Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 48

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           С.Энхжаргал

                                                                      Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  А.Ариунзаяа

 Хариуцагчийн төлөөлөгч     Д.Баянжаргал

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох  “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Оюунгэрэл миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд байрны багшаар томилогдон ажиллаж байгаад тус төвийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Д.Оюунгэрэл миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие анх томилогдсон өдрөөс хойш ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Ажлаас халагдах ноцтой шалтгаан байхгүй гэж үзэж байна. Миний бие 1997 онд Улаанбаатар хот дахь Анагаах ухааны коллежийг сувилагч мэргэжлээр төгссөн. Тухайн сургуулийн дотуур байрны багшаар ажиллах хугацаанд миний өөрийн үндсэн мэргэжил, дадлага, туршлага чухал хэрэгцээтэй байсныг дурьдах нь зүйтэй гэж бодож байна.

Байгууллагын удирдлагууд ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж, шаардлагатай арга хэмжээг авч болохоор байтал заавал ажлаас халах арга хэмжээ авч байгаад гомдолтой байна. Тушаалд дурдагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжөөс харахад ажилтнуудыг ерөнхийд нь тоймлон бичсэн болохоос биш бид нарыг нэр заан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй байдаг.

Иймд Д.Оюунгэрэл миний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагад дотуур байрны багшаар ажиллаж байсан Д.Оюунгэрэлийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн.

 Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Энэ хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч Д.Оюунгэрэл хангахгүй байгаа болно.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын дагуу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн болно.

2. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Цогт-Эрдэнэ, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай сургуульд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18-09 31/20 тоот зөвлөмжийг ирүүлсэн юм. Тус зөвлөмжийн боловсролын хяналтын чиглэлээр өгсөн хэсгийн 3 дугаар заалтад бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс зэрэгтэй эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан болно.

Энэ заалт нь Д.Оюунгэрэлийг чөлөөлөх нэг үндэслэл болсон бөгөөд мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг тогтоосон баримт гэж үзэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 526 дугаартай шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Д.Оюунгэрэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл миний бие нь Сэлэнгэ аймаг, Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд дотуур байрны багшаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Анх ажилд орох материалаа аваад очоод уулзахад байгууллагын удирдлага дотуур байранд хүүхдүүдтэй ажиллах учир эмнэлгийн мэргэжилтэй хүн байгаа нь давуу тал болж байна гээд намайг ажиллуулах бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр ажилд авсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хангалттай сайн биелүүлж ирсэн. Гэтэл тус төвийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр Монгол улсад боловсролын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх багш нар багшлах эрхийн үнэмлэхийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байхад шүүх уг үнэмлэхийг шууд үгүйсгэсэнд гайхаж байна. Бид нар энд тэндээс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн юм шиг багшлах эрхийн үнэмлэхийг “эргэлзээтэй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.  

Хамгийн гол учир нь анх бид нарыг хуулийн шаардлага хангахгүй гэж үзсэн бол ажилд авахыг бид нар шаардаж албан хүчээр ороогүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт ирсэн хэдий ч багш нарыг нэр заан тэмдэглээгүй байтал бид нарыг тухайн зөвлөмжид хамаарагдаж байна гэж тушаал гаргасан.

Иймд дээрхи байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгч миний эрх, ашгийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхийг  хариуцагч зөрчиж ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-09-31/20 тоот зөвлөмжийг үндэслэсэн нь буруу. Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг тайлбарлахдаа “...ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Дээрхи мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмжийн 3-т “Бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан” гэсэн байх бөгөөд ямар нэг байдлаар дотуур байрны багшийг буюу нэхэмжлэгчийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй талаар үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргасан асуудал бишь харин хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар байгууллагын удирдлагад зөвлөн туслах чиглэлээр ирүүлсэн зөвлөмж юм. Энэхүү зөвлөмжийн дагуу ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нь тухайн ажилтны хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан хэлбэр гэж үзэж байна.

Иймд гомдолд дурьдагдсан асуудлыг хянан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Баянжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага дотуур байрны багшаар ажиллаж байсан Д.Оюунгэрэлийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн дагуу гарсан шийдвэр юм. 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн  гомдол үндэслэлгүй тул манай байгууллагын гаргасан тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгэр сарын 26-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                Үндэслэх нь:

     

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд  холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь:Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн байрны багшаар ажиллаж байсан бөгөөд түүнийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,  Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан заалтуудыг баримтлан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллах багшид тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Б/38 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас нь  чөлөөлсөн байна.

 

 Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх  үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18-09-31/20 дугаартай “Зөвлөмж”-ийн “Боловсролын хяналтын чиглэл”-ээр хэсгийн 3 дахь заалтад “Бакалаврын зэрэггүй багш ажиллуулсан. /Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй гэсэн заалтыг/ Мэргэжил,  сургалт үйлпдвэрлэлийн төв нь зөрчсөн гэжээ.

 

Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн  18.1-д “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.”, 18.2-д “Мэргэжлийн сургалтыг хөтлөн удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.18.3-д “Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь 2016/008 дугаар бүхий багшлах эрхийн үнэмлэхтэй бөгөөд  түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн  гэрээ болон  Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл дотуур байрны багш нь суралцагчдын дотуур байрны амьдрах таатай орчныг бүрдүүлэх, суралцагсдын хүмүүжил төлөвшил, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллгаа явуулах, сурагчдын эцэг эх асран хамгаалагчид сургууль дотуур байрны үйл ажиллагааг танилцуулах зэрэг  ажил гүйцэтгэдэг байна.

 

Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.” гэж заасан бөгөөд энэхүү заалтаас  үзвэл Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад  багшийн мэргэжил эзэмшээгүй боловч сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан этгээд орон тооны багшаар, өөрөөр хэлбэл дотуур байрны багшаар ажиллах боломжтой бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй  байна гэж үзлээ.

 

Ажил олгогч нь ажилтантай анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүнийг ажлын байранд тавигдах шаардлага хангасан эсэх талаар зохих дүгнэлт хийлгүйгээр  ажилд томилж 2 жил гаруй хугацаагаар ажиллуулсны дараа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн дүгнэлт хийж, улмаар ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээг  цуцлах болсон үндэслэлээ тодорхой зааж хөдөлмөрийн болон холбогдох  хууль тогтоомжийг баримтлах, ажилтан ажилдаа тэнцэхгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, эсхүл ажлын хариуцлага алдсан тухай эрх бүхий байгууллагын шалгалт зэргээр тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Зөвлөмж гэдэг нь удирдлагын аливаа үйл ажиллагааг сайжруулах болон шийдвэрт тусгуулах санал, үзэл баримтлалыг хураангуйлан нэгтгэсэн баримт бичгийг хэлдэг бөгөөд ажил олгогч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тус байгууллагад бакалаврын зэрэггүй багш ажлуулсан гэсэн зөвлөмжийг үндэслэн ажилтан  мэргэжил, ур чадварын хувьд  гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж нэхэмжлэгч  Д.Оюунгэрэлийг  ажлаас чөлөөлсөн учир дутагдалтай болжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн ажлаас үндэслэлгүй халагдсан  гэсэн  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд байрны багшийн ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар түүнд ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн цалинг хэрэгт цугларсан нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээ, цалингийн цэс, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг үндэслэн сарын цалинг 496,912 төгрөгөөр тооцож, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 сар 16 хоногийн хугацааны цалин 858,304 төгрөгийн  цалинг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 526 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн: 

1 дэх заалтыг:

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Д.Оюунгэрэлийг  Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны багшийн ажилд нь эгүүлэн тогтоосугай. .” гэж,

2 дахь заалтыг:

“2.нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэл Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг  дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  хариуцагчаас 25,149 төгрөг  гаргуулан орон нутгийн оролгод оруулсугай...” гэж тус тус өөрчилж,

“21. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн    69.1-т зааснаар  хариуцагч Сэлэнгэ аймаг Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс  858,304 төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэсэн заалт  нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН