Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 177/2022/0126/Э |
Дугаар | 2022/ШЦТ/129 |
Огноо | 2022-08-09 |
Зүйл хэсэг | 23.1.1, |
Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш ургийн овогт Ч-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2235000000143 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Ч-ийн А, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Сонор мэлмий ХХК-ийн захирал ажилтай, ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар багийн 12-26 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн (2002 оны) хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ов.......................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан Увс аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Х-т хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000143 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);
- Хохирогч М.Х-аас мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 14-15, 17 дугаар хуудас);
- Гэрч Г.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);
- Гэрч З.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);
- Криминалистикийн шинжээчийн 33 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас);
- 2022 оны 6 дугаар сарын 03-ны оройн эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо гэх баримтын хуулбарыг (хавтаст хэргийн 122 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
- Хохирогч М.Х-ын “2022 оны 6 дугаар сарын 03-ны оройн 18 цагаас 01 цаг хүртэл хугацаанд цагдаагийн дэд ахлагч Г.Б-ын хамт явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрээс амгалан тайван байдал алдагдуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу Улаангом сумын 7 дугаар багийн нутаг Монос эмийн сангийн урд очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тухайн иргэдийн дэргэд очоод илтгээд “амгалан тайван байдал алдагдуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу явж байна, харьж амраарай” гэж хэлээд явсан. Дахин тухайн газар чимээ гарахаар нь дэд ахлагч Г.Б-ын хамт очоод “хариад амарчих гэсэн яасан бэ?” гэж хэлээд уулзаж байтал бутан дотор чимээ гарах шиг болохоор нь ...яваад очиход хар өнгийн цамцтай иргэн бие засах гээд зогсож байхаар нь ...”та энд бие засаж болохгүй” гэж шаардлага тавихад “би тэгээд хаана бие засах юм, чадахгүй, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд над руу салаавч гаргаж, шүлсээ хаяж, зүй бус үгээр доромжилж маргалдсан. Эхлээд намайг заамдаж аваад зүүн талын мөрдөс энгэрийн халаас зэргийг урсан. Мөн ногоон хантаазны баруун мөр, урд хэсгийг урж, ханзалж, цээж рүү гараараа цохиход дэд ахлагч Г.Б- тухайн хүнийг гараас нь өчөөд хөдөлгөөнийг нь хязгаарласан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас);
Гэрч Г.Б-ын “2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр оройн 18 цагаас 01 цаг хүртэл хугацаанд цагдаагийн дэд ахлагч М.Х-ын хамт явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...хар өнгийн цамцтай иргэн бие засах гээд зогсож байхаар нь дэд ахлагч М.Х- очоод “...та энд бие засаж болохгүй” гэх шаардлага тавихад тухайн хүн “би тэгээд хаана бие засах юм, чадахгүй, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд дэд ахлагч М.Х- руу салаавч гаргаж, шүлсээ хаяж, зүй бус үгээр доромжилж маргалдаад М.Х-ын энгэр хэсгээс нь заамдаж аваад зүүн талын мөрдөс, энгэрийн халаас зэргийг урсан, мөн ногоон хантаазны баруун мөр, урд хэсгийг урж ханзалсан. Цээж рүү нь гараараа цохихоор нь салгах гээд би дундуур нь ороход намайг Ч.А гэгч нь заамдахаар нь дэд ахлагч М.Х- бид хоёр тухайн хүний гарыг өчиж, хөдөлгөөнийг нь хязгаарлаад цагдаагийн алба хаагч З.Б- тээврийн хэрэгсэлтэй явж байсан тул дуудаж ажил дээр ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас);
Гэрч З.Б-ийн “2022 оны 6 дугаар сарын 03-ны орой эргүүлийн үүрэг автомашинтай гүйцэтгэсэн. Шөнийн 23 цагийн үед байх явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч М.Х- над руу залгаад “ажил руу хүн авч явах гэсэн юм” гэж хэлсэн. Улаангом сумын 7 дугаар багийн нутаг Тэс петролиум шатахуун түгээхийн хажуугийн Монос эмийн сангийн үүдэнд дэд ахлагч Г.Б-, М.Х- нар болон хоёроос гурван иргэд хоорондоо маргалдсан байдалтай, М.Х-ын мөрдөс, ногоон хантааз ханзарч урагдсан байдалтай зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);
Криминалистикийн шинжээчийн 33 дугаартай “М.Х-аас хураан авсан хар өнгийн хээрийн албаны дүрэмт хувцсанд, ногоон цоохор өнгийн богино ханцуйтай цамц зэрэгт татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдсан гэмтэлтэй байна. Харин шар ногоон өнгийн хантааз дээр ямар нэгэн урагдалт, цооролт, гэмтэл байхгүй байна. Хар өнгийн цагдаагийн албаны хээрийн дүрэмт хувцасны зүүн мөрний дээд хэсэгт захны зүүн оёдлоос 4.5 см зайд 0.5 см хэмжээтэй, зүүн хажуу оёдлоос баруун тийш 4 см зайд 7 см хэмжээтэй, баруун хажуу оёдлоос зүүн тийш 4 см зайд 2 см хэмжээтэй урагдсан гэмтэлтэй. Ногоон цоохор өнгийн богино ханцуйтай цамцны баруун энгэр хэсэгт баруун хажуу оёдлоос 16 см зайд захны баруун хэсгээс доож чиглэлтэй 17 см хэмжээтэй урагдсан гэмтлүүд үүссэн байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан Увс аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Х-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байна. Шүүгдэгч нь хохирогчийг заамдаж, ноцолдох явцдаа түүний хар өнгийн хээрийн албаны дүрэмт хувцас, ногоон цоохор өнгийн богино ханцуйтай цамц зэргийг урсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч М.Х-ыг хууль сахиулагч гэж үзнэ.
Хохирогч М.Х- нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны оройн эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоо гэх баримтын хуулбарыг (хавтаст хэргийн 122 дугаар хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.А-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч М.Х-ын “...Надад учирсан хохирлыг Ч.А бүгдийн барагдуулсан. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), мөн түүний “...Маамуу овогтой Хосбаяр надад Ч.А-д гомдол санал байхгүй. Ч.Агээс 120’000 төгрөг авч хувцсаа төлүүлсэн, өөр гомдол байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь нотлогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’800’000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас), Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 97 дугаар хуудас), шүүгдэгч Ч.А-гийн яллагдагчаар өгсөн “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн (2002 оны) хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Ч-ийнгийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 2’700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2’700’000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА