Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/747

 

 

 

   2022         09         21                                   2022/ШЦТ/747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Э.З /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоолт овогт ЭЗт холбогдох эрүүгийн 2211 00000 1394 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ТС-13 тээврийн хэрэгсэл саатуулах байранд жолоочийн туслах ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Энхтайваны өргөн чөлөө гудамжны Тэмүүлэл 105 дугаар байрны 50 тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Цагаан байрны буудлын зүүн талд байх Нийтийн байрны 1 дүгээр давхарын 8 тоотод түр амьдарч байгаа гэх,

Урьд: - 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Хоолт овогт ЭЗ /РД:................................................/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ЭЗ нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1 дүгээр гудамжны 61 тоот иргэн М.Энхсайханы эзэмшлийн хашаанд байхдаа 2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч Ж.Золбоогийн эзэмшлийн Самсунг эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас хохирогчид 4.274.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Энхбаатарын Золбаяр нь:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1 дүгээр гудамжны 61 тоот иргэн М.Энхсайханы эзэмшлийн хашаанд байхдаа 2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч Ж.Золбоогийн эзэмшлийн Самсунг эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас хохирогчид 4.274.905 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ж.Золбоогийн  “...Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 00:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх хаяг тодорхой мэдэхгүй манай дүү Сүмбэрийн найз Энхсайханы гэрт Сүмбэр, найз Отгонтуяа, Энхсайхан, түүний эхнэр, Золоо гээд залуу нэрийг нь сайн мэдэхгүй нарын хамт уулзаж архи уусан ба би согтоод найз Отгонтуяад өөрийн гар утас болох Самсунг эс-22 ултра загварын гар утсаа түр өгсөн байсан. Харин гэртээ харихдаа Отгонтуяа миний гар утсыг Энхсайханы эхнэрт өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд би маргааш нь тэндээ хоноод өөрийн гар утсаа Энхсайханы эхнэрээс асуухад намайг буцааж аваад 2-3 цаг гарчихаад ирсэн гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйлийг их хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна ...’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Гэрч Б.Нэргүйгийн “...оройн 00 цагийн үед санаа зовоод залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Би Золбоог хаана байгааг хүнээс сонсож мэдээд очсон. Уг газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1 дүгээр гудамжинд 61 тоот Сүмбэрийн найз Энхсайхан гэх хүний гэрт нэлээн согтуу байдалтай байсан. Миний хүүгийн гар утас болох Самсунг эс-22 ултра загварын гар утас алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Гэрч М.Энхсайханы “Золбоо ах хамтран амьдрагч Алтанчимэгээс өөрийн гар утсаа аваад гараад явсан ба Алтанчимэг, Золбаяр, Сүмбэр бид хэд уух юмгүй болчихоод гараад 7 буудлын “Си Юү” дэлгүүр ороод уух юм авчихаад буцаад гэртээ хариад авсан юмнуудаа уучихаад унтацгаасан ...тухайн үед хамт архи ууж байсан найз Золбаяр байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл болон Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн №ЧД2-22-659 дугаартай “ ...гар утас Самсунг эс-22 ултра 4.274.905 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-47 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Зын  “...Би 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн найз болох Сүмбэр, Алтанчимэг, Энхсайхан нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1-61 тоотод архи ууж байхад өмнө нь хамт ажиллаж байсан Золбоо гэх ах гадаадаас ирсэн гээд Отгонтуяа гэх эмэгтэйгийн хамт ирсэн. Тэгээд бид хэд хамт архи уугаад сууж байтал Отгонтуяа нь Золбоогийн гар утас газар уначихлаа гээд Алтанчимэгт өгөөд өөрөө явлаа гээд яваад өгсөн юм. Дараа нь Золбоо Алтанчимэгээс утсаа авахыг нь харсан юм. Тэгээд бид нарын ууж байсан юм дуусаад гарч уух юм авахаар бид нар хашаанаас гараад явахад Золбоо хашаан дотор нилээн согтуу байхаар нь гар утсаа өгч бай, ганц яричихъя гэж хэлээд согтууг нь далимдуулан аваад 7 буудлын CU дэлгүүр лүү явсан нөгөө хэдийн араас очоод CU дотор байхдаа тухайн гар утсыг шүдний чигчлүүрээр сим картыг гаргаж аваад утсыг нь унтраасан ...би утсыг буцааж эвдрэл гэмтэл үүсгэлгүйгээр Золбоод хүлээлгэн өгсөн, санал гомдолгүй болгосон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 68 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Энхбаатарын Золбаяр нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1 дүгээр гудамжны 61 тоот иргэн М.Энхсайханы эзэмшлийн хашаанд байхдаа 2022 оны 07 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч Ж.Золбоогийн эзэмшлийн Самсунг эс-22 ултра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас хохирогчид 4.274.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэх талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 4.274.905  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Зт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчийн Samsung galaxy s22 Ultra загварын гар утсыг биетээр хүлээлгэн өгсөн ба энэ талаар мөрдөгч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлджээ.

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “... Samsung galaxy s22 Ultra загварын хар өнгөтэй дөрвөн булан цуурсан, камерын хэсэгт зурагдсан, ар хэсэгт /351393980606762, 354275390606762/ имей код бичсэн хуулга наасан, цэнхэр өнгийн хавтастай гэртэй гар утсыг 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв …” /хавтаст хэргийн 43 дугаар тал/ гэжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хоолт овогт ЭЗыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.274.905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ