Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0358

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.О*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга 

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******

Нэхэмжлэгч: О.О*******

Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагч Д.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 109/2023/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нараас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тогтоолын хавсралтаар сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөнд Цэнхэр сумын Алтан овоо багт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгаагүй. Гэтэл шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсрал гэх баримтыг үндэслэл болгон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан мэтээр дүгнэсэн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоол гэх баримт хэрэгт авагдаагүй.

2.2. Нөгөөтэйгөөр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар “..тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” бүрэн эрх Хурлын Тэргүүлэгчдэд бус хуралд өөрт нь хадаглагддаг бүрэн эрх юм. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралт гэх баримтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аялал жуулчлалын зориулалтаар тухайн газрыг эзэмшүүлэх “газар зохион байгуулалтын төлөвлөгөө” батлагдсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

2.3. Иргэн Э.З*******ад 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон гэх 000309825 дугаартай гэрчилгээнд Цэнхэр сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 тоот шийдвэрийг үндэслэн газар олгосон талаар тусгагдсан. Гэвч ийм огноо дугаартай захирамж сумын Засаг дарга огт гаргаагүй байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 10 дугаартай захирамж нь “Иргэнд газар өмчлүүлэх” тухай захирамж байх бөгөөд 19 дугаартай захирамж нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулах тухай” захирамж байдаг. Ийнхүү иргэн Э.З*******ад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэх цаг хугацаанаас хойш 3 сарын дараа буюу 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Дуудлага худалдааны комисс томилох тухай” 30 дугаартай захирамжийг гаргасан байдаг. Мөн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дуудлага худалдаа явагдсан, дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулсан мэтээр үйлдэгдсэн баримтууд авагдсан.

2.4. Бодит байдал дээр газрын дуудлага худалдаа явагдаагүй, тухайн дуудлага худалдаанд Э.З*******а гэж хүн оролцоогүй түүний мөрдөн шалгах байгууллагад гэрчээр өгсөн “...би ойролцоогоор 2011 оны сүүлээр авал ажлын газрын хүнээс Архангай аймгийн Цэнхэр суманд халуун рашааны газар зарах гэж байгаа талаар мэдээлэл авсан. Тэгээн тухайн үедээ үүнийг сонирхоод газар зарах гэж байгаа хүнийх нь утасны дугаарыг олж аваад холбогдоход Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал албан тушаалтай М******* гэх хүн байсан. Ингээд тухайн хүнтэй очиж уулзахад манай дүүгийн нэр дээр 1 га газар байгаа юм үүнийг зарах гэж байгаа юм гэсэн. ...газрын бичиг баримт нь манай дүүд байгаа бичиг баримт дээр санаа зовог зүйл байхгүй би өөрөө газрын даамал нь учраас асуудалгүй шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн ...газрыг 16 сая төгрөгөөр авахаар болсон. ...тухайн ондоо багтаагаад М*******д бэлнээр Улаанбаатар хотод 25-р эмийн сангийн баруун талд байх хотхоны гадаа машиндаа өгсөн ...би газрыг дуудлага худалдаагаар аваагүй. ...миний хувьд дуудлага худалдааны талаар мэдэхгүй ...М******* гэрчилгээг надад өгөхдөө энэ газрыг хүн асуувал дуудлага худалдаагаар авсан гэж хэлээрэй гэж захисан...” гэх мэдүүлэг, шүүхэд гэрчээр өгсөн “...дуудлага худалдаанд биечлэн оролцоогүй...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогддог.

2.5. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг илт буруу үнэлэн иргэн Э.З*******а гэж хүнд анх тухайн газрыг эзэмших эрх хууль ёсоор үүссэн мэтээр дүгнэсэн. Улмаар иргэн Э.З*******а нь О.О*******тай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж уг гэрээний дагуу О.О*******ыг газар эзэмших эрх үүссэн мэтээр дүгнэсэн. Уг гэрээний гол нөхцөлд газрыг “үнэ төлбөргүй” шилжүүлж байгаа гэж тусгасан. Гэтэл Э.З*******ын “...ингээд О.О******* манай газрыг 22 сая төгрөгөөр авахаар болоод мөнгөө цувуулж өгөе гэхээр нь би зөвшөөрсөн ...О******* бид хоёрын хооронд ямар нэг тооцоо байхгүй” гэх мэдүүлэг, О.О*******ын “...би энэ газрыг 27 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх бус “худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн нь тогтоогдож байна.

2.6. Энэ тохиолдолд иргэн Э.З*******а, О.О******* нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Маргаан бүхий газрын хувийн хэрэгт иргэн Э.З*******аас иргэн О.О*******ад газар эзэмших эрх шилжсэн талаар нотлох баримт байдаггүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн талаар сумын Засаг даргын захирамж ч огт гараагүй.

2.7. Иргэн О.О*******ад 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон гэх 000309858 дугаартай гэрчилгээнд сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг үндэслэсэн талаар тусгагдсан. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сумын Засаг дарга ямар нэгэн захирамж гаргаагүй. Харин А/04 дүгээр захирамж нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гарсан “Эргэлтийн эмийн сангийн зөвлөл байгуулах тухай” захирамж байдаг. Эдгээр нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад газар эзэмших эрх иргэн Э.З*******аас иргэн О.О*******ад хууль ёсоор шилжсэн мэтээр дүгнэж болохгүй.

2.8. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар захирамжаар “тус сумын Алтан-Овоо баг Халуун усанд байршилтай газрын дуудлага худалдаанд 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О*******ад 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр байсан. 2012 онд дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдаанд О.О******* оролцоогүй, О.О*******ын газар эзэмших эрх дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас хууль бусаар газар эзэмшүүлсэн тухайн шийдвэрийг хэвээр хадгалж болохгүй.

2.9. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа нэгэнт тогтоогдсон учраас сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн “Төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ...зөрчсөн бол жг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн заалтын дагуу таслан зогсоосон. Шүүхийн зүгээс сумын Засаг даргын эл үйлдлийг “гэм буруугүйд тооцох” зарчмын асуудалтай холбон буруу тайлбарласан байна. Учир нь сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамж “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох” тухай хүний үндсэн эрхийн асуудлыг хөндөөгүй. Өөрөөр хэлбэл тухайн захирамжаар хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээгүй. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон үйл ажиллагаа илэрхий хууль зөрчиж явагдсан нь тогтоогдсон учраас тухайн нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Шүүхээр уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар газар эзэмших эрх олгосон үйлдэл, үйл ажиллагаа илэрхий хууль зөрчсөн болох нь бүр ч тодорхой нотлогдсон.

2.10. О.О******* нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батмөнхөд 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотлох баримтаар хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн бөгөөд Архангай аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас шүүх уг гэрээг нотлох баримтаар гаргуулж авсан. О.О******* нь энэ гэрээг мөрдөгчид гаргаж өгснөөс өөрөөр тухайн гэрээний дагуу газрыг шилжүүлж авах талаар төрийн аль ч байгууллагад хандаагүй байдаг.

2.11. Бусдын эзэмшиж байсан газрыг гэрээний дагуу шилжүүлж авч байгаа талаар сумын Засаг дарга, газрын даамалд хандаагүй хэрнээ гэрчилгээ бичүүлж авсан үйлдэл, тухайн газрын бусдаас мөнгөөр худалдан авсан хэрнээ үнэ төлбөргүй шилжүүлж авч байгаа мэтээр гэрээнд тусгасан үйлдэл, газрыг дуудлага худалдаагаар аваагүй хэрнээ дуудлага худалдаагаар олгогдсон байдлаар бичигдсэн сумын Засаг даргын захирамжийг хууль ёсны шийдвэр мэтээр маргаж байгаа байдал зэргээс харахад О.О*******ад тухайн газрыг эзэмших хууль ёсны итгэл үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч О.О*******аас, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар  маргажээ.

3. Маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай”  А/181 дүгээр захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “О.О*******ад газар эзэмшүүлэх тухай” А//10 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. 

4. Хариуцагчаас маргаан бүхий захирамжийн үндэслэлдээ “...Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал нь 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Алтан-Овоо багийн Халуун усанд байрлах 1 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдаагаар иргэн Э.З*******ыг 1,800,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн, түүнд уг газрыг 16,000,000 төгрөгөөр худалдсан. Газар эзэмших эрх олгох талаар сумын Засаг даргын захирамж гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлогдож тогтоогдсон, иргэн О.О******* нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан дээрх газрыг Э.З*******аас шилжүүлэн авсан гэх боловч газрыг шилжүүлсэн талаар Засаг даргын шийдвэргүйгээр О.О*******ад 2015 оны 01 дүгээр сарын 15-нд газрын гэрчилгээг бичиж олгохдоо газрын хэмжээг нэмэгдүүлэн 1 га болгосон, Алтан Овоо баг Халуун усанд байршилтай 10,000 м.кв талбайтай газрыг дуудлага худалдаанд 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О*******ад олгож байгаа мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтад Цэнхэр сум Алтан овоо баг /Халуун ус/ гэх газарт 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар дуудлага худалдаа явуулах журмаар эзэмшүүлэхээр тусгасан байна.

6. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 50 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах комиссыг томилж, дуудлага худалдаа явуулсан бөгөөд уг дуудлага худалдаанд Э.З*******а нь 1,800,000 төгрөгийн санал гаргаснаар ялагч болж, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Дуудлага худалдаанд ялагтай байгуулах гэрээ”-г байгуулж, түүнд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 тоот шийдвэрээр 000309825 дугаар гэрчилгээгээр Алтан овоо баг /Халуун ус/ гэх газар 10,000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдрийн 04 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

7. Улмаар иргэн Э.З*******а нь О.О*******тай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, өөрийн эзэмшиж байсан 10.000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг О.О*******ад шилжүүлсэн бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/04 дүгээр захирамжийг үндэслэн Цэнхэр сумын Алтан Овоо баг, Халуун ус гэх газарт 10000 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийн 000309858 гэрчилгээг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгожээ.

8. Гэтэл О.О*******ад олгосон 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдсан Цэнхэр сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/04 дүгээр захирамж нь тус оны захирамжийн архивын нэгжид бүртгэлгүй бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан А/04 дүгээр захирамж нь “Эргэлтийн эмийн сангийн зөвлөл байгуулах тухай” захирамж болох нь тогтоогдсон ба Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар захирамжаар тус сумын Алтан Овоо баг, Халуун усанд байршилтай 10000 м.кв газрын дуудлага худалдаанд 2012 онд ялагчаар тодорсон иргэн О.О*******ад 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000001266 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” №06546-2023/00002 дугаар гэрээ байгуулсан байна.

9. Дээрх үйл баримтын талаар гэрч Т.М******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...дуудлага худалдаа болсны дараа тухайн үеийн Засаг дарга нь гадны хүнд өгөхгүй, дуудлага худалдаагаа дахиж явуул гээд захирамж гаргахгүй байсан. Тэгээд захирамж нь сүүлд нь гарсан санагдаж байна. Дуудлага худалдаа явагдсаны дараа гэрээ хийж, гэрчилгээ бичиж өгсөн...” гэж,

10. Гэрч Т.Г******* шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...энэ захирамжийг би гаргасан. Миний гарыг үсэг мөн байна. Уг газрын талаарх дуудлага худалдаа болж байсан. 2012 онд дуудлага худалдаанд орсон. Уг нь төлөвлөгөөгөөр 1 га газар байсан. Тухайн үед н.Батжаргал дарга байх үедээ газар эзэмших захирамж гаргаж өгөөгүй байсаар байгаад 2019 онд би захирамжийг нь гаргасан. ...2012 онд н.З*******а дээр анх газар эзэмшүүлсэн захирамж гараагүй байсан учраас О.О*******ад шууд эзэмшүүлсэн захирамж гаргасан юм...” гэж тус тус мэдүүлжээ.

11. Мөн хэрэгт авагдсан Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “...Т.М******* нь ...бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон боловч уг үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан яллагдагчаар татаж болохгүй нөхцөл тогтоогдож байна...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэг бүртгэлийн хэргийг хаасан бөгөөд нэхэмжлэгч О.О*******ад газар эзэмших эрх олгосон захирамж, шийдвэртэй холбоотой ямар нэг дүгнэлт тогтоол гараагүй байна.

12. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

13. Дээрхээс үзэхэд иргэнд газар эзэмших эрхийг тухайн шатны Засаг дарга олгож, газрыг зөвхөн хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших бөгөөд Э.З*******ад газар эзэмшүүлэх тухай захирамжийг сумын Засаг дарга тухайн үед нь гараагүй боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, уг гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч О.О******* нь тухайн газрыг Э.З*******аас эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан ба газартаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогджээ.

14. Хариуцагчаас “...аймгийн удирдлагуудаас хэд хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийж байсан. ...Аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 305 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан бичгээр 13 иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхтэй холбоотой зөрчлийг арилгуулах, газрын эрхийг цуцлах тухай мэдэгдээд байгаа бөгөөд мөн газрын зөрчилтэй холбоотой Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 06/5811 дүгээр “Хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэл ирсэн болно...” зэргээр тайлбарласан боловч Цэнхэр сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчээс уг захирамжтай марган Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/147 дугаар захирамжаар дээрх А/15 дугаар захирамжаа хүчингүй болгосон тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

15. Өөрөөр хэлбэл хариуцагчаас дээрх албан бичгүүд ирсний дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр захирамж гарган нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/15 дугаар захирамжаа хүчингүй болгосон атлаа маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/181 дүгээр захирамжийг гаргах болсон үндэслэлээ “...аймгийн Засаг дарга болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгүүдийн дагуу ...Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэх шат дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа ...Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хуулийн дагуу хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн...” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

16. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрхтэй болсон гэх итгэл бий болсон гэж үзэхээр байна.

17. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Э.З*******ад олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авч хашаа хатган, худаг, амрагчдад зориулсан байр, байшин барьж, цэвэр бохир усны асуудлыг шийдэх зэргээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байхад анх газар эзэмшүүлсэн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА                  

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН