Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 23

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Э.Ш-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Э.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

ТО Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Э.Ш-тай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2012 оны 01 сарын 10-нд охин Ш.А төрсөн. Эцэг Э.Ш нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайд ажилладаг байсан. Гэрлэлтийн баталгаагүй хоёр талд, охин маань ээж, эмээ, өвөөгийн хамт амьдардаг байсан. Энэ хугацаанд охиноо эргэж тойрох нь багасч хоёр нас хүрсний дараагаас ирэхгүй нь их болсон. Одоо охин 6 настай эмээ өвөөтэйгээ амьдардаг. Охин маань одоо сургуульд орох болсон учир 2012 оны 01 сарын 10-нд төрсөн охин Ш.А төрсөн эцэг Э.Ш-гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: ... А.Б аав болох итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Ү Н Д Э С Л Э Х нь: 

Нэхэмжлэгч А.Бнь хариуцагч Э.Шгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хариуцагч Э.Шд холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа тус шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн  хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Уг захирамж нь энэ асуудлаар дахин нэхэмжлэл гарсан тохиолдолд саад болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

           1. Нэхэмжлэгч А.Б нэхэмжлэлтэй Э.Ш-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч нь энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА