Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/0337

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Онолбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Х.Онолбаатар

Нэхэмжлэгч: Х.Онолбаатар

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0198 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/1035/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Онолбаатарын “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч Х.Онолбаатар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Х.Онолбаатар миний бие Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад өрсөлдөн тус газрын даргаар томилогдсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журмын 13 дугаар зүйлийн 13.3-т "Энэ журамд заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн оролцогчийн шалгалтыг хүчингүй болгоно" гэж заасныг үндэслэж Х.Онолбаатар миний биеийг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт "ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж заасныг хангаагүй тул сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсоныг эс зөвшөөрч өөрийн хууль ёсны эрх ашгийн төлөө шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан.

2.2. Учир нь Х.Онолбаатар миний бие албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт "ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж байсан болох" нь Удирдлагын академийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 08/57 дугаар албан бичгээр ахлах түшмэлийн багц цагийн сургалтад бүртгэсэн болно гэх тодорхойлолтоор тухайн шалгалтанд орсон.

2.3. Гэтэл намайг дээрхи журмын дагуу хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн гэх зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь миний эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь миний бие ямар ч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн зүйл огт байхгүй.

Хэрэв би шалгалтанд орохдоо хуурамч буюу мэргэшлийн багц сургалтанд хамрагдаж төгссөн сертификат, диплом хавсаргасан байсан бол хуурамч бичиг баримт бүрдүүлсэн миний буруу,

2.4. Шалгалтанд орох мэдүүлэгтээ би мэргэшүүлэх багц цагийн сургалт төгссөн гэж мэдүүлсэн бол худал мэдүүлсэн нь миний буруу болно. Гэтэл миний бие Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журмын 13 дугаар зүйлийн 13.3-т "Энэ журамд заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн хуурамч бичиг бүрдүүлсэн нь хаана байна, худал мэдүүлсэн нь хаана байна тийм юм огт байхгүй.

2.5. Хэрэв хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 1. Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэсний дагуу намайг энэ эрүүгийн хуулийн энэ зүйл, заалтаар татаж, надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүхэд яллах дүгнэлт үйлдэн эрүүлж, шүүхийн шийтгэх тогтоолоор хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг хийсэн гэж ял оноож, тухайн шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсоны дараа сая миний орсон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн тухайн шалгалтанд орохдоо миний худал мэдүүлсэн зүйл огт байхгүй.

2.6. Үүнийг яагаад бичээд байна гэхээр шалгалт зохион байгуулсан хариуцагч байгууллага бичиг баримтыг шалгаад бичиг баримт чинь журмын шаардлага хангахгүй байна гээд буцаасан бол би ингэж эрхээ сэргээлгэхээр явахгүй байсан. Намайг яагаад тухайн үедээ хариуцагч нь

1. Бичиг баримтын бүрдэл хангасан гэж үзэж шалгалтанд бүртгэчихээд

2. Тусгай шалгалтанд оруулчихаад

3. Шалгалт авчихаад

4. Шалгалтанд бусад хүмүүстэй өрсөлдүүлчихээд

5. Намайг томилох эрх бүхий албан тушаалтанд томилох саналыг тогтоолоор хүргүүлчихээд

6. Тухайн албан тушаалд томилогдсоны дараа бичиг баримтын бүрдэл хангаагүй гэж үзэж байгаа юм бэ?

2.7. Миний нэр төр, алдар хүнд тэр хэмжээр аймаг орон нутаг, төрийн албаныхан, найз нөхөд, намайг таньдаг хүмүүсийн дунд "Х.Онолбаатар төрийн албаны шалгалтандаа хуурамч бичиг баримт өгсөн нь илэрч шалгалтан нь хүчингүй болсон" гэх яриа цуурхал аймаг даяараа явж байна. Миний төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, цэвэр ариун нэр төрөө энэхүү шалгалтаас болж гутаалгаж байна. Учир нь төрийн албаны шалгалт нь орон даяар нээлттэй явж, намайг төрийн албаны шалгалтанд орж тэнцсэнд аймаг орон нутаг гэлтгүй Улаанбаатар хот, өөр аймгаас надтай холбогдож маш олон хүн баяр хүргэж, хэцүү шалгалтанд нэгээр гарсанд гэр бүл ойр тойрны хүмүүс бүгд баяр хүргэсэн. Одоо болохоор чи хуурамчаар шалгалтанд тэнцсэн юм биш үү гэж хүмүүс асууж байна. Хариуцагч байгууллага нь тухайн үедээ та шаардлага хангахгүй байна гээд хассан бол миний нэр төр алдар хүнд унахгүй, хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдлөө гэж шүүхээр шийдүүлэх ч шаардлагагүй байсан.

2.8. Би ямар тоглоомын хүн юм уу хариуцагч байгууллага Х.Онолбаатарын шалгалтанд орох өргөдөл хүсэлтийг хүлээж авах боломжгүй байсан байна тийм учраас хүчингүй болголоо гээд өөрсдийн дураар аашилж байгаад үнэхээр харамсаж байна.

2.9. Захиргааны байгууллагын тоглоом болгож байна. Дуртай үедээ шалгалтанд оруулж, дургүйгээ хүрэхээр чиний шалгалтын хүчингүй болголоо гээд энэ хүмүүст хариуцлага гэж зүйл байна уу. Энэ шалгалтын чинь цаана бүхэл бүтэн хүний амьдрал, насаараа төрд зүтгэж олж авсан нэр төр, алдар хүндийг юу ч үгүй болгож байж болдог юм уу.

2.10. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна ... гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие энэхүү шалгалтанд хариуцагч нь бүртгэж авснаас болж хийж гүйцэтгэж байсан ажлаасаа чөлөөлөгдөж, өөрөө эрсдэл үүрч бүртгэсний дагуу шалгалтанд орж, өрсөлдөн шалгарсан байхад таны эрх хөндөгдөөгүй байна шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.11. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалт ковидын үед тасарсан байж байгаад дөнгөж эхэлж байсан. Тухайн үед удирдлагын академийн суралцаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг үндэслэж шаардлага хангасан гэж үзэж шалгалтанд бүртгэсэн болохоос миний зүгээс хуурамч бичиг үйлдэж ашиглаад гаргаж өгсөн, худал мэдүүлсэн зүйл байхгүй ер нь иргэн хүний, нэхэмжлэгчийн эрх гэж байна уу гэж бодогдож байна.

2.12. Тухайн үедээ та бичиг баримтын шаардлага хангахгүй гэсэн бол би сургалтаа дуусгаад ямар нэгэн албан тушаалд өрсөлдөх эрхийг маань хаасан байна.

 

2.13. Хамгийн гол давж заалдах гомдол минь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" тогтоолын 7 дугаар зүйл Шалгалтын бүртгэл 7 дугаар зүйлийн 7.2-т Энэ журмын 5.1-т заасан болзлыг хангасан албан хаагч, иргэн дараахь баримт бичиг, мэдээллийг оруулна. Өөрөөр хэлбэл тус журмын 7.2-т заасан 14 шаардлагатай баримт бичигийг гаргаж өгснийг хэлэлцээд оруулсан.

2.14. Энэ нь намайг хууль, журам зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн шалгалтын бүртгэл буюу бичиг баримтын шалгалтын үе шатанд сонгон шалгаруулалтын комисс хуралдаанаараа хэлэлцээд хасах ёстой, Харин би хассан тухай комиссын хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлын 1 өдрийн дотор гомдлоо гаргах журамтай.

2.15. Гэтэл тухайн сонгон шалгаруулалтын комисс хуралдаанаараа хэлэлцээд дараагийн шалгалтанд оруулсан байхад, хуралдаанаар хэлэлцээд удирдлагын академийн тодорхойлолтыг үндэслээд энэ журмын шаардлага хангаж байна гээд хуралдаанаараа шийдвэрлээд дараа дараагийн шалгалтанд оролцуулаад явсан байхад хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.16. Тухайн сонгон шалгаруулалтын комисс тухайн сонгон шалгаруулалтын бүртгэл дээр хуралдаж шийдвэрлэсэн шийдвэр, хурлын тэмдэглэл хэрэгт байхгүй байгаа бөгөөд намайг ямар үндэслэлээр бичиг баримтын шаардлага хангасан гэж үзэж дараагийн шалгалтанд оруулсныг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн комисс удирдлагын академийн тодорхойлолтыг юу гэж үзсэн талаар баримт авагдаагүй байна.

2.17. Миний бие материалаа бүрдүүлж өгснөөс хойш буюу утсаа сонсоогүй байхад над руу залгасан байсан ба 2023 оны 2 сарын 24-ны өдөр миний утсанд 99404079 дугаартай утаснаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, залгаарай, Төрийн албаны тусгай шалгалт 2022 оны 02 сарын 27-ны өдрийн 14 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд авна гэсэн мессеж ирсэний дагуу Би Улаанбаатар хот орж шалгалтууд өгсөн. Шаардлага хангаагүй бол та бичиг баримтын хувьд тэнцсэнгүй гэсэн хариу өгөх байсан. Гэтэл ингэж хариу өгч Улаанбаатар оруулж шалгалт авч бөөн юм болж тэнцэж өөр орон нутгаас хүртэл найз нөхөд холбогдож баяр хүргэж, би ч 96 хувиар шалгалтандаа тэнцэж баярлаж байсан.

2.18. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" журам нь 2023 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул 2023 оны 2 сард зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг тухайн хүчин төгөлдөр үйлчлэлгүй байсан журмын 13.3 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

2.19. Мөн тухайн журмын шаардлага өндөр буюу удирдлагын академийн сургалт Монгол Улсын хэмжээнд сургалтаа явуулахгүй ачаалал даах чадваргүй нь тодорхой болж энэхүү ажлын байрны хүний нөөцийн хомсдолтой болсноо хүлээн зөвшөөрч Тусгай шалгалтын шинэчилсэн журам 2023 оны 04 сарын 01-ны өдрөөс хэрэгжсэн боловч шалгалтанд орох хүнгүй болсны улмаас 2 сарын дараа буюу 2023 оны 06 сарын 28-ны 267 дугаар 2019 оны 01 сарын 01-ны өдрийн "Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг батлах тухай" 02 дугаар тогтоолын 1-5 дугаар хавсралтын "Мэргэжил" хэсгийг... сургалтанд хамрагдаж, төгссөн байх" гэж өөрчилсүгэй... гэж өөрчилсөн. Миний ажлын байрны шаардлага нь тухайн ТАЗ-ийн 2019 оны 02 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан ажлын байр буюу Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэлийн шаардлагыг мэргэшүүлэх сургалтанд биш, дунд хугацааны сургалтанд суусан гэж шаардлагыг бууруулсан байна.

2.20. Миний бие одоо худалдан авах ажиллагааны газарт ажиллаж байгаа бөгөөд тухайн ажлын байран дээр хариуцагчийн хүсээд байгаа сонгон шалгаруулалт болох нь тодорхой болсон. Тэр ажлын байр сул болсон. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч гэсэн тухайн ажлын байрны сул орон тоо гарсан учраас Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явагдах нь тодорхой юм. Харин миний хувьд төрийн албаны удирдих албан тушаалд анх томилогдсон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь миний эрх ашигийг ноцтой зөрчиж байна.

Эцэст нь шүүхэд мэдүүлэхэд сонгон шалгаруулалтын комисс нь шалгалтын бүртгэл буюу бичиг баримтын шаардлага хангасан гэж үзэж сонгон шалгаруулалтад оруулж шалгалт авчихаад дараа нь чамайг бид нар бүртгэх бооломжгүй байсан байна гээд жирийн нэгэн төрийн албан хаагчийн эрхийг зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Х.Онолбаатараас, Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

3. Маргаан бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн албан тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 5.7, 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” загвар батлах тухай журам”-ын 13.3 дахь заалтыг тус тус үндэслэж Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцсон Х.Онолбаатар нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын мэргэшлийн хэсэгт “ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж заасныг хангаагүй тул Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцжээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Мэргэшүүлэх багц сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна” гэж тус тус заасан.

5. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 4.1-д “дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ: ...4.1.5-д албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх, мөн өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.1-д “Энэ журмыг хангасан шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцох эрхтэй. 2.5-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагч дараах тохиолдолд шатлан дэвшүүлэх тухайн албан тушаалын шалгалтад оролцох эрхтэй, 2.5.2-д “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, гэж тус тус заажээ.  

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг шалгалтад Х.Онолбаатар нь 96.2 оноо авснаар тус зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Х.Онолбаатарыг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар түүнийг уг албан тушаалд томилжээ.

7. Нэхэмжлэгчийн шалгалт өгч томилогдсон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн мэргэшил хэсэгт “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэж тодорхойлжээ.

8. Нэхэмжлэгч нь дээрх шалгалтад оролцохоор бүртгүүлэхдээ Удирдлагын академийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08/57 дугаар тодорхойлолтыг хавсаргасан бөгөөд уг тодорхойлолтод “...Хавтгай овогтой Отгонбаатарыг төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад суралцуулахаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/141 тоот албан бичиг ирсний дагуу бүртгэсэн болно” гэжээ.

9. Мөн Х.Онолбаатар нь төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн тул Удирдлагын академийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр тушаалаар №А3869 тоот сертификат олгосон байна.

10. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарснаас хойш төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн бөгөөд шалгалтад бүртгүүлэх үед дээрх хууль болон журамд заасан шаардлагыг хангаагүй байсан болох нь тогтоогдож байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” загвар батлах тухай журам”-ын 13.3-т “Холбогдох хууль, журам зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан нь тогтоогдсон бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

12. Тодруулбал, нэхэмжлэгч нь тусгай шалгалтад бүртгүүлэх үедээ тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй болох нь нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН                   

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН