Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш ургийн овогт Н-ийн Т-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Н-ийн Т-, 1967 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл долоо, эхнэр таван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 7-4 тоотод оршин суудаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн (2002 оны) хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ой.....................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 089 тоотод 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ хохирогч У.Д-ын нүүрэн тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000062 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас);

- Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 8-21 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модон сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);

- У.Д-ыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);

- Хохирогч У.Д-оос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 34-36, 38, 41 дүгээр хуудас);

- Гэрч С.Н-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас);

- Гэрч М.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 45, 47 дугаар хуудас);

- Гэрч Г.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 49-50, 52 дугаар хуудас);

- Гэрч Я.Д-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас);

- Гэрч Ц.О-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);

- Гэрч К.Н-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 63-64, 66 дугаар хуудас);

- Гэрч Я.Ц-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас);

- Гэрч Я.Д-ы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 119 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас);

- Хохирогч У.Д-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 120 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас);

- Шүүгдэгч Н.Т-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 121 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас);

- 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс гэрч М.М-гийн мэдүүлгийг (хавтаст хэргийн 180-194 дүгээр хуудас);

- Хохирогч У.Д-ын биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 490 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 203-207 дугаар хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Гэрч К.Н-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас);

- 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс гэрч К.Н-гийн мэдүүлгийг (хавтаст хэргийн 180-194 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “2022 оны 3 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед над руу Я.Ц- эгч яриад цай уу гэж дуудсан. Би эхнэрээ дагуулж очиход У.Д, Я.Д-, Г.Б-, Я.Ц- нар бүгд архи уусан байсан. Бид хоёр эрүүл очсон. Би ороход хоёр шил архи байсан. Нэг шил архийг задалсан. Нөгөө архийг задлаагүй байсан. Би хүний задалсан архи гээд уугаагүй. Нөгөө архийг задлахад уусан. Бид танилцахад худ, ураг хүмүүс байсан. Тэнд байсан хүмүүс урьд нь архи уусан байсан учраас архи ууна гээд байсан. Би дэлгүүр явж орой 21 цаг 30 минутад 1 шил архи авч ирсэн. Тэр архийг уусан. Би гарч тамхи татаж, манай эхнэр бие засаад ороод ирэхэд У.Д нүдэндээ цохиулсан. Н.Төө намайг зодсон гээд маргаан болсон. Би У.Дыг зодоогүй. Я.Д- У.Д хоёр хоорондоо маргалдаж байсан. Дараа нь Я.Д- Ц.О- хоёр маргалдаж байсан. Ц.О- нь У.Дын хуучин нөхрийн төрсөн дүү гэсэн. Ц.О- У.Дыг өмөөрч Я.Д-тай маргалдаж байхад би салгасан. Миний эхнэр бие засна гэхээр нь би дагаад гарсан. Би гарч тамхи татаад ороод ирэхэд У.Д толгойгоо цохиулсан байсан. У.Д “Н.Төө намайг цохисон” гээд би хүн цохиогүй гэж бид нар 30 минут маргалдсан. Ингээд У.Дын хүү С.Н- ирээд намайг уурлаад нэг зодсон. Би бичлэг хийсэн. Тэр бичлэгт Ц.О- тодорхой хэлсэн байдаг. Я.Д- У.Дыг цохисон гэж хэлдэг. С.Н- ирээд бид цагдаад очсон. Маргааш нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 11 цагт Ц.О- над руу залгаад Я.Д- бид хоёр зодолдсон. Би таныг энэ хэрэгт оролцуулахгүй гэж хохирогчийн хүү С.Н- хэлж байна” гэж ярьсан. Би хүүхдийнхээ утсаар яриаг бичиж аваагүй. Ц.О- Я.Д-тай уулзаж бид хоёр зодолдоогүй гэж хэлнэ гэж байсан. Ах дүү хүмүүс мэдүүлгээ нэгтгээд өгсөн. Ийм л процесс болсон” гэх мэдүүлэг өгсөн ба нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч У.Дын “2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед би хуурай эгч Я.Ц-гийн гэрт очсон. ...Тэднийд хоол цай идэж ууж байтал Я.Ц- эгч 0.75 литрийн нэг шил архи задалж бид нар ууж байхад гаднаас Н.Т гэх хүн эхнэртэйгээ орж ирсэн. ...Бид нар нэг шил архиа ууж дуусаад миний архийг задалж ууж байхад гаднаас миний хадам дүү Ц.О-, эхнэр М.М-гийн хамт орж ирсэн. ...Тэр хоёр орж ирэхэд нь хоол унд хийгээд идэж ууж байгаад би гарч бие засчхаад орж ирэхэд гэрийн баруун талын орон дээр манай нөхөр Я.Д-ыг Н.Т, Ц.О- хоёр дарчихсан, Н.Т нь Я.Д-ы чихийг хазаж байсан. ...Би гэрт байсан хүмүүст хандаж “та нар больцгоо юу болж байгаа юм бэ? наад хүн чинь муу сайн ч гэсэн эрих татдаг эр хүн. Та нарын үр хүүхдүүдэд муу юм болов” гэж хэлэхэд Н.Т, Ц.О-, Я.Д- нар босоод сууцгаасан. Би гэрийн баруун талын гоожуурын хажууд сандал дээр суугаад гутлынхаа цахилгааныг татаад өндийхөд Н.Т над руу модон сандал аваад шидэхэд миний нүүр, нүдийг цохисон. Энэ үед М.М- “Н.Т болиоч” гэж орилж байсан. Сандлаар цохиулснаас хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас);

- Мөн хохирогчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн “...би гараад ороод ирэхэд манай нөхөр Я.Д-, Н.Т, Ц.О- гурав ноцолдож, ширээн дээрх юмнууд унасан байсан. Та нар юу болж байгаа юм бэ? Манай нөхөр Я.Д- муу ч сайн ч эрих татдаг эр хүн. Та нарт хараал, ерөөл хийж үр хүүхдүүд тань гай болов гэж хэлж байсан. Н.Т бид хоёрт маргах шаардлага гараагүй. ...Би хэрүүл зодоон болох юм шиг байна гэж бодоод гутлынхаа цахилгааныг татаад өндийхөд пасхийгээд явчихсан. Миний дотор муухайраад толгой эргэсэн. Н.Төө сандал барьж байсан. М.М- болиоч гэж байсан. Би намайг яасан бэ? гэхэд чамайг Н.Төө сандлаар давуулаад цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-194 дүгээр хуудас);

- Гэрч М.М-гийн “2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал миний нөхөр Ц.О- “найзууд дуудаж байна, очоод ирье” гээд 21 цагийн үед гараад явсан. Цаг орчмын дараа нөхөр залгаад “Я.Ц-гийн гэрт хүрээд ир” гэсэн. Би 22 цаг өнгөрөөд Я.Ц-гийн гэрт очиход гэр бүлийн найзууд болох У.Д, Н.Т, К.Н-, Я.Д-, Г.Б- нар болон миний нөхөр Ц.О- байсан. ...Бид хоорондоо ярилцаад архи уугаад сууж байтал У.Д, Н.Т нар хоорондоо хараалын үг хэлээд чухам юунаас болсон талаар мэдэхгүй маргалдаад эхэлсэн. Маргалдаад байхаар нь би гарч бие засчхаад ороод иртэл Н.Т бор өнгийн модон сандал бариад У.Дын нүүрэн тус газарт цохиж байсан. Би очиж салгаад Н.Тийг барихад У.Д босож ирээд түүнийг түлхэж айлын тавагтай боорцог, чихрийг газар унагаж, аяга таваг хагалсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас);

- Гэрч М.М-гийн дахин өгсөн “...Намайг очиход 22 цаг болж байсан бөгөөд би очоод цай ууж дуусаагүй шахам байтал миний нөхөр Ц.О-, Я.Д-, Н.Т нар хоорондоо маргалдсан. Я.Д-ыг орон дээр дарж унагаад Н.Т түүний чихийг хазсан. Тэднийг бужигнаж байхад У.Д хажуугаас нь “наад Я.Д- чинь номтой юм үздэг, та нар түүнтэй хавирч болохгүй, хар хэлтэй” гэх зэрэг юм хэлээд бусад хүмүүсийг загнаад байсан. Мөн Н.Ттэй маргалдаад “чи явчих, чамайг байхгүй бол бид нар болчих гээд байна” гэж хэлэхэд Н.Т уурлаж У.Дтой хэрэлдэж байсан. Тэгж байгаад Н.Т гэрээс гарсан ба араас нь Ц.О- гарсан. Н.Т буцаж орж ирээд сандал аваад У.Дыг сандлаар цохисон. Тухайн үед сандал шидээгүй сандал барьж байгаад У.Дыг цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн  47 дугаар хуудас);

- Гэрч М.М-гийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн “2022 оны 3 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед болсон. Би 22 цагийн үед ороход энэ хүмүүс архи уусан согтуу байсан. Би архи уугаагүй, ганцаараа эрүүл байсан. У.Д, Н.Т хоёр хоорондоо маргалдаад байсан. У.Д, Н.Т хоёр нэг нэгнийхээ үгийг хүлээн зөвшөөрөхгүй маргалдаж, цохилдсон. Бүгдээрээ согтуу учраас ямар ч үйл явдлаа мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-194 дүгээр хуудас);

- Гэрч Г.Б-ийн “...архи ууж сууж байгаад У.Д ам нь халаад жаахан үг хэлээд байхаар нь Я.Д- хажуугаар нь орж яриаг нь таслаад “чи боль” гээд дууг нь хориод байсан. Тэгж байтал Н.Т хажуугаас орж ирээд “чи эхнэрээ юм хэлж байхад зүгээр бай” гэж хэлсэн. Энэ үед Я.Д- нь Т-өөг хүзүүдэж аваад “чи дунд нь яагаад байгаа юм” гэж хэлээд нэг алгадах шиг болоход Н.Т Ц.О-д хандаж “багын найзыг чинь цохидог гэж байна ш дээ” гэхэд Я.Д-, Н.Т, Ц.О- нарын хооронд маргаан гарсан. ...Тэр гурвыг маргалдаж байхад У.Д гаднаас орж ирээд “та нар наад хүнтэйгээ битгий маргалдаад бай. Миний дөрвөн хүүхдийг хүн болгосон хүн. Тэгээд ч наад хүн чинь зүгээр нэг хүн биш, та нарт гай болно шүү. Хараал ерөөлтэй хүн шүү” гэж хэлээд гоожуурын хажууд сууж байсан. Гэрийн баруун талд Я.Д- бид хоёр сууж байсан. Энэ үед Н.Т гэрээс гараад орж ирсэн. Гэнэт М.М- “сандлаар хүн цохичихлоо” гэж хэлэхээр нь харахад У.Д гоожуурын хажууд суучихсан, түүний нүд нь хавдчихсан, хамраас нь цус гоожиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас);

- Гэрч Г.Б-ийн дахин өгсөн “...Гоожуурын дэргэд У.Д сууж байсан ба дэргэд нь М.М- эрүүл зогсож байсан. Н.Т гаднаас орж ирж байсан. Тэгж байтал таш хийх чимээ гараад эмэгтэй хүн яа гэж орилсон. Харахад У.Д нүүрээ дараад хойш налчихсан суусан. Хажууд нь Н.Т зогсож байсан ба түүнийг Н.Мөнхтуяа түлхэж холдуулаад “чи сандлаар цохичихлоо” гээд загнаж байсан. Би яг цохихыг нь хараагүй. Маргаан болоход Н.Т “би цохиогүй, Я.Д- цохисон” гэж гүтгээд байсан. Яг цохихыг нь М.М- дэргэд нь харж зогсож байсан, эрүүл байсан учир сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас);

- Гэрч Ц.О-гийн “...Би Н.Т, Я.Д- хоёр гэрт маргалдаж байхад нь очиж салгачхаад гэрээс ганцаараа гарсан. Н.Т гэрт үлдсэн юм. Одоо болохоор Н.Т “би чамтай хамт гэрээс гараад ороход У.Д цохиулчихсан байсан гээд худлаа хэлээд байсан. Би гэрээс гараад ороход Н.Т гэрт байсан. Надтай хамт гараагүй. Миний эхнэр болон бусад хүмүүс Н.Т У.Дыг сандлаар цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);

Хохирогч У.Дын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 120 дугаартай “У.Дын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, толгой, дээд уруулд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, толгой, дээд уруулд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас);

Хохирогч У.Дын биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 490 дугаартай “...У.Дын биед учирсан дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 203-207 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 089 тоотод байрлах гэрч Я.Ц-гийн гэрт 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогч У.Д, гэрч Я.Д-, Я.Ц-, Г.Б-, Ц.О-, шүүгдэгч Н.Т нар нь архидан согтуурах явцдаа гэрч Я.Д-, Ц.О-, шүүгдэгч Н.Т нар маргалджээ. Уг маргаанд хохирогч У.Д оролцож шүүгдэгч Н.Ттэй маргалдсан ба шүүгдэгч нь хохирогчийн нүүр лүү модон сандлаар нэг удаа цохисон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, толгой, дээд уруулд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 120, 490 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

Шүүгдэгч Н.Т нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн нүүр лүү сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах шалгах ажиллагааны явцад өгсөн “Би гэрийн гадна байсан тул хэн юугаар цохисныг мэдэхгүй. Би гадна тамхи татаад орж ирэхэд зодуулсан байсан. Намайг оронгуут чимээгүй байсан хүмүүс намайг зодсон гээд эхэлсэн. У.Дтой Я.Д- маргалдаж байсан тул түүнийг цохисон байх гэж хардаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гарч тамхи татаж, манай эхнэр бие засаад ороод ирэхэд У.Д нүдэндээ цохиулсан. Н.Төө намайг зодсон гээд маргаан болсон. Би У.Дыг зодоогүй. Я.Д- У.Д хоёр хоорондоо маргалдаж байсан. Дараа нь Я.Д- Ц.О- хоёр маргалдаж байсан. Ц.О- нь У.Дын хуучин нөхрийн төрсөн дүү гэсэн. Ц.О- У.Дыг өмөөрч Я.Д-тай маргалдаж байхад би салгасан. Манай эхнэр бие засна гэхээр нь би дагаад гарч явсан. Би гарч тамхи татаад ороод ирэхэд У.Д толгойгоо цохиулсан байсан. У.Д Н.Төө намайг цохисон гээд би хүн цохиогүй гэж бид 30 минут маргалдсан” гэх мэдүүлгүүд нь дээр дурдсан нотлох баримтаар няцаан үгүйсгэгдсэн, бусад баримтуудаар давхар нотлогдон тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч Н.Тийн эхнэр, гэрч К.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би тэр хооронд бие засах гээд нөхөр Н.Тийг дуудаж “хоёулаа гарч бие засъя” гэж хэлчхээд түрүүлээд гарахад араас Н.Т хувцсаа өмсөөд гарч ирсэн. Би бие засаж байхад араас Н.Т гарч ирээд тамхи татаад гэрийн гадна зогсож байсан. Н.Т тамхи татаад дуусахаар нь бид хоёр гэр лүү хамт ороход У.Д гэрийн үүдний хэсэгт суучихсан нүд нь аймаар хавдсан суусан. Тэгснээ У.Д “намайг Н.Т цохисон цохисон” гээд байсан. Н.Т бид хоёр гэрт орж ирээд хөл тавиагүй байхад Н.Тийг цохисон гээд байсан. ...би Н.Ттэй гадна явж байгаад гэрт орж ирэхэд тэгж гүтгэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн “...Бид хоёрыг анх орж ирж байхад У.Д нөхөртэйгөө маргалдаж байсан. Манай нөхөр У.Дтой маргалдсан зүйл болоогүй. Я.Д-, Ц.О- хоёр хоорондоо барьцалдаж байхад манай нөхөр боль гээд салгасан. Би тэр хооронд бие засъя гээд гараад явсан. Нөхөр удахгүй араас гараад ирсэн. Миний урд талд манай нөхөр орсон. Хаалгаа хаахад У.Д Н.Төө намайг цохичихлоо гээд хашхирч, орилж байсан” гэх мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байх тул тухайн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Т нь хохирогч У.Дын нүүр лүү сандлаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч У.Дын мэдүүлэг, гэрч М.М-, Г.Б-, Ц.О- нарын мэдүүлэг, шинжээчийн 120, 490 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон, хохирогчийн биед өөр хүн халдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хохирогч У.Дын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тэр гэмтлийг хэн учруулсан бэ? гэдгийг хангалттай нотолж тогтоогоогүй. ...У.Дыг цохисон бол сандал шидэж гэмтэл учруулсан уу? сандлаар цохиж гэмтэл учруулсан уу? тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Н.Т-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.

Хохирогч У.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Н.Т гэх хүнээс нүдний мэс засалд ороход шаардагдах 1’500’000 төгрөг, Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн автобусны мөнгө болох 85’000 төгрөг, нийтдээ 1’650’000 төгрөгийг би нэхэмжилмээр байна” гэж (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд “...Би нүдний эмчид очиж үзүүлэхэд яаралтай хагалаанд ор гэж бичиг хийж өгсөн. Тухайн үед манай хоёр хүүхэд бөөрний хагалгаанд орох шаардлагатай байсан. Би тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй хүн. Нүдний ухархайны хагалгаанд ороход 1’400’000 төгрөгийн төлбөртэй гэж хэлсэн. Надад мөнгө байгаагүй учир хагалгаа хийлгэж чадаагүй. Одоо хүртэл хагалгаа хийлгээгүй байна” гэж (хавтаст хэргийн 180-194 дүгээр хуудас) тус тус мэдүүлжээ. Хохирогчийн иргэний нэхэмжлэлийн хэмжээг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсны улмаас цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’100’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч К.Н-гийн “...Нөхөр маань төрөлхийн доголон хөлтэй, өвчийн учир группт байдаг. Н.Т зан араншингийн хувьд цагаан цайлган зантай, хэлэх үгээ хэлчихдэг, олон таван үг дэлгэж яриад байдаггүй. Архи хааяа уудаг боловч агсам согтуу тавиад байдаггүй, тамхи татдаг өөр элдэв муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрөөгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн (2002 оны) хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч хохирогчийн нүүр лүү модон сандлаар цохисон үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулах ба уг үйлдлийн улмаас хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсныг хохирол, хор уршгийн шинж чанарт хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Н.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарх зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгчийн 2022/ШЗ/163 дугаартай захирамжаар хохирогч У.Дын биед дахин шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд даалгаж шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу хохирогч У.Д Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу явж ирсэн болох нь шинжээчийн 490 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 203-207 дугаар хуудас), хот хооронд орон нутгийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар (хавтаст хэргийн 229 дүгээр хуудас) зэргээр нотлогджээ. Тодруулбал Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот хооронд зорчих нэг талын үнэ 103’000 төгрөг болох нь тогтоогдож байх тул хохирогчийг Улаанбаатар хот руу очиж, ирэхдээ нийт 206’000 төгрөгийн зардал гаргасан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ:” гэж, мөн хэсгийн 1.5-т “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах зардал” гэж, тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заажээ.

Шүүх эмнэлгийн дахин шинжилгээ хийхтэй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон хохирогчоос 206’000 төгрөгийн зардал гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Төөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Н.Тийн гар утсаар хийсэн бичлэгийг агуулсан Ди Ви Ди диск нь хэргийн ул мөрийг агуулсан, нотолгооны ач холбогдолтой тул хавтаст хэргийн хамт хадгалж, шинжээчийн 490 дугаартай дүгнэлтийн хамт ирсэн хохирогч У.Д-ын толгойн компьютерт томографын шинжилгээний хариу бүхий Си Ди диск нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдоогүй, хүний эрүүл мэндийн баримтад мэдээлэл тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон өнгийн алчуурыг дахин ашиглах боломжгүй, мөн модон сандлыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Н-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тийг 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Ди Ви Ди дискийг хавтаст хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шинжээчийн 490 дугаартай дүгнэлтийн хамт ирсэн компьютерт томографын шинжилгээний хариу бүхий Си Ди дискийг хохирогч У.Дт буцаан олгож, шар өнгийн модон сандал, ногоон алчуурыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-өөс 206’000 (хоёр зуун зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч У.Д-т олгосугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА