| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0839/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/864 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/864
2022 9 06 2022/ШЦТ/864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч М.Гансувд /томилолтоор/,
Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д ийн Э д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 645 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн, О овогт Д ийн Э /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Э.Н тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах “...” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан Б.А ийн 756.000 төгрөгийн үнэ бүхий бөгжийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
“Шүүгдэгч Д.Э нь Э.Н тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах “...” гэх хоолны газарт үйлчлүүлж байсан Б.А ийн 756.000 төгрөгийн үнэ бүхий бөгжийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчим хоёр найзын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... төвийн 3 дугаар давхарт байрлах ... ресторанд ороод хоол идэж байсан. Тэгээд миний гар хөөгөөд байдаг болохоор гарт байсан бөгжөө аваад бугуйн цагныхаа оосорт хийгээд оосрыг нь түгжээд куртикныхээ халаасанд хийгээд куртикээ сандалд тохоод тавьсан ба гарах болоод куртикныхээ халаасыг үзэхэд цаг нь байгаад, бөгж нь алга болсон байсан. Хяналтын камер шүүж үзэхэд 2 эмэгтэй хүн миний сууж байсан ширээний ард талын ширээнд сууж байсан бөгөөд нэг нь миний куртикыг хөдөлгөөд байх шиг харагдаж байсан, нөгөөдөх нь өөр юм хийгээд сууж байх шиг байсан. ...Миний бөгжийг олж өгсөн болохоор надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Гэрч С.О ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18 дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй “...” нэртэй ломбардад зээлийн менежерээр ажилладаг юм. ...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй орж ирээд ...Э овогтой Н гэдэг хүний нэрээр алтан бөгж 550.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Э.Н нь ганцаараа ирж мөнгийг нь төлөөд барьцаанд тавьсан бөгжөө эргүүлэн аваад явсан. Уг өдөр бөгжөө авахдаа мөнгийг ... тоот данстай Д.Э гэх хүнээс шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-18 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Э гаас шаргал өнгийн металл бөгжийг хураан авч, хохирогч Б.А д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Э.Н намайг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Тэгэхээр бүлэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр найз Э.Н тай уулзаад хоол идэхээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хоолны газарт орсон. Тухайн үед миний ард талын ширээнд хоёр хүн сууж байсан бөгөөд би сандалд өлгөсөн байсан хувцасных нь халааснаас бөгжийг нь авсан. Тэгээд Н д өөр газарт орж хоол идье гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэснийг дурдах нь зүйтэй.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор яллагдагч Д.Э д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргээс Э.Н д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгаарласан байна.
Шүүх хэрэгт авагдсан яллагдагч Э.Н , Д.Э нарын “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудтай танилцахад хэргийг тусгаарласан прокурорын тогтоолыг буруутгах үндэслэлгүй, хэргийг шүүх хуралдаанааар хянан хэлэлцэх боломжтой, бусдын эрхийг хязгаарлахгүй гэж үзсэн болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Д.Э нь яллагдагч Э.Н ын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй хоолны газраар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.А ийн гадуур хувцасны халааснаас алтан бөгж хулгайлсан, уг хулгайн алтан бөгжийг Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас 756.000 төгрөгөөр үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр санаатай нэгдэж бусдын өмчлөх эрхэд халдсан, гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэн үйлдсэн байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э г “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Э гаас шаргал өнгийн металл бөгжийг хураан авч, хохирогч Б.А д хүлээлгэн өгсөн /хх-9-10 дугаар тал/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Э г шүүхээс Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90, 93 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугааар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 81-88 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 92 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 110-11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын “...4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах...” тухай саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Д ийн Э г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э д хорих ял оногдуулахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д.Э д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН