| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2018/00118/И |
| Дугаар | 137 |
| Огноо | 2018-09-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Ч-ын хүү А.Б, охин Ч.А нарыг өөрийн асрамжид авч, Б.А хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-ийн охин Ч.А, хүү А.Б нарыг өөрийн асрамжид авч, Б.Ч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагч Б.А түүний өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.А-тэй 2010 онд танилцаж 2012 оноос хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 02 сарын 19-нд охин Ч.А, 2015 оны 06 сарын 30-нд хүү А.Б нар мэндэлсэн. Бид 2016 оноос хойш тусдаа амьдрах болсон. Учир нь 2016 оны 03 сарын 08-ны өдөр Б.А нь хамт олонтойгоо эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэсэн ба тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Би энэ байдлыг уучилж хамт амьдрах гэсэн боловч эцэг, эх нь ирээд аваад явсан. Би хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд эцэг, эхтэй нь хамт айл бууж амьдрах гэсэн боловч надтай амьдрахгүй Бор-Өндөр сум явна гээд өөрийн гэсэн тавилгаа ялгаад, хүүхдүүдийг маань аваад гэрийг минь үлдээгээд явсан. Ингээд би 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүүхдүүдээ баярлуулахаар очиход охин маань намайг дагаад уйлаад байхаар нь охиноо аваад явсан. Ер нь охин маань ээжээсээ илүү намайг гэдэг. Тэрнээс хойш би охиноо өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлж байгаа. Харин хүүгээ өөрийн асрамжид өсгөж хүмүүжүүлье гэхээр элдвээр хэлээд өгдөггүй. Б.А нь миний хүүг ой гарантай байхад нь ээждээ үлдээгээд Ховд аймаг руу ажил хийхээр яваад 2017 оны 07 сард ирчихсан явж байсан. Энэ хугацаанд ирэн очин байсан гэсэн. Ер нь хүүг маань өөрөө асарч халамжлахгүй ээждээ үлдээгээд явдаг. 2017 оны 11 сарын үед цас бударч байхад хүү маань хээр хөдөө харанхуйд уйлаад явж байхад нь нутгийн С.Т гэх хүн олж авсан байсан. Тухайн үед хүү маань нимгэн хувцастай, гар хөл нь даарчихсан, нилээд айчихсан байсан гэсэн. Мөн Б гэх хүний хажууд хүүг маань эмээ гээд гүйгээд очихоор алагдаад унагасан гэсэн. Тэгээд хамраараа шороо үмхээд унахад нь босголгүй цаашаа яваад өгсөн гэсэн. Энэ мэтээр хүүг маань хайрлаж халамжлахгүй, хайхрахгүй байдаг гэсэн ба хадмуудын ах, дүү нар нь ч чи хүүгээ өөр дээрээ аваач, хүүг чинь хайхрахгүй, халамжлахгүй бүр элдэв хараалаар дуудаж хэлж байна гэж хэлдэг. Тэгэхээр нь би хүүгээ авахаар очсон боловч хэрүүл хийж элдвээр хэлээд цагдаад өгч байсан удаатай. Миний бие хүүдээ хувцас хунар аваачиж өгдөг бөгөөд мөнгө төгрөг өгөхөөр хүүд маань зарцуулахгүй өөр зүйлд зарцуулах байх гэж бодоод хүүдээ данс нээгээд мөнгийг нь дансанд хийдэг. Хүүтэйгээ очиж уулзахад олигтой хувцас хунарч үгүй, 3 нас хүрчихээд байхад цэцэрлэгт ч явахгүй байгаа. Хүүг маань ийшээ, тийшээ явахаараа бага насны хүүхдэд харуулах юм уу эвсэл ганцааранг нь үлдээгээд явдаг гэсэн. Иймдээ ч айгаад гарч гүйгээд хөдөө хээр явж байсан байх. Б.А нь 2018 оны 12 сараас өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд одоо хүүтэй маань гурвуулаа амьдарч байгаа гэсэн. Би хүүгээ хойт эцгийн нүүр харуулмааргүй байгаа бөгөөд эхнэрийн маань эцэг, эх нь миний хүүг хайрлаж халамжлахгүй, ахуй нөхцөл муутай, аюултай эрсдэлтэй байдалд байлгаж байхад харь элгийн хүн ямар хандах билээ. Иймд хүүхдүүдээ хамтдаа аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөөсэй гэж хүсэж байгаа тул хүү А.Б, охин Ч.А нарыг миний асрамжид үлдээж, эх Б.А хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна гэв.
Хариуцагч Б.А сөрөг нэхэмжлэлдээ: Б.Ч ын нэхэмжлэлтэй танилцаж охин Ч.А, хүү А.Б нарыг аав Чинчинноров нь асран хамгаалж авч явж чадахгүй гэж үзэж Б.А миний бие хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээж Ч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ч хувийн байдлын талаар болон хүүхэд өсөж бойжих, хүмүүжих орчны талаар нэхэмжлэлийн хариу тайлбартаа тодорхой бичсэн тул давтаж бичих шаардлагагүй гэж үзлээ. Хүүхдүүдээ амгалан тайван аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх, цаашид сурч боловсроход нь анхаарал тавих нь эх хүн миний үүрэг юм. Чинчинноров нь гэртээ тогтвортой хүүхдээ хүмүүжүүлэх боломжгүй бичиг үсэг мэдэхгүй, зан харилцааны маш их доголдолтой, муу зуршилтай, эр хүний ноён нуруугүй, хов жив хөөцөлдөж хүний үгээр ямар нэгэн асуудлыг муйхар аргаар хүчээр шийдвэрлэдэг, өөрийн гэсэн үзэл бодол төлөвшөөгүй, нийгмийн харилцаанд оролцохдоо дутмаг учраас хүүхдүүдийн маань ирээдүйд сайнаар нөлөөлж үлгэр дуурайл болж чадахгүйг хамт амьдарч байсан хүнийх нь хувьд би сайн мэдэж байна. Ч нь өөрийн эрх ашгийг нэн түрүүнд тавьдаг учир хүүхдийн эрх ашиг байнга хохирч байх магадлалтай гэж үзэж байна. Би хүүхдүүдээ ааваас нь хол хөндий байлгах гэсэндээ биш хүүхдүүдийнхээ төлөө санаа зовсондоо би өөрийн гар дээрээ авч хүмүүжүүлье гэж шийдвэрлэсэн юм. Би өөрийн охин Ариунааг 3 настай байхад нь Дэлгэрхаан суманд багшлаж байхдаа цэцэрлэгт явуулж бүжгийн багш Х-ээр ганцаарчилж бүжиг заалгаж зүүн бүсийн бүжгийн тэмцээнд оролцууж тусгай байр эзлүүлж байсан. Миний охин А 2 нас хүртлээ аавыгаа таньдаггүй, бүр айдаг байсан. Дэлгэрхаан суманд 6 сар хамт амьдарч байж л аавыгаа мэддэг болсон. Одоо хүү Б нь 3 нас хүрсэн ч гэсэн аавыгаа танихгүй одоо надтай хамт амьдарч байгаа Х-ыг ааваа гэдэг. Хүү Б-ыг Бор-Өндөр сумын Нархан 2-р цэцэрлэгт бүртгүүлээд орохоор болоод байна. Би хүүхдүүдээ өөр дээрээ авсан тохиолдолд аавтай нь байнга уулзуулж аавыг нь мэдүүлж байх болно. Миний хувьд 2018 оны 08 сарын 10-нд багшлах эрхийн шалгалтанд орж тэнцэж Бор-Өндөр сумын ЕБС нөөцийн орон тоонд бүртгүүлээд ажлаа хүлээж байна. Иймд охин А, хүү Б нарыг миний асрамжид үлдээж Ч охин А, хүү Б нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Б.А-т холбогдуулан охин Ч.А, хүү А.Б нарыг өөрийн асрамжид авч, эх Б.А хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч Б.А нь эс зөвшөөрснөөс гадна охин Ч.А, хүү А.Б нарыг өөрийн асрамжид авч, эцэг Б.Ч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ч , хариуцагч Б.А нар нь 2012 оноос 2016 оныг хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд хамт амьдрах хугацаанд буюу 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Ч.А, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Б нар төрсөн болох нь 2331000013, 2331000032 бүртгэлийн дугааруудтай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүү А.Б эх Б.Анхцэцэгийн асрамжид, охин Ч.А 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эцэг Б.Ч ын асрамжид байгаа талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд зохигч цаашид хамт амьдрах боломжгүй, хэн хэнийгээ хүүхэд асран хүмүүжүүлэх чадваргүй гэх үндэслэлээр хоёр хүүхдийн асрамжийн талаар маргаж байна.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбарт дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Б.А-ийг
1. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн
2. Хүү Б-ыг аюултай, эрсдэлтэй орчинд амьдруулж байгаа
3. Хадам эх О-г хүү Б-ын эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
4. Цэцэрлэгт явуулдаггүй, ганцааранг нь орхидог гэх үндэслэлүүдээр буруутгаж мэтгэлцэж байх боловч дээрх үндэслэлүүд нотлогдохгүй, хүү А.Б-ын асрамжийг өөрчлөх хэмжээнд нөлөөлөхгүй гэж үзлээ.
Үүнд 1. Хариуцагч Б.А-ийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх боловч Б.А нь хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
2. Хүү А.Б-ыг 2017 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Үнэгт гэх газарт явж байсныг С.Т гэх хүн олж Б, О нарт хүлээлгэж өгсөн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч А.Б одоо эх Б.А-ийн асрамжид Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдарч байгаа тул түүнийг эрсэлтэй аюултай орчинд амьдарч байна гэж үзэх боломжгүй.
3. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн, эрүүгийн цагдаагийн хэсгийн Дархан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Ч нь Г.О-г зээ хүү А.Б-ыг зодож цохисон гэх гомдол мэдээллийг нь шалгаад нотлогдохгүй байна гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-н 65 хуу/
4. Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтаар А.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нархан цэцэрлэгийн дунд бүлэгт хүмүүжиж байгаа, Б.А нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуульд нарийн бичгээр ажиллаж байгаа байдлууд тогтоогдлоо.
Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Ч нь Хэнтий аймгийн Дархан сумын төвөөс 50 км зайтай мал маллаж амьдардаг, охин Ч.А түүний асрамжид бус Улаанбаатар хотод байгаа гэж тайлбарлаж байна.
Иймд хүүхдүүдийн сурч боловсрох болон ахуй нөхцөл, хүүхдийн нас зэргийг харгалзан үзэж охин Ч.А, хүү А.Б нарыг эх Б.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Б.Ч Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Дээрх нэхэмжлэлүүдийн улсын тэмдэгтийн хураамж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 төгрөгөөр тодорхойлогдох тул нэхэмжлэгч Б.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид 59.300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 10.900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч Б.Ч 70.200 төгрөг гаргуулан хариуцагч Б.А олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон
Т О Г Т ОО Х нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ч.А, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Б нарыг эх Б.А-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Б.Ч ын охин Ч.А, хүү А.Б нарыг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Ч.А, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Ч оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах,хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин Ч.А, хүү А.Б нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Б.А-т сануулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид 59.300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 10.900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, нэхэмжлэгч Б.Ч 70.200 төгрөг гаргуулан хариуцагч Б.А олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР