Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/868

 

 

 

2022             9            08                                        2022/ШЦТ/868            

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Уранчимэг,

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н ийн Ц д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмээ, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н ийн Ц /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... бааранд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гээгдүүлсэн Р.Э ийн эзэмшлийн “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж олж аван бусдад зарж борлуулж завшсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Н.Ц нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... бааранд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гээгдүүлсэн Р.Э ийн эзэмшлийн “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж олж аван бусдад зарж борлуулж завшсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Р.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... бааранд найз Б, Э нарын хамт үйлчлүүлж байх үедээ өөрийн “Ай Фоне 13 Про Макс” загварын гар утсаа алдсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл болох жимстэй пиво хэрэглэсэн байсан ба согтоогүй байсан. Тухайн бааранд олон хүн байсан, мөн бүдэг гэрэлтэй байсан ба өмдний арын халаасанд байсан гар утас алга болсон. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өөрийн компьютерийг ашиглан гар утсаа хайж үзэх үед ...  дугаартай хүн гар утас ашиглаж байна гэх мэдэгдэл надад гарч ирээд алга болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

 

Гэрч М.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би ...  дугаарыг сүүлийн 3 сар барьж байгаа, ээжийн нэр дээр байдаг. Миний ашиглаж байгаа дугаар 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр цахим хаяг болох Фэйсбүүк хаягаар Н.Ц гэх хүнтэй холбогдож ...  дугаартай “Ай Фоне 13 Про Макс” загварын цагаан өнгөтэй, кодтой утас 1,000,000 төгрөгөөр худалдаж аваад ...  дугаартай Н.Ц гэх дансанд мөнгөө шилжүүлж аваад 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрөө кодыг нь гаргаад 2-3 хоног ашиглаж байгаад Чингэлтэй дүүргийн Теди төвийн гадна чэнжид 3,200,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

 

Шүүгдэгч Н.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн 11 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг ...  клубээр үйлчлүүлж байхдаа газраас Iphone 13 Pro max загварын цагаан өнгийн гар утас олсон. Тухайн гар утас нь унтарчихсан байсан ба гэр рүүгээ аваад явсан. Түүнээс хойш 10-14 хоногийн фэйсбүүкээс ...М  гэх хүнтэй холбогдоод ...1.000.000 төгрөгөөр зарсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Ц нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл шалтгаалан хаягдаж орхигдсон тухайн үед эзэн нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа зүйлийг хэлнэ.

Шүүхээс тогтоосон үйл баримтаар хохирогч Р.Э гар утсаа хаяхыг хүсээгүй буюу түүний хүсэл зоригоос үл шалтгаалах байдлаар гээгдэж, орхигдсон эд зүйл болох “Iphone 13 Pro Max” загварын гар утсыг шүүгдэгч Н.Ц олж авч бусдынх гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангаж байна.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Н.Ц д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Ц нь хохирогч Р.Э д хохирол төлбөрийг төлж барагдуулсан /хх-54/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Ц ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Н.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н ийн Ц ыг Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН