Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш ургийн овогт Д-гийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2235000000142 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Д-гийн Б-, 1998 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: оп........................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь Увс аймгийн Завхан сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах цагдаагийн хэсгийн байранд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Х-ын Редми ноте-8 (Redmi note-8) загварын гар утсыг хууль бусаар гэмтээж 472’500 (дөрвөн зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000142 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас);

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас);

- Хохирогч Д.Х-оос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 24-25, 27 дугаар хуудас);

- Гэрч Б.Б-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);

- Гэрч Б.Р-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

- Хөрөнгийн үнэлгээний 209 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.Б-гаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) шинжлэн судалсан.

Шүүгдэгч Д.Б- нь нотлох баримт шинжлэн судлаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Миний хийсэн алдаа байдаг. Би хохирогчийн эд хөрөнгийг төлж өгсөн. Хохирлыг нь барагдуулсан. Прокурортой ярилцаж хүлээх ялаа тохиролцсон. Өөр хэлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хохирогч Д.Х-ын “2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Завхан сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах эрүүл мэндийн төв дээр зодоон болж байна гэх дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгчийн хамт очиж хоорондоо зодолдсон гэх Д.Б-, Б.Р-, Б.Б- нарыг цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. ...Д.Б- нь дахин хэрүүл маргаан үүсгэж Б.Б- гэх хүнийг зодох гээд дайраад байсан. Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Г.Г “дахин Б.Б-г зодож болохгүй” гэж хэлээд миний утсаар тухайн үйлдлийг баримтжуулах зорилгоор бичлэг хийж байхад Д.Б- нь миний утсыг төлөөлөгчийн гараас булааж аваад хана руу шидэж хагалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);

- Гэрч Б.Б-н “2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр би Завхан сумын хэсгийн цагдаа нарт дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нар ирээд намайг болон Д.Б-, Б.Р- нарыг цагдаагийн хэсэг рүү авч яваад хувийн мэдээлэл болон бид нарын согтолтын зэргийг шалгасан. Согтолтын зэрэг шалгах явцад Д.Б- гэх сувилагч намайг цохиод авахаар нь хэсгийн төлөөлөгч түүнийг гавлаж түр саатуулсан. Түр саатуулснаас хойш гурваас дөрвөн минутын дараа түр саатуулахаас гаргаж дахин согтолтыг шалгах явцад манай байгууллагын нягтлан Б.Р Д.Б-д хандаж “эрхлэгч эмч чиний эхнэрийг дуудлагад явуулчхаад бид хоёрыг цагдаад өгч байна, энийг цохиж алаач, би энийг нутгаасаа зайлуулна” гэх байдлаар хатгасан шинжтэй үг хэлсний улмаас дахин намайг цохих гээд дайраад байсан. Хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нар хүний биед халдаж болохгүй, уг үйлдлээ таслан зогсоо гэх зэргээр шаардлага тавьсан боловч биелүүлэхгүйгээр над руу давшлаад байсан. Хэсгийн цагдаа Д.Х “одоо болилдоо” гэж хэлэхэд “чи пизда минь юу юм” гэх байдлаар томроод байсан тул хэсгийн төлөөлөгч Г.Г нь Д.Х-ыг “утсаа өгч бай тухайн үйлдлийг баримтжуулна” гэж хэлээд утсыг нь аваад бичлэг хийх гэхэд Д.Б “дахин бичлэг хийж байна” гэж хэлээд утсыг нь гараас нь булааж аваад шидчихсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);

- Гэрч Б.Р-ын “...Д.Б нь Б.Б эмчтэй маргалдаад байсан тул хэсгийн төлөөлөгч “хэрүүл маргаан үүсгэж болохгүй” гэж хэлээд утсаараа бичлэг хийж эхлэх гэж байтал Д.Б- утсыг нь хана руу шидсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);

- Хөрөнгийн үнэлгээний 209 дугаартай “2022 оны 6 дугаар сарын байдлаар Улаангом суманд “Redmi note-8 pro” загварын гарт утасны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 472’500 (дөрвөн зуун далан хоёр мянга таван зуу) төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...хэсгийн төлөөлөгч Г.Г нь бичлэг хийж байхаар нь би уурандаа утсыг нь авч хана руу шидэж эвдсэн. Өөр ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зүйл байхгүй. Тухайн утсыг Г.Г барьж байхаар нь шидсэн ба хэсгийн цагдаа Д.Х-ын утас гэдгийг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах цагдаагийн хэсгийн байранд хохирогч Д.Х-ын Редми ноте-8 (Redmi note-8) загварын гар утсыг Г.Г-гаас булаан авч хана руу шидэж эвдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх нь хууль бус болохыг ухамсарлаж, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж хохирогчийн гар утсыг хана руу шидэж гэмтээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заажээ. Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Х-ын гар утсыг эвдэж 472’500 (дөрвөн зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь 209 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Эд хөрөнгө гэмтээх гэдэгт эд зүйл, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан түр хугацаагаар зориулалтаар нь ашиглах, хэрэглэх бололцоогүй болохыг ойлгох бөгөөд засвар үйлчилгээгээр анхны байдалд нь сэргээж болдог. Харин эд хөрөнгө устгах гэдэг нь гэмт үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон ба засварлаж анхны байдалд нь сэргээх боломжгүй болсныг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Х “...Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын сүүлээр миний урьд өмнө утас худалдаж авсан газраас Редми ноте-8 (Redmi note-8) загварын гар утас шинээр авч өгч миний хохирлыг төлж барагдуулсан” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), мөн “...миний хохирлыг Д.Б нь бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэгэн хохирол, гомдол байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар хуудас) гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар прокурор шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурор, шүүгдэгч нарын хооронд тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд буюу шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Д-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б- энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА