Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э , хариуцагч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэхэмжлэгч Ц.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Д тай 2004 оноос 2005 он хүртэл жил амьдраад түүнээс хойш тус тусын амьдралтай 13 жил болсон. Д.Д  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй, ашиг сонирхлын зөрчилгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр 2004 оноос 2005 он хүртэл жил гаран цуг амьдарсан. Миний буруугаас болж тусдаа амьдрах болсон. Бид хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн. Манай аав, ээж дээр байдаг. Бид хоёр 10 гаруй жил тусдаа амьдарсан. Одоо өөр өөрийн амьдралтай болсон учраас гэрлэлтийн баталгаагаа салгуулах хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч Д.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Э тэй 2004 онд танилцаж гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын хувьд хэн аль нь тус тусдаа амьдраад арав гаруй жил болж байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад 

Ү Н Д Э С Л Э Х нь:

          Нэхэмжлэгч Ц.Э  нь хариуцагч Д.Д д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

           Зохигчид 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас  2003 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Д төрсөн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №101 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. /хх-н 2, 5 хуу/

Нэхэмжлэгч Ц.Э , хариуцагч Д.Д  нар нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба талууд тусдаа амьдраад 13 жил болсон, хэн аль нь хамтран амьдрагчтай болж тус тусын амьдралтай, хүүхэдтэй болсон учраас эвлэрэх боломжгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-н 8 хуу/

Зохигчид нь охин Э.Д-ний асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй  болно.

Гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, хэн аль нь хамтран амьдрагчтай, хүүхэдтэй болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон тэдний тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, охин Э.Д-ний асрамжийн талаар маргаагүй тул эцэг Ц.Э гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э,  Д.Д  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Д-ийг эцэг Ц.Э гийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон болохыг дурдсугай.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ш.Отгонцэцэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР