| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0830/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/859 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/859
2022 9 05 2022/ШЦТ/859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Э.Билгүүн,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э ы Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “... ” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Э ы Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...”-д ажил дээрээ хамт ажилладаг хохирогч О.М тай ажлынхаа асуудлаас шалтгаалж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...”-д ажил дээрээ хамт ажилладаг хохирогч О.М тай ажлынхаа асуудлаас шалтгаалж маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч О.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ...”-д ажлын газартаа өглөө эрт очин менежертэйгээ хэдэн үг солин гал тогооны мах бэлтгэх өрөөнд ортол ажлын газрын Б гэх ахлах тогооч залуу үгийн зөрүүгүй миний баруун нүд рүү гараараа цохисон. Би цохиулснаасаа болоод хамраас цус гарч, газар сууж байтал дахин 2 удаа гараараа баруун нүд рүү цохисон. Ажлын газрын хүмүүс ирж салгаад би ажлаас гараад явсан. Маргааш өдөр нь би амрах ээлжтэй байсан учир ажилдаа ирээгүй. Орой нь Б над руу залган “хаа байсан газарт чинь олж очоод хутгалж ална шүү” гэж сүрдүүлсэн. Намайг шүүх эмнэлэгт үзүүлсний дараа Б гомдлоо буцаагаад авчих гэж гуйсан. Би ч янз бүр болоод яах вэ гээд цагдаа дээр ирж гомдол саналгүй гэдгээ хэлсэн. ..Би Б йг зохион байгуулагчдаа “хамаг юмаа зангидаад дандаа ууртай байж байх юм” гэж хэлсэн. Тухайн яриаг Б өөрийг нь зохион байгуулагчид муулсан гэж ойлгосон юм шиг байна лээ. ...Миний баруун нүд хавдаж хөхөрсөн. Хамраас нэлээн их цус гоожсон. ...Тухайн явдлыг манай дадлага хийж байсан 2 оюутан харсан. Эмнэлэгт үзүүлсэн 148.000 төгрөг ийн төлбөр хувиас минь гарсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Гэрч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “...”-д миний бие 01:00 цагт ирсэн бөгөөд ахлах тогооч О.М тухайн үед ажлын ачаалал их байхад өөрийн ээлжиндээ согтуу ирснээс болж ахлах тогооч Э.Б тай маргалдсан ба Э.Б О.М ийг цохиж биед нь гэмтэл учруулсан. О.М ийн хамраас цус гарсан байсан. Надтай ярихдаа “гэртээ очсон чинь нүд бүр хавдчихлаа” гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8390 дугаартай “...О.М ийн биед баруун нүдний ухархайн дотор хана элхэгийн хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Б йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.М нь миний ам руу салаавч хийсэн учраас түүний нүүрэн тус газарт нь нэг удаа алгадаж бэртэл гэмтэл учруулсан... ...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би ажил дээрээ байсан бөгөөд хохирогчийг маргааш ажилтай тул битгий архи уугаарай гэж хэлсэн. Гэтэл маргааш өглөө нь хохирогч архи уусан байдалтай ирсэн. Үүнээс болоод энэ хэрэг үүссэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8390 дугаар дүгнэлтээр “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б йн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Иймд шүүгдэгч Э.Б йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Б нь хохирогч О.М т хохирол төлбөрт 150.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-54/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Б йг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б йн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугааар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Э ы Б г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б йг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН