| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/04065/И |
| Дугаар | 2824 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2824
| 2018 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2018/02824 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ч.Ч-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А. ХХКомпанид холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл болон ажлын гүйцэтгэлд зарцуулсан 140 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ч.Ч 2013 оны 7 дугаар сард багын найз болох Ө.Барсүрэнтэй хамтран ажиллахаар тохиролцож түүний эзэмшлийн А. ХХКомпанийн барилга барих тусгай зөвшөөрлийн давхар ахиулах эрхийг шинээр авч, нэр дээр нь Сэлэнгэ аймгийн прокурорын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт оролцож, ажлын гүйцэтгэлийг зохих журмын дагуу авсан болно.Улсын прокурорын газартай 958 000 000 төгрөгийн барилга барихаар А. ХХКомпанийн нэрийн өмнөөс Ч.Ч өөрийн биеэр тус компанийн менежерээр төлөөлөн гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон.Энэхүү гэрээг байгуулахдаа Ч.Ч, А. ХХКомпанийн захирал Ө.Барсүрэн нар нь барилгыг аль болох чанартай барьж гарах ашгийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон, тус барилгын газар шорооны ажлаас эхлэн барилга барих, сантехник, цахилгаан дулааны шугам татах зэрэг ажлуудыг бүгдийг гэрээний дагуу чанартай хийж гүйцэтгэсэн байна.Анх энэ барилгын ажлын гүйцэтгэлийн тендерийг Ч.Ч хөөцөлдсөн боловч өөрт нь барилгын үйл ажиллагаа явуулдаг компани байхгүй байсан тул найз Ө.Барсүрэнгийн тусгай зөвшөөрөл дээр авч, өөрөө барилгын ажлын гүйцэтгэл дээр хяналт тавьж, туслан гүйцэтгэгч нартаа болон барилгын дотор заслаас бусад бүх ажлуудыг барилгын бригадуудтай хамтран ажиллах гэрээг А. ХХКомпанийн нэрийн өмнөөс хийж, барилгын ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй нэг ч төгрөгийн дутагдалгүй А. ХХКомпанид хүлээлгэн өгсөн.Хамтран ажиллах гэрээний дагуу Ч.Ч өөрт ноогдсон ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байна.Энэ хугацаанд Ч.Ч нь А. ХХКомпанийн захирал Ө.Барсүрэн барилгын санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулснаас зарим ажилчдын цалин, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зардал зэргүүд төлөгдөөгүйгээс гарсан санхүүгийн хүндрэлийг засах шаардлагаар өөрийн нэрээр Хаан банкнаас 2014 оны 3, 6 саруудад 40 сая төгрөгийн зээл авч дээрх барилгын ажилд зарцуулсан байна.Ч.Ч нь А. ХХКомпанитай санхүүгийн тооцоо нийлсэн байдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын барилгын ажлын гүйцэтгэлд тус компани 718 000 000 төгрөг зарцуулсан байх ба барилгын ажлын гүйцэтгэлийн захиалгын үнээс 240 000 000 төгрөгийн ашигтай ажилласан байна.Хамтран ажиллах гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн прокурорын барилга барих ажлын гүйцэтгэлийн нийт ашгийн 50 хувь болох 120 000 000 төгрөг, мөн ажил гүйцэтгэх явцад Ч.Ч нь өөрөөсөө буюу банкнаас зээл авч захиран зарцуулсан 20 000 000 төгрөг нийт 140 000 000 төгрөгийг А. ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр Д.Нэргүй, Б.Пүрэвдорж нарыг гэрчээр асуусан бөгөөд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт Барилгын норматив, баримт бичгийн тогтолцоо, Монгол улсын барилгын норм ба дүрмийг Сэлэнгэ аймаг дахь прокурорын газрын конторын барилгын угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоотой харьцуулж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа 158 204 674 төгрөг болгон нэмэгдүүлж байна.Сэлэнгэ аймаг Прокурорын газрын конторын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоонд ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, машин механизмын зардал нь шууд зардалд ордог бөгөөд энэ нь 446 441 272 төгрөг байна.Техник хяналтын зардал, нормчлалын санд төвлөрүүлэх зардал, НӨАТ, зураг төсвийн үнэ гэдэг нь компаниас зайлшгүй төлөх зардал байдаг.Энэ нь 103 132 259 төгрөг байна. Нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлал, магадлалшгүй ажлын зардал нь компанийн хуримтлал байна.Энэ нь 160 844 693 төгрөг болж байна.Шууд зардал 446 441 272 төгрөг+103 132 259 төгрөг=нийт 549 573 531 төгрөгийн зардал гарсан болох нь харагдаж байна.Хэргийн 6 дугаар хуудаст авагдсан Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 958,000,000 төгрөг бөгөөд 958 000 000 төгрөгөөс /үлдэгдэл 4 ажил/ 92 017 120 төгрөг=865 982 879 төгрөг, 865 982 879 төгрөг -549 573 531 төгрөг=талууд 316 409 348 төгрөгийн ашигтай гарч байгаа болно.Талуудын ашиг болох 316 409 348 төгрөгийг 2 тэнцүү хуваавал 158 204 674 төгрөгөөр хуваан авахаар байна.Иймд хариуцагч А. ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл 158 204 674 төгрөгийг гаргуулж өгнө үү.Мөн Ч.Чын нэхэмжлэлтэй А. ХХК-д холбогдуулан гаргасан хоёр хэрэг дээр би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, 2017 онд вагоны нэхэмжлэл гаргаад намар шийдэгдсэн хэрэг.А. ХХКомпанид холбогдуулан гаргасан нэхэмжлэл 2016 оны хэрэг учраас цаг хугацааны хувьд худлаа тайлбар байна. Тухайн 2 шүүхийн шийдвэр нь энэ хэрэгт хамааралгүй асуудал.Ч.Ч барилгын ажилд хэд хэдэн удаа зээл авсан.А. ХХКомпанид зээлийн төлбөрийг шилжүүлж байсан.БНХАУ-ын Эрээн хотоос 4 вагон цементийг зээлээр авсан.Стамфорд бридж констракшн ХХК-тай маргаад байгаа асуудал нь хятад ажилчдын цалин хөлсийг өгөлгүйгээс үүдэлтэй.Бүгд зээлээр хийгдсэн учраас цалингийн маргаан үүсээд байгаа.Анхнаасаа бүх ажил зээлээр явагдаж байсан.Ч.Ч зээлээр цемент авч, зээлээр ажиллах хүч авч ажиллуулсан.Хайрга шорооны хөлс 40 000 000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй, 40 000 000 төгрөг А. ХХКомпани Ч.Ч руу хайрга шорооны шилжүүлсэн мөнгө юм.Барилгын бүх ажлыг Ч.Ч зохион байгуулж хийсэн.Анхан шатны баримтуудыг Р.Булган гэх хүн прокурорын барилгаас мөнгө орж ирэхэд тооцоо бичсэн.Гэрч Энхтөр нь “Ө.Барсүрэн хоосон цүнхтэй ирээд бүх ажлыг Ч.Чаар бариулсан” гэж хэлсэн.Нэгдүгээрт бүх ажил зээлээр явагдсан.Ө.Барсүрэн нь Ч.Чыг ашиглаад мөнгөтэй болсон нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.Хоёрдугаарт Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-д мөнгө байж болно, ажил үйлчилгээ байж болно.Ч.Ч өөрийн улсын харцага гэх нэр хүндээр хүн амьтнаас зээл авч бүх ажлыг хийсэн нь энэ хүний нэр төр юм.Авсан зээлийг А. ХХК-иас шилжүүлсэн баримт байгаа.Цалин гэж 600,000 төгрөг, 900,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ шилжүүлсэн, 2013 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилласан бол хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол цалин олгох ёстой байсан.Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, тогтсон цалин гэж байх ёстой.Барилгыг барьж байхад Ө.Барсүрэн байгаагүй.Ч.Ч тухайн компанийн итгэмжлэлээр ажиллаж байсан.Менежер гэдэг ажлын орон тоо нь үйл ажиллагаа явуулахын тулд ашигласан нэр.Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж тухайн компанид ажиллаж байсан асуудал байхгүй.Хятад улс руу 2 удаа цемент ачуулахаар явахад 2 удаагийн гүйлгээгээр цалин гэж 600 000 төгрөг, 900 000 000 төгрөг шилжүүлсэн нь цемент ачилтын урсгал зардлын мөнгө байсан.Түүнээс цалин өгч байгаагүй.А. ХХКомпани нь санхүүгийн тайлан тооцоогоо өгөхдөө ашиггүй мэтээр гаргаж өгсөн.Анхнаасаа Ч.Чыг ашиглах зорилготой байсан.Иргэний хуулийн 475 дугаар зүйлийн 475.1-д зааснаар хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй, олсон ашгаа яагаад хувааж болдоггүй юм, хүний хөдөлмөрийг яагаад үнэлж болдоггүй юм бэ? энэ гэрээ нь бодитоор, урьдчилаад тохирч болдог гэрээ.Барилгын ажлыг хүлээлгэн өгөхдөө 87 хувийн гүйцэтгэлтэй байсан гэдгийг гэрч болон талбай хүлээлцсэн баримтаар нотлогдоно.Өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгаа баримтыг дахин тогтоох шаардлагагүй. Ч.Ч нь шударгаар хийсэн ажлынхаа хөлсөө авъя гэж байгаа. А. ХХК-иас зардал гаргуулахгүйгээр бүх ажпыг нь зээлээр хийсэн.Гэрч Эрдэнэцолмонгийн мэдүүлгээр А.Барсүрэнтэй хамтарч Сэлэнгэ аймгийн прокурорын барилга барих гэж байгаа талаар мэдүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Тиймээс Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар А. ХХКомпаниас 158 204 674 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А. ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани Ч.Чтай ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, Ч.Ч 2013 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд менежерээр ажилласан боловч компанийн хөрөнгийг зориулалтын бусаар хувьдаа ашиглаж компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон. Ч.Ч хий хоосон зүйл санаанаасаа зохион нэхэмжилсэн байна.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийн гүйцэтгэлд саад учруулж байгаа бөгөөд уг барилгатай холбоотой асуудлуудыг дээрх шүүхийн захирамжаар шийдвэрлэсэн болно.Ч.Ч хариуцсан ажилдаа хайнга хандаж барилга угсралтын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйгээс А. ХХК-ийн тендер шалгаруулалтанд оролцох эрхийг жилээр хасуулсан.Мөн туслан гүйцэтгэгч Стамфорд бридж констракшн ХХК-д өгөх төлбөр тооцоог дундаас нь авсанаас манай компанийг шүүхэд дуудан шийдвэр гаргуулан компанийн нэр хүндэд ноцтой халдсан зэрэг үйлдэл хийсэн болно.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Ч анх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нь хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийн үнийн дүн 240 000 000 төгрөгийн тал хувь буюу 120 000 000 төгрөг, ажиллах гүйцэтгэлд зарцуулсан 20 000 000 төгрөг нийт 140,000,000 төгрөгийг шаардсан, 2014 оноос хойш манай компани ажил гүйцэтгэлийн хөлсөнд мөнгө шилжүүлэхэд Ч.Ч нь дундаас нь шамшигдуулсан асуудал байгаа.Жишээ нь Стамфорд бридж констракшн” ХХК-д ажил гүйцэтгэлийн хөлсөнд өгөх 20.000.000 төгрөгийг шамшигдуулсан, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ч.Чаас 20 048 900 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан, 2014 онд Ч.Чын эхнэрийн эзэмшлийн “Баян-Эрдэнэ ХХКомпани нь манайхаас ачаа тээврийн вагон худалдаж авсан.Төлбөрийн үлдэгдэл 180 000 000 төгрөг, анх Ч.Ч 138 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх зарим хэсгийг үндэслэлгүй байна гэж үзээд 128 000 000 төгрөгийг Ч.Ч, Баян- Эрдэнэ ХХК-иас А. ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн.Стамфорд бридж констракшн ХХКомпанид өгөх 20 000 000 төгрөг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очоод гацсан, энэ асуудал яагаад шийдэгдэхгүй байна гэвэл Ч.Ч А. ХХК-иас 140 000 000 төгрөгийн авлагатай гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон.Ийм үндэслэлээр Ч.Ч анх нэхэмжпэл гаргасан байдаг, 2 жилийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, багасгаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна.Хамтран ажиллах гэрээгээ яагаад бичгээр байгуулаагүй юм бэ? Ч.Чын ганцаараа барилга барьсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс ярьсан.Тэгвэл ганцаарааа бүх ажлыг өөрөө хийсэн юм бол яагаад тендерийн ажлыг авч өгсөн гэх Бумбаярыг яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаанд оролцуулж болдоггүй юм бэ? А. ХХКомпани нь гүйцэтгэлийн санхүүжилтийг хийсэн.Нэгдүгээр хавтаст хэргийн 85-128 дугаар хуудас хүртэл А. ХХК-ийн санхүүгийн баримт, дансны хуулга, бэлэн мөнгөний баримтуудаар тогтоогдоно.Ч.Чын 5800040550 тоот дансанд А. ХХК-иас цалин гэж хэд хэдэн удаагийн гүйлгээ хийгдсэн.Захирал Барсүрэн нь Ч.Чтай сайн найз нөхдийн харилцаатай найздаа туслъя гэсэн сэтгэлээр компанидаа менежерээр ажиллуулсан.Хавтаст хэргийн 96, 98 дугаар хуудсанд гэрээнүүд дээр А. ХХК-ийн менежерээр төлөөлж гарын үсэг зурсан байдаг.Ашиг олох зорилготой хамтран ажиллаж болдог.Хамтарч оролцсон тохиолдолд заавал хуулийн этгээд, ажилтны орон тоо гаргахгүйгээр хамтран ажиллах эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар боломжтой.Тухайн барилгыг эхнээс дуусах хүртэл Б.Пүрэвхүү “2013 оны 11 дүгээр сард ашиглалтад орох барилгаа заасан хугацаандаа ашиглалтад орж чадаагүй”, гэрч Энхтөрийн мэдүүлгээр бусдад өгөх ёстой мөнгийг дундаас нь завшсан асуудал байгаа.Мөн бусад гэрчийн мэдүүлгээр Ч.Ч ганцаараа барилгын бариагүй гэдэг нь тодорхой болсон.Нэхэмжпэгч манай байгууллагад төлөх ёстой өрөө хойшлуулах, тэр байдлыг ашиглан хуулийн цорхойгоор өрөө дарах зорилготой нэхэмжлэл гаргасан.А. ХХКомпанид Ч.Ч нь менежер ажилтай гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь компанийн асуудал.Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг хамтран ажилласан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, А. ХХКомпаниас мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаар нотлогдоно.Түүнээс Ч.Ч нь бүхнийг зээлээр бариагүй. Төсөвчний тайлан дээр барилга барихад хэдэн төгрөгийн зардал гарсныг тодорхой бичсэн.Хэрэв бүх зүйлийг ганцаараа хийсэн юм бол тухайн үед яагаад шүүхэд хандаагүй юм бэ? хамтарч ажиллана гэж тохирсон бол Д.Бумбаярыг яагаад гэрчээр оролцуулж болдоггүй юм бэ? А. ХХК-ийн захирал Ө.Барсүрэн нь тухайн үед Увс аймагт тендерийн ажилтай байсан болохоор тэр болгон барилга дээр байгаад байх боломжгүй юм.2013 онд барилгын ажлыг хүлээлгэж өгч чадаагүй.Барилгын ажлыг Ч.Ч хүлээлгэж өгөхөд байгаагүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар дурддаг.Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч хариуцагч А. ХХКомпанид холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн прокурорын газрын барилга барих ажлын гүйцэтгэлийн нийт ашгийн 50 хувь болох 120 000 000 төгрөг, ажил гүйцэтгэх явцад өөрөөсөө зарцуулсан 20 000 000 төгрөг нийт 140 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 158 204 674 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Захиалагч Улсын ерөнхий прокурорын газар, гүйцэтгэгч А. ХХКомпанийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж менежер Ч.Ч гарын үсэг зурж, А. ХХКомпанийн захирал Ө.Барсүрэн баталсан байна.
Нэхэмжлэгч Ч.Ч дээрх гэрээний үүргийг гүйцэтгэхэд А. ХХКомпанитай хамтран ажилласан тул хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 158 204 674 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.
Өөрөөр хэлбэл Ч.Ч нь А. ХХКомпанитай хамтран Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын конторын барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байх бөгөөд нэхэмжлэгч нь А. ХХКомпанитай хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу амаар байгуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж заасны дагуу Ч.Ч хураамжийг үйлчилгээ хэлбэрээр төлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Талуудын хооронд хамтран ажиллах гэрээг амаар хийсэн байгаа нь хураамжийн хэмжээг тодорхойлох боломжгүй байх бөгөөд улмаар хураамжийг нэхэмжлэгч ямар хэлбэрээр А. ХХКомпанид төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Ч.Ч нь А. ХХКомпанитай хамтран ажиллах гэрээний дагуу ямар эрхийг эдэлж, ямар үүргийг хүлээж оролцсон тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Гуравдугаар хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд инженер Б.Эрдэнэцолмон, Б.Пүрэвдорж нарын гаргасан, тесөвчин Д.Нэргүйн хянасан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын конторын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоо гэх баримт авагдсан байна.
Нэхэмжлэгч нь дээрх Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын конторын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоонд дурдсан зардлууд болон Улсын ерөнхий прокурорын газар, А. ХХКомпанийн хооронд хийгдсэн гэрээний нийт дүнгээс ашгийг тодорхойлж нэхэмжлэлийн дүнг гаргасан байна.
Улсын ерөнхий прокурорын газрын А. ХХКомпанитай 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын конторын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд Ч.Ч нь А. ХХКомпанийг төлөөлж оролцсон байгааг болон дээрх тооцоололыг үндэслэн Ч.Чыг А. ХХКомпанитай хамтран ажиллаж ашиг олсон байна гэж үзэх боломжгүй байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5106 дугаар шийдвэрт “Гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын талаар дээрх баримтыг бичсэн Ч.Чыг манай компанид ажилладаггүй гэж үгүйсгэж байх боловч уг хүн нь хариуцагч талын менежер ажилтай байсан болох нь талуудын хооронд байгуулсан гэрээнд захиалагч талыг төлөөлөн гэрээ хийсэн баримтаар тогтоогдлоо” гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч Ч.Чын А. ХХКомпанитай хамтран ажилласан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхад түүнийг хамтран ажиллах гэрээнээс гарах буюу Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-т заасан үндэслэлийг ярих боломжгүй байна.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа гэрээнээс татгалзсан гэх үйл баримтын талаар шаардаж мэтгэлцээгүй болно.
Иймд Ч.Чын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад хугацаа авахгүй, шүүх хуралдаанд тайлбараа өгөөд мэтгэлцэж оролцоно гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан А. ХХКоманиас 158 204 674 /нэг зуун тавин найман сая хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН