Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0216/Э |
Дугаар | 2022/ШЦТ/235 |
Огноо | 2022-09-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: С.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д овогт Сгийн Гд холбогдох 2212000000251 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Ч дүүрэг *** дүгээр хороо, Х ***-*** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Сгийн Г /РД:**000001/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Г нь Архангай аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт 2022 оны 06 дугаар сарын 24-наас 25-нд шилжих шөнө иргэн Х.Дыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, дух, нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000251 дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогч Х.Дын өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цэргийн найз Г түүний эхнэр Б, хүүхэд Эрхэс, Бгийн дүү Эрхэмбаяр, мөн манай найз охин А бид нар Архангай аймгийн Өруу явахаар болоод 19 цаг 30 минутын үед хотоос гарч явсан. Би жолоо бариад явж байсан бөгөөд манай найз Г авч явсан пивоноосоо ууж явсан. Тэгээд явах замдаа хүн зодож байсан талаараа яриад байсан. Тэгэхээр нь би нэг их зүйл тоолгүй явсан. Тэгээд бид нар замдаа явж байгаад Г унтаад өгсөн чинь түүний эхнэр Б Гы утсыг аваад үзээд сууж байсан. Тэгээд бид нар 03 цагийн орчимд Ө дээр хүрч очиход Б Гыг сэрээчих гэж хэлэхээр нь би найзыгаа сэрээгээд Гыг сэрээсэн. Тэгтэл эхнэр нь машинаас бууж алхаад яваад өгөхөөр нь Г түүний хойноос буусан. Тэгээд Г эхнэр рүүгээ уурлаад орилоод байсан. Тэгээд Г нь агсарч уурлаад машинд орж ирж суугаад машинаа асаагаад шууд л эхнэрийнхээ сууж байсан газар руу машинаа эргүүлсэн. Эхнэр нь айж сандарч гүйгээд маш их сандарсан байсан. Тэгээд Г машинаасаа буухаар нь би дагаж буугаад машинд байсан хурц үзүүртэй зүйлсийг нууж амжсан бөгөөд хаа нэгтэйгээс нэрээр маань дуудах сонсогдоод хүрч очиход Г эхнэрийгээ алгадаад газар унагаасан байсан Би хүрч очоод түүнийг болиулах гэтэл гарын алганы ар талаар миний эрүү рүү 2-3 удаа цохисон, тэгээд би Гыг тайвшруулаад болиулах гэтэл Г намайг газарт хүчтэй унагаад миний нүүр рүү гараараа маш олон удаа цохисон, би сандарч балмагдсан байсан учраас хэдэн удаа цохисныг сайн санахгүй байна. Тэгээд надаас холдсон бөгөөд би тухайн орой архи уусан хүнтэй ярих зүйг байхгүй гэж бодоод өнгөрөөсөн. Маргааш нь буцах замдаа би түүнийг дахин намайг зодох вий гэж бодоод нэг их зүйл хэлэлгүй явсан бөгөөд хотод ирээд машинаас нь буух үедээ Гд эмчилгээний зардлын талаар хэлэхэд хэдхэн хоноод эдгэчих юм чинь зүгээрээ гэж хэлээд яваад өгсөн. Г миний шанаа орчим 2-3 удаа гараараа цохисон, нүүр лүү гараараа олон удаа цохисон. Түүнээс болж хамар маань хугарсан байсан. Би өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр гэмтлийн эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэсэн. Баримт гаргаж нэхэмжлэх зүйлээ хэлнэ. Надад хохирол учруулсан асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/,
*Хохирогч Х.Дын дахин өгсөн “...Би эмчилгээнд нийт 372.909 төгрөгийн зарцуулсан, баримт байна. Эмийн баримт шатахууны баримт зэрэг зардлууд баримтаар гаргуулж хэрэгт хавсаргуулна. Одоо би хамрын таславчийн хагалгаанд орно. Тэр хагалгаанд хэдэн төгрөг зарцуулахыг би хэлж мэдэхгүй байна. Би Гаас нийт 1.200.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Өөрт учирсан цаашид гарах хохирлоо Гаас бүрэн гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/,
*Гэрч Б.Аын өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз залуу Х.Д, түүний найз Г түүний эхнэр Б /бүтэн нэрийн мэдэхгүй/ эхнэрийнх нь дүү нэрийн мэдэхгүй эрэгтэй хүүхэд нарын хамт Архангай аймгийн Өгий нуур гэх газар руу аялахаар явсан юм. Улаанбаатар хотоос гарахаас өмнө Оргил маркет орж архи согтууруулах ундааны зүйл, ууж идэх зүйл аваад явсан. Замд явж байхад Г пиво уугаад явж байсан манай найз залуу Д машин барьж явж байсан. Өгий нуур гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед очсон тэгэхэд Г нь эхнэр Бтойгоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь манай найз залуу X Д болиулах гээд Гыг эхнэрээс нь холдуулах гээд цаашаа бай гээд бие рүү нь хүрээд байсан. Тэгэхэд Г Дыг газар унагаагаад нүүр хэсэгт нь гараараа нэлээн олон удаа цохисон яг аль гараараа хэдэн цохисныг нь санахгүй байна тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Г Дын дээрээс босоход Д босоод машин руу яваад гар утсаа аваад өөрийнхөө зургийг дарсан тэгэхэд Г эхнэрийгээ чамаас боллоо гэж хэлээд нүүр хэсэгт нь 1 удаа алгадсан. Тухайн үйл явдал намжаад тэндээ хоноод маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу бүгдээрээ. Би Х.Дтай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш одоог хүртэл үерхэж байна. Г Х.Дыг зодсон Дыг газар унагаасан яаж унагаасан нь харагдаагүй газар унагаагаад нүүр хэсэгт нь гараараа цохиод байсан яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна тухайн үед гадаа харанхуй байсан. Г Улаанбаатар хотоос гараад пиво уугаад явж байгаад унтаад өгсөн Х.Дыг зодоход бараг эрүүл болсон байсан. Тэр талаар мэдэхгүй байна. Г, түүний эхнэр Б тэрний 1 настай хүүхэд, Бгийн дүү нэрийн мэдэхгүй, манай найз залуу Д, бид 6 байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
*Гэрч Х.Бы өгсөн: “...Би танина. Миний нөхөр байгаа юм. Бид 2 хамт амьдраад 3 жил болж байна. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орой нар жаргахын алдад манай нөхөр Г, Д, Дын найз охин А, манай дүү Эрхэмбаяр/ 9 настай/ манай хүү Эрхэс /1 настай/ нарын хамтаар Архангай аймгийн Ө сум руу Королла пильтер маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Тухайн үед Д машиныг барьж явсан бөгөөд манай нөхөр Г жолоочийн хажууд суугаад замдаа 2.5 гр Нийслэл нэртэй 3 ширхэг пиво ганцаараа ууж явсан. Тэгээд Архангай аймгийн Ө сумын Ө орох замд явж байхад миний зүрх өвдөөд хэсэг машинаас буусан тэгсэн Г хурдан явъя амрах газраа очъё гэхээр нь би уурлаад чи намайг ойлгохгүй байна шидээ гэхэд Г уурлаад орилоод байхаар нь би Дт хүүхдээ өгөхөөр дуудахад Д ирээд Гыг шанаа хэсэг рүү гараараа цохиод унасан тэгсэн Г босож ирээд Дын нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгсэн Д Гы цамцнаас зулгаагаад урчихсан. Тэгээд хоорондоо маргалдаад Д Гыг чирээд явахад Г босож ирээд Дыг цохисон тэгсэн Д босоод явсан. Тэгээд Дыг харахад хамраас нь цус гарсан байсан. Үүний дараа учир зүйгээ олоод Д найз охинтойгоо гэр баазад хонолоо гээд явахаар нь Г аргадаад эргээд нуурын хажууд ирээд Г майхнаа ганцаараа барьсан. Тэгээд Гы архи ч гарсан байсан. Манай нөхөр Г учруулсан. Өөр маргалдаж зодолдсон хүн байхгүй. Замдаа унтсан гэхдээ нэг их удаан унтаагүй. Зодоон болох үед шал согтуу байсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэнд хэрэглэсэн хүн хүн гэвэл манай нөхөр Г л хэрэглэсэн. Надад Г хэлэхдээ цэргийн албанд хамт байсан гэж хэлж байсан. Миний мэдэхээр маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Д манай нөхөр 2 хоорондоо их найзархаг утсаар байнга ярина үсээ Даар засуулдаг байсан. Зодоон болсноос хойш холбоо тасарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,
*С.Гы яллагдагчаар өгсөн: “... Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн албаны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9216 дугаартай
1. Х.Дын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал,
муруйлт, дух, нуруу, баруун сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг
тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх
дүгнэлт /хх-ийн 13-*** хуу/,
С.Гы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 хуу/,
Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 58 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 60-61 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь 2022 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө иргэн Х.Дыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохьж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, дух, нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212000000251 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2022 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө иргэн Х.Дыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, дух, нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Х.Дын: “...миний эрүү рүү 2-3 удаа цохисон, тэгээд би Гыг тайвшруулаад болиулах гэтэл Г намайг газарт хүчтэй унагаад миний нүүр рүү гараараа маш олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/, гэрч Б.Аын: “...Г Дыг газар унагаагаад нүүр хэсэгт нь гараараа нэлээн олон удаа цохисон яг аль гараараа хэдэн цохисныг нь санахгүй байна тухайн үед гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, гэрч Х.Бы: “...Г босож ирээд Дын нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгсэн Д Гы цамцнаас зулгаагаад урчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-*** хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас шүүгдэгч С.Гы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Х.Д, гэрч Б.А, нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч С.Г нь 2022 оны 06 дугаар сарын 24нөөс 25-нд шилжих шөнө иргэн Х.Дыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, дух, нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 20*** оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч С.Г нь иргэн Х.Дын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, дух, нуруу, баруун сарвуунд зулгарал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9216 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Гы үйлдлийн улмаас хохирогч Х.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9216 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-*** хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Х.Дарханбаяр нь 1.572.909 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтаар ирүүлсэн хохирол нь ***.500 төгрөг /хх-ийн 57хуу/, 1000 төгрөг /хх-ийн 57 хуу/, 1000 төгрөг /хх-ийн 57 хуу/, 9500 төгрөг /хх-ийн 57хуу/, 13.000 төгрөг /хх-ийн 57 хуу/, 40.350 төгрөг /хх-ийн 57 хуу/, 63.220 төгрөг /хх-ийн 57 хуу/, 50.000 төгрөг /хх-ийн 57 хуу/, 1.360 төгрөг /хх-ийн 58 хуу, 7480 төгрөг /хх-ийн 58 хуу/, 120.000 төгрөг /хх-ийн 58 хуу/, 30.000 төгрөг /хх-ийн 58 хуу/, 35.000 төгрөг /хх-ийн 58 хуу/, 3100 төгрөг /хх-ийн 58 хуу/ нийтдээ 392.909 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч С.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны үеэр түүний 1305117880 дугаартай Төрийн банкны данс руу 393.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч С.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Д нь 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч С.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Гы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Г нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Сгийн Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялын 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчид 393.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 1.200.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *** хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ