Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 180

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй

Хуралдааны нарийн бичгийн дарга Номинчимэг  

Улсын яллагч А.Нямсүрэн  

Иргэдийн төлөөлөгч Д.Мөрөн

Шүүгдэгч Д.Болор, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031328 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 56-869 тоотод оршин суудаг, Боржигон овогт Даваасамбуугийн Болор нь: /регистрийн дугаар ХЖ70021713/

Д.Болор нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чинсгэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 57-875 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин О.Түвшинжаргалыг айлд агсам тавьлаа гэж хэллээ гэсэн үл ялих зүйлээр шалтаглан танхайрч хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн бугалганы орчим нэг удаа хутгалж, биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Д.Болор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цагт гэрээсээ гараад эхнэртэйгээ уулзах гээд багшийн дээд орсон. Багшийн дээд дээр манай эхнэр байхгүй байхаар нь дүүгээс нь мөнгө аваад 200 гр архи авч уусан. Үдээс хойш Хайлааст руу гэр рүүгээ харьж яваад хохирогч Түвшинжаргалтай тааралдсан. Би Түвшинжаргалд надад 3000 төгрөг байна хоёулаа хуваагаад нэг шил архи авч хувааж ууя гэсэн. Тэгээд нэг шил архи авч Түвшинжаргалын гэрт орж уусан. Тэгээд би Боожоог дуудчих гэсэн. Боожоо гэдэг нь Түвшинжаргалын ах Болд-Эрдэнэ юм. Түвшинжаргал ахыгаа дуудаж оруулж ирээд бид гурав нөгөө архиа уусан. Би Боожоод чи сайхан дүүтэй юм аа, миний дүү амьд байсан бол ингээд дуудаад ороод ирэх байсан гэж хэлсэн. Гэтэл Боожоо юун дүү, чи юун өнгөрсөн баларсан юм яриад байгаа юм бэ гэсэн. Би чи миний дүүг алсан биз дээ гэж хэлээд уурласан. Гэтэл гэнэт Түвшинжаргал дуугай бай л даа, битгий манай гэрт агсам тавиад бай гэж хэлсэн. Би битгий хуц, танай ах миний дүүг алсан биз дээ гэсэн. Тэгтэл Түвшинжаргал тэр өнгөрсөн юм битгий яриад бай гэсэн. Би чамд хамаагүй гэж хэлсэн. Гэтэл хохирогч намайг цохиж аваад гэрээс гар гээд чирээд үүд рүүгээ хүргэсэн. Үүдний шүүгээн дээр хутга байсныг аваад анзаараагүй байхад хохирогч миний гарыг зүсчихлээ гэсэн. Тэгээд хохирогчийн гарыг харахад цус гарч байсан. Би сандраад гараад гүйсэн. Би хадмынх руугаа явж байгаад хажууд нь байдаг дүүгийндээ орж байж байгаад цагдаад баригдаад явсан гэв.

Хохирогч О.Түвшинжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Болор намайг дуудаад бид манайд архи уух болсон. Болор ахыг оруулъя гэхэд би оруулаагүй. Гэтэл Болор ахыг дуудаж оруулаад ирсэн. Тэгтэл Болор миний ахад эвгүй үг хэлсэн. Тухайн үед Болорын сэтгэл эмзэг байсан. Дүүтэй хүн сайхан юм, 100 авахуулаад гэж хэлсэн. Боожоо ах жоохон согтуу байсан. Би өөрөө тухайн үед буруу зан гаргасан. Би чиний дүү автын осолд орж нас барсан, буруутай хүн нь тогтоогдоогүй байхад яагаад миний ах руу дайраад байдаг юм бэ гэж хэлсэн. Би Болорт гар хүрээгүй, намайг эхлэж өөрийг нь цохисон гэж худал яриад байна. Би зүгээр Болорыг мангасдаад түлхсэн. Болор барьж байсан хутгаараа намайг зүссэн. Ээж нь миний багш байсан. Би шүүгдэгчтэй олон сар ингэж явсан. Бид бие биеэсээ дөлөөд яваад байсан. Шүүгдэгч Болор миний эмчилгээний зардлыг сайн төлж барагдуулсан. Миний гар одоо гайгүй болж байна. Би шүүгдэгчид гомдол саналгүй гэв.

Хохирогч О.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад гэрлүүгээ явж байхад 84-н автобусны ойролцоо манай гудамжинд байдаг Бооёо гэх залуу намайг дуудахаар нь очоод уулзахад надад 2000 төгрөг байна мөнгө нэмээд архи аваад өгөөч гэхээр нь би 4000 төгрөг нэмээд нэг шил 0.5 литрийн архи аваад манай гэрт очиж хувааж уухаар болсон. Тухайн үед Бооёо жоохон халамцуу байдалтай агсан тавих гээд Эрдэнэболд ахын гэрт орж ууна гээд байхаар нь би хэрэггүй гээд гэртээ авч орсон. Тэгээд Бооёо Эрдэнэболд ахынд уумаарс байна гээд зөрүүдлээд байхаар нь би Бооёог гэрээсээ гаргалгүй өөрөө гарч ахынд ороод энэ Бооёо танай гэрт орж архи ууна гээд байна гэж хэлэхэд Эрдэнэболд ах хэрэггүй гээд манай гэрт хамт орсон. Тэгээд бид гурав хамт архи ууж байхад Бооёо гэнэт агсам тавиад эхэлсэн. Миний бодож байгаагаар Бооёогийн дүү нь хэдэн жилийн өмнө Эрдэнэболд ахтай хамт согтуу явж байгаад дүү нь машины осолд ороод нас барсан гэж байсан. Тэрийгээ яриад тэр хоёр хэрэлдээд байхаар нь би Бооёод хандаж айлд орж ирчихээд битгий агсам тавиад бай гээд хэлтэл шууд манай хоолны шүүгээ ухаад хутга аваад миний зүүн шууг хутгалсан. Тэгээд Бооёо намайг хутгалчихаад шууд гэрээс гараад зугтаасан. Тэр үед манай хүү Төгөлдөр хамт байж байсан. Эрдэнэболд ах бас гэрээс гарч яваад хүмүүст хэлж байх шиг байсан. Болор гэдэг хүн манай гудамжинд байдаг бөгөөд бие биенийгээ сайн танихгүй боловч нэг гудамжны хүн гэдэг утгаар нь мэднэ. Тэндхийн хүн болгон архи уугаад агсам талаар нь мэдэж байгаа гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би тухайн өдрийг сайн санахгүй байна. Манай аавыг Бооёо ах хутгалсан өдөр аав орой 19 цагийн үед санагдаж байна гэртээ ирсэн бөгөөд нэг ахтай цуг ирсэн. Би юун ах юм бэ гэж асуухад Бооёо ах гэж хэлсэн. Тэгээд аав надад зайрмаг нипелион авч өгсөн ба аав та яагаад надад гоё гоё авч өгөөд байгаа юм гэхэд маргааш аавынх нь цалин бууна гэж хэлсэн. Дараа нь аав Бооёо ах 2 манай хашаанд байдаг Боожоо /Эрдэнэболд/ ахыг оруулж ирсэн. Би тухайн үед гэртээ хүүхэлдэйн кино үзээд байж байсан бөгөөд. Тэр 3 дундаа нэг архи тавиад юм яриад байж байсан. Тэгсэн чинь Бооёо ах манай гэрийн шургуулганаас хутга аваад манай аавыг хутгалсан. Тэгээд манай аавын гар гэмтсэн бөгөөд Бооё ах гэрээс гүйгээд гараад явсан. Би бас гэрээс гарч хашаанд байсан том хүмүүст аавыг хутгалчихлаа гэж хэлээд тэр хүмүүс цагдаа болон түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэболд мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай эгчийн хүүхэд Түвшинжаргалын гэрт манай гудамжны Бооёо гэдэг залуу хамт архи ууж байгаад хутгалсан гэж байсан. Би тухайн өдөр гэртээ унтаж байхад Түвшинжаргал гэрт орж ирээд Бооёо танай гэрт орж архи ууна гээд байна гэхээр нь би эхнэр унтаж байна гээд Түвшинжаргалын гэрт орсон. Тэгээд бид гурав 0.5 л архи хувааж ууж байхад Бооёо над руу чи миний дүүг алсан биз дээ гээд дайраад байхаар нь Түвшинжаргал гэрт орж ирчихээд битгий агсам тавиад маргалдаад бай тэр чинь олон жилийн өмнөх асуудал гэж хэлж байсан. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Түвшинжаргал зүүн гарын бугалгаа барьсан цус гоожиж байсан ба Бооёо байхгүй болсон байсан. Тэгээд Түвшинжаргалын хүүхдийг хүмүүс дууд гэж хэлээд би гэртээ орсон. Намайг гэртээ орох үед манай эхнэр байсан. Наранчимэг эгч түргэн дуудсан гэхээр нь би санаа амарсан юм. Түвшинжаргал тухайн үед айлд агсам тавиад хэрэггүй гэж байсан. Түүнээс хоорондоо ноцолдож зодолдсон зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5806 дугаар тоот дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн 12 см хар өнгийн хуванцар иштэй 29 см урттай хутга, ХГҮ-ээр хураан авсан хүрэн улаан өнгийн зүйл дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр В бүлгийн харъяалалтай байна гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8508 дугаартай дүгнэлт: О.Түвшинжаргалын биед зүүн бугалаганд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1096 тоот дүгнэлтэд: О.Түвшинжаргалын биед зүүн бугалганд шууны мэдрэл тасалсан шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх,

О.Түвшинжаргалын 21168 тоот өвчний түүх,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,

Гэрэл зургын үзүүлэлт,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

Д.Болорт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлж өөрчлөх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Д.Болор нь Эрдэнэболдтой миний дүү чамтай явж байгаад авто машины осолд орсон. Тэр үед чи түргэн дуудаж миний дүүд туслаагүй. Миний дүүг дайрсан хүн одоо болтол олдоогүй гэж маргаж байх үед хохирогч О.Түвшинжаргал дундуур нь орж шүүгдэгч Д.Болорыг нүүр лүү цохих зэргээр зүй бус харьцсан байна.

Иймд уг гэмт хэргийг танхайн сэдэлттэй бус хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Болор согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чинсгэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 57-875 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин О.Түвшинжаргалыг айлд агсам тавьлаа гэж хэллээ гэсэн үл ялих зүйлээр шалтаглан танхайрч хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн бугалганы орчим нэг удаа хутгалж, биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       Шүүгдэгч Д.Болорын … нэг шил архи авч Түвшинжаргалын гэрт орж уусан. Тэгээд би Боожоог дуудчих гэсэн. Боожоо гэдэг нь Түвшинжаргалын ах Болд-Эрдэнэ юм. Түвшинжаргал ахыгаа дуудаж оруулж ирээд бид гурав нөгөө архиа уусан. Би Боожоод чи сайхан дүүтэй юм аа, миний дүү амьд байсан бол ингээд дуудаад ороод ирэх байсан гэж хэлсэн. ..Үүдний шүүгээн дээр хутга байсныг аваад анзаараагүй байхад хохирогч миний гарыг зүсчихлээ гэсэн. Тэгээд хохирогчийн гарыг харахад цус гарч байсан. Би сандраад гараад гүйсэн… гэх мэдүүлэг,  

Хохирогч О.Түвшинжаргалын… 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Болор намайг дуудаад бид манайд архи уух болсон…Би Болорт гар хүрээгүй, намайг эхлэж өөрийг нь цохисон гэж худал яриад байна. Би зүгээр Болорыг мангасдаад түлхсэн. Болор барьж байсан хутгаараа намайг зүссэн. Ээж нь миний багш байсан. Би шүүгдэгчтэй олон сар ингэж явсан. Бид бие биеэсээ дөлөөд яваад байсан. Шүүгдэгч Болор миний эмчилгээний зардлыг сайн төлж барагдуулсан. Миний гар одоо гайгүй болж байна. Би шүүгдэгчид гомдол саналгүй гэх мэдүүлэг,  

Насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн …Би тухайн үед гэртээ хүүхэлдэйн кино үзээд байж байсан бөгөөд. Тэр 3 дундаа нэг архи тавиад юм яриад байж байсан. Тэгсэн чинь Бооёо ах манай гэрийн шургуулганаас хутга аваад манай аавыг хутгалсан. Тэгээд манай аавын гар гэмтсэн бөгөөд Бооё ах гэрээс гүйгээд гараад явсан. Би бас гэрээс гарч хашаанд байсан том хүмүүст аавыг хутгалчихлаа гэж хэлээд тэр хүмүүс цагдаа болон түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэболдын …гэрт манай гудамжны Бооёо гэдэг залуу хамт архи ууж байгаад хутгалсан гэж байсан. Би тухайн өдөр гэртээ унтаж байхад Түвшинжаргал гэрт орж ирээд Бооёо танай гэрт орж архи ууна гээд байна гэхээр нь би эхнэр унтаж байна гээд Түвшинжаргалын гэрт орсон. Тэгээд бид гурав 0.5 л архи хувааж ууж байхад Бооёо над руу чи миний дүүг алсан биз дээ гээд дайраад байхаар нь Түвшинжаргал гэрт орж ирчихээд битгий агсам тавиад маргалдаад бай тэр чинь олон жилийн өмнөх асуудал гэж хэлж байсан. …Нэг сэрсэн чинь Түвшинжаргал зүүн гарын бугалгаа барьсан цус гоожиж байсан ба Бооёо байхгүй болсон байсан. Тэгээд Түвшинжаргалын хүүхдийг хүмүүс дууд гэж хэлээд би гэртээ орсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохиролд 5.200.000 төгрөг төлсөн, эхнэр нь группид байдаг. Охин нь 12 дугаар ангид сурдаг зэргийг харгалзан ял оноох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваасамбуугийн Болорт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Д.Болорыг хохирогч О.Түвшинжаргалыг хутгалж биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Болорт 3 жилийн хорих ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болорт оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болорт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ё.ЦОГТЗАНДАН

 

                 ШҮҮГЧИД                                    С.БАТЖАРГАЛ

 

                                                                       Г.БУЯННЭМЭХ