Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2018/01804/И |
Дугаар | 02001 |
Огноо | 2018-09-05 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 02001
2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2018/02001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туул 1 гудамж, 05 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Жамъян овогт Жанчивдоржийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, ШШГГ-т холбогдох,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахыг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ Эстимейт ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана гэж заасан. Тус компани үнэлгээний тайландаа 4700 гаран барилгатай харьцуулж дүгнэлт гаргасан мэтээр бичсэн. Ийм чанартай материалаар, ингэж босгосон байна гэж дүгнээгүй. Нэг айл нь гэхэд 300 м.кв бүхий 24 айлын орон сууцыг тухайн үеийн барилгын жишиг үнээр үнэлгээг гаргаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Жишээ нь гэхэд тооцоолол огт хийгдээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх аргыг хуульчилсан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэж би үзэж байна. Яагаад вэ гэхээр үнэлгээний тайланг харахаар үнэлгээний ном дүрмийн дагуу гарсан мэт харагдаж байх хэдий ч үнэлгээг нэг бүрчлэн судлаад үзэхээр орлогын, зах зээлийн, харьцуулсан гээд өртгийн зах зээлийн хандлагууд нь стандартын дагуу гараагүй байсан. Үнэлгээ хийсэн объектоо бусад объекттой харьцуулж жишиж үзээгүй байгааг эрхэм шүүгч анхаарч үзээсэй. Олон улсын үнэлгээний 300 стандарт нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг үнэлэхэд баримталдаг стандартыг баримталсан тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Нэгэнт энэ нь бага хэмжээний мөнгөний асуудал биш тул төлбөр төлөгч хэдийгээр төлбөр төлөх хэдий ч тухайн эд хөрөнгийг босгохдоо хичнээн төгрөг зарцуулсан юм бэ гэдгийг анхаараагүй, энэ хөрөнгөнд төлбөр төлөгчийн оруулсан хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай, гомдолтой байна гэж үзэж байгаа учраас үнэлгээг стандартын дагуу дахин хийлгүүлэх хүсэлтэй байна. Иймд энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хөрөнгийн үнэлгээчин мэт ийнхүү ярьж байгааг ойлгохгүй байна. Энэхүү үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуулийн хүрээнд үнэлгээ хийсэн. Би шийдвэр гүйцэтгэгчийн хувьд хөрөнгийн үнэлгээний стандартыг мэдэхгүй. Бодит байдал дээр бол тухайн 24 айлын орон сууцнаас нэг ч айлын орон сууц өнөөдөр худалдагдаагүй. Тухайн үед Ж.Б хоёр орон сууцаа чөлөөлүүлж аваад м2-ыг нь 2 500 000 төгрөгөөр худалдсан боловч өнөөдөр тэр орон сууцанд хүн амьдрах аргагүй болоод буцаагаад зарах гэхэд зарагдахгүй, Ремакс гэх хуулийн этгээд 12 орон сууцыг нь 1 800 000 төгрөгөөр зарах гээд зарж чадахгүй байгаа. Тухайн орон сууцанд нэг ч айл байхгүй. Уг барилгыг яг стандартын дагуу ашиглалтад оруулаагүй байсан. Хүн амьдрах боломжгүй орон сууц байсныг газар дээр нь очиж үзсэн хүний хувьд хэлж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг барилгад очиж үзсэн эсэхийг мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд хугацаа олгоно гэж заасан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Б-ыг хүсэлт гаргах үед талуудаас үнэлгээний талаар гомдол гараагүй байсан тул төлбөр төлөгчид нэг сарын хугацаа олгосон. Хэрвээ тухайн үед үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан байсан бол хугацаа олгох тухай хүсэлтийг хүлээж авахгүй байх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор хүсэлт бичиж хугацаа авчхаад хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч ШШГГ-тхолбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Энэхүү үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуулийн хүрээнд үнэлгээ хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагаа 72 834 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 551 616 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй Эмэралд Ливинг 24 айлын орон сууцны зориулалттай барилгын дараах тус бүр 280 м2 талбайтай 4, 6, 8, 13 тоот орон сууц, автомашины 4 ширхэг дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг дурдсан байна.
Улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1718 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгож, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй, гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18290004 дугаар тогтоолоор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 122 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилж, тус компанийн дүгнэлтээр орон сууц тус бүрийн үнийг 671 250 000 төгрөг, 4 ширхэг автозогсоол тус бүрийн үнэ 20 484 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
Нэхэмжлэгч дээрх үнэлгээг эс зөвшөөрч, ... Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана гэж заасан. Гэтэл ийм чанартай материалаар, ингэж босгосон байна гэж дүгнээгүй. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр үнэлгээний тайланг харахаар үнэлгээний ном дүрмийн дагуу гарсан мэт харагдаж байх хэдий ч үнэлгээг нэг бүрчлэн судлаад үзэхээр орлогын, зах зээлийн, харьцуулсан гээд өртгийн зах зээлийн хандлагууд нь стандартын дагуу гараагүй байсан. Үнэлгээ хийсэн объектоо бусад объекттой харьцуулж жишиж үзээгүй. Мөн олон улсын үнэлгээний 300 стандарт гэх үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг үнэлэхэд баримталдаг стандартыг баримталсан тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэл зааж шинжээчийн дүгнэлт болон үнэлгээг хүчингүй болгохоор шаардсан боловч Сэлэнгэ эстимейт ХХК-ийн дээрх дүгнэлтэд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч ШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/08531 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ