот тусгай зөвшөөрлийг А ХХК- д хэсэгчлэн шилжүүлж олгосон байна.

А ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ** тоот тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гаргасныг хянан үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нөхөн олгох тухай" 58 дугаар шийдвэрээр Архангай аймгийн ******* сумын нутаг ******* 1 нэртэй ашигт малтмалын ашиглалтын ** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг хүчингүйд тооцож шинээр ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон байна.

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ** тоот тусгай зөвшөөрлийг "А" ХХК-ийн Б ХХК-д шилжүүлснийг бүртгэж улмаар дахин Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 484 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ** тоот тусгай зөвшөөрлийг "Б ХХК-ийн У ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 066/644 тоот, У ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19/003 тоот албан бичгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай 103 дугаар шийдвэрээр солбицолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч "У" нь Архангай аймгийн ******* сумын нутаг ******* 1 нэртэй 1417.06 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул К даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрээр цуцалсан.

К даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол гэж заасныг тус тус үндэслэн сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 15 дугаар зүйлийн 1.1-д Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус заасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч У ХХК-нь У ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан АМГТГК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

А 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрээр *** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/10 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул гэсэн үндэслэлээр У ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон байна.

Мөн хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 2019/10 дугаар дүгнэлтийг л үндэслэсэн гэж тайлбарлаж байна.

Маргаан бүхий АМГТГКХ даргын 2019 оны *** дүгээр шийдвэрийг гаргах гол үндэслэл болсон тус яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар У ХХК-нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар магадлалаар: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 381 дүгээр тогтоолоор: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ** дугаар шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 381 дүгээр тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт болох АМГТГКХ даргын 2019 оны *** дүгээр шийдвэрийг гаргах гол үндэслэл болсон тус яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/10 дугаар дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээр дурдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ** дугаар шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны *** дүгээр тогтоолуудад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон үндэслэлээ газар дээр нь бодит байдлыг шалгаагүй, байгаль орчинд хортой нөлөө учруулж буй бодит байдлыг шалгаж тогтоогоогүй, нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Иймд маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон шууд үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019/10 дугаар дүгнэлт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр хүчингүй болсон болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 110 дугаар зүйлийн 110.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч ... болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудад үндэслэн дүгнэвэл, маргаан бүхий захиргааны актыг гаргах шууд үндэслэл болсон захиргааны актыг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байх тул АМГТГКХ даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг шүүх хүчингүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актыг гаргах шууд үндэслэл болсон захиргааны акт хүчингүй болсон байх тулАМГТГКХ даргын  2019 оны *** дүгээр шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээх үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, АМГТГКХ даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч УХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ