Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б ургийн овогт О-ын О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-ын О, 1975 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөлсөөр мал малладаг ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр багийн 8-33 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: оо................

Холбогдсон хэргийн талаар:

Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр багийн нутагт “Петровис ШТС”-ын эсрэг талд байх замын хажууд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч О.О, хохирогч М.Б нар нь архидан согтуурах явцдаа шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгойг чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000147 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);

- Хохирогч М.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас);

- М.Б-ыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

- Хохирогч М.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Г.П-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);

- Гэрч П.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Хохирогч М.Б-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 287 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

 

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй ба “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Ялын доод хэмжээг өгнө үү” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч М.Б-ын “...2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баруун дөрвөн замын автобусны буудал дээр би өөрийн авга ах болох О-ын О-тэй “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. Уг архийг ууж дуусаад О.О ах нэлээд согтчихсон байхад Б- гэх залуу бид хоёр дээр “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архитай ирсэн. Б-д хандаж “О.О ах нэлээд согтчихсон байна ахад архи өгч хэрэггүй хоёулаа хуваагаад уучихъя” гэж хэлээд бид хоёр О.О ахыг дөрвөн замын автобусны буудал дээр үлдээгээд “Петробис ШТС”-ын ар талд очиж суусан. О.О ах Б- бид хоёрын араас хүрч ирээд “архи ууна” гэж хэлэхээр нь би “та их согтсон байна, ууж хэрэггүй” гэж хэлээд “Петровис ШТС”-ын урд талд буюу ертөнцийн зүгээр замынхаа хойд хэсэгт гарч суухад О.О ах надад архи өгөхгүй байна гэж хэлээд газарт байсан чулуу авч миний толгой хэсэгт нэг удаа цохичхоод зугтчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас) өгчээ.

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Г.П-ийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед “Жимст хөхий” хүнсний дэлгүүрээ хаачхаад гэр лүүгээ явж байх замд буюу “Петровис ШТС”-ын эсрэг талд буюу ертөнцийн зүгээр замынхаа ар талд толгой тус газраа цохиулчихсан толгойноос нь цус гарсан хүн суусан учир би тэр хавьд явж байсан эргүүлийн цагдаад мэдэгдсэн. Эргүүлийн цагдаа ирээд тухайн хүнийг хэн болох юу болсон талаар асуухад уг хүн намайг М-гийн Б гэдэг, Д буюу О.О намайг чулуугаар цохисон гэж хэлэхээр нь уг хүнийг М.Б болохыг мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)-ээр, гэрч П.Б-ийн “...Би 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тус багийн нутаг “Петровис ШТС”-ын эсрэг талд хүнд цохиулсан байдалтай толгойноос нь цус гарсан хүн суусан. Уг хүнээс юу болсон талаар тодруулж асуухад Д буюу О-ын О чулуугаар миний толгой руу цохичхоод зугтчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)-ээр тус тус нотлогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт шүүгдэгч О.О, хохирогч М.Б нар архидан согтуурах явцдаа шүүгдэгч нь архи өгсөнгүй гэх шалтгаанаар буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгойг чулуугаар цохисон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 287 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)-ээр хохирогч М.Б-ын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн чамархайн хөхлөг сэртэн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Мөн дээрх гэмтлүүдийг мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тодорхойлжээ.

Тодруулбал хохирогчийн биед учирсан зүүн зулайн хуйханд язарсан шарх, зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дээрх гэмтлүүдийг шүүгдэгч учруулсан байна.

Шүүгдэгч О.О өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.О-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.

Хохирогч М.Б “...Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл байхгүй” (хавтаст хэргийн 12 дугаар хуудас) гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг, шүүгдэгч О.О “ 9 сараас эхлэн туслах малчнаар мал малладаг, сургууль цэцэрлэг орж байгаа учир хүүхдүүдээ ажил хийж тэжээх зайлшгүй шаардлагатай байх тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Л.Н “...О.О нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэг ч амьдралаа хаяад алга болчихдоггүй, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.О нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт О-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ог Улаангом тохижилт үйлчилгээ ОНҮГ-т 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА