Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , хариуцагч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би М.Б 2012 онд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болж амьдарч байна. М.Б тай гэр бүл болсноос хойш 2010 оны 12 сарын 07-ны өдөр охин Б.А , 2013 оны 03 сарын 13-ны өдөр охин Б.Ц , 2014 оны 12 сарын 18-ны өдөр охин О , 2017 оны 01 сарын 21-ний өдөр хүү Д  нар төрж бид одоог хүртэл хамт амьдарч байна. М.Б  нь сүүлийн жилүүдэд архи их ууж, ааш зан нь эвдэрч согтуугаар агсан тавьж хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул М.Б аас гэрлэлтээ цуцлуулж, охин Б.А , охин Б.Ц , охин Б.О , хүү Д  нараа өөрийн асрамжидаа авч М.Б аас 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би машин, мотоциклоо авахгүй харин өөрийн гэсэн малаа болон 4 хүүхдэдээ оногдох малыг авна” гэв.

Хариуцагч М.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц , О  хоёр охиноо өөрийн асрамжид авна. Эд хөрөнгө хуваахгүй, үлдсэн 2 хүүхэддээ тэтгэлэг өгнө. Би архи уудаг байсан ч Д.Г  биед хүнд, хөнгөн гэмтэл учруулж байгаагүй. Д.Г өөс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч М.Б ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дөрвөн хүүхдээ өөрийн асрамжид авч тэдэнд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

           Зохигчид 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 07-ний өдөр охин Б.А , 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Ц , 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Б.О , 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.Д  нар төрсөн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн №........ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.А , Б.Ц  Б.О , Б.Д  нарын төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч М.Б  нь гэр бүлээс гадуурх харилцаанд орж, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэн, гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэн, хэрүүл маргаан үүсгэж, эхнэр Д.Г ийг хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь халдан зодож байсан зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно” гэж тус тус заажээ.

Зохигч нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрч байсан боловч дахин гэр бүлийн таагүй уур амьсгал үүссэн, М.Б  нь гэр бүлээс гадуурх харилцаагаа үргэлжүүлсээр байгаа тул цаашид гэрлэгчдийг эвлэрүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 Хариуцагч М.Б  нь охин Б.Ц , Б.О  нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргаж байх боловч гэр бүл цуцлах болсон шалтгаан, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдэгдсэн байдал зэргийн харгалзан үзэж охин Б.А , Б.Ц , Б.О , хүү Б.Д  нарыг эх Д.Г ийн асрамжид үлдээж, эцэг М.Б аар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч харилцан тохиролцож гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хоёр ширхэг эсгий гэрийг М.Б ын өмчлөлд үлдээж, М.Б  нь Д.Г т гэр худалдан авахад нь зориулж 2.100.000 төгрөг өгөхөөр тохиролцсон  болно. 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дундын өмчлөлийн эд хөрөнгө болох малнаас өөрт болон хүүхүүддээ ногдох хэсгийг авна гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэхүү шийдвэрээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах боломжгүй юм. Харин нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нээлттэй болно. 

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь М.Б аас охин Б.А , Б.Ц , Б.О , хүү Б.Д  нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул хариуцагчаас (174.000/2х4х12=4.176.000) улсын тэмдэгтийн хураамжид 81.766 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар М.Б ,  Д.Г  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А , 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Ц , 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.О , 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Д  нарыг эх Д.Г ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.А , Б.Ц , Б.О , хүү Б.Д  нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Б аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн хоёр ширхэг эсгий гэрийг хариуцагч М.Б  өмчлөлд үлдээж, М.Б  нь Д.Г т гэр худалдан авахад зориулж 2.100.000 төгрөг өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг тайлбарласугай.

6. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 151.966 төгрөг гаргуулан 81.766 төгрөгийг улсын орлогод оруулж, 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Д.Г т олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР