Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас ДЗ ургийн овогт Ц-ийн С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000098 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ДЗ ургийн овогт Ц-ийн С, 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ое....................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь Увс аймгийн Зүүнхангай сумын хоёрдугаар багийн нутаг Нарийн гол гэх газраас 2019 оны 9 дүгээр сард тус багийн иргэн О.Б-ын бог малд байсан хохирогч С.Б-гийн нэг тооны ямааг хулгайлж, түүнд 80’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000098 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

- С.Б-гээс хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 5-6, 8 дугаар хуудас),

- Г.Ц-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

- О.Б-оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

- Л.Д-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),

- Д.Г-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

- Т.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

- 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),                                                                                                                               

- 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас),

- Ц.С-гаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Ц.Л-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

- М.С-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

- Ц.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

- 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

- шүүгдэгч Ц.С-гийн малын А дансны хуулгыг (хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч С.Б-гийн “Манайх Зүүнхангай сумын хоёрдугаар багийн иргэн О.Э буюу Б гэж хүнд малаа маллуулж байсан. ...манай малыг маллаж байсан О.Б- миний эхнэр Г.Ц-тай утсаар яриад “өнөөдөр би хүүхдээ сургуульд хүргэхээр сумын төв ороод буцаж явтал манай саахалт айлын Д буюу Ц.С гэх залуу П гэх (жинхэнэ нэрийг нь мэдэхгүй) залуугийн мотоциклын ард нь суугаад дундаа нэг улаан зүсмийн ямаа дүүрчихсэн явж байна, ...танай ямаа юм шиг харагдлаа, та урдаас нь явж очоод үзчихээч” гэж хэлсэн. ...бид хоёр гайхаад сумын төв уруудаад явж байтал Т.Б- гэх хүний шатахуун түгээгүүрийн гадна нэг улаан ямаа уяатай байхаар нь яваад очиход манай ямаа байсан. Тэгээд бид хоёр Т.Б-тэй уулзаад “энэ ямааг хэн авч ирэв” гэхэд “Ц.С, П хоёр авч ирлээ” гэсэн. Миний эхнэр Г.Ц- П-д “Ц.С та хоёр манай ямааг Т.Б-т аваачиж өгсөн байна” гэж хэлэхэд “надад хамаагүй, Ц.С Т.Б-ийн гэрт аваачиж өгсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас);

- Гэрч Г.Ц-ын “...бид хоёр гайхаад сумын төв уруудаад явж байтал Т.Б- гэж манай суманд шатахуун түгээгүүрийн газар ажиллуулдаг айлын гадна нэг улаан ямаа байхаар нь очсон чинь манай яма-а байсан. Тэгээд нөхөр бид хоёр Т.Б-тэй уулзаад “энэ ямааг хэн авч ирэв” гэхэд “Ц.С, П хоёр авч ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

- Гэрч О.Б-ын “...сумын төвөөс буцаад явж байтал “манай сумын Д.Г гэх залуу мотоцикл жолоодчихсон, хойно нь Ц.С суугаад дундаа улаан зүсмийн ямаа тавьчихсан эхнэр бид хоёрын хажуугаар зөрөөд явахдаа Ц.С нь дээлийнхээ хормойгоор ямаагаа бүтээгээд зөрчлөө” гэж миний эхнэр хэлсэн. Би автомашинаа эргүүлж Ц.С, Д.Г нарын хойноос очиход тэр хоёр жалганд мотоциклоо унтраачихсан зогсож байсан. ...буцаж бид хоёр автомашиндаа суухад эхнэр надад “Ц.С, Д.Г нар С.Б ахын ямааг авчихсан явж байна” гэж хэлсэн. Тэгээд Ц.С, Д.Г нар мотоциклоо асааж ямаагаа дундаа тавиад цааш явахад нь эхнэр бид хоёр утсаар С.Б ах руу залгаж “танай малтай ижил зүсмийн ямааг Ц.С, Д.Г нар мотоциклтой дундаа тавиад сумын төв явж байна, та тэр хоёрын замыг тосож урдаас нь очоод авч явсан ямааг нь үзээрэй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Л.Д-гийн “...Нөхөр бид хоёрыг явж очиход Ц.С бид хоёрын урдаас хүрээд ирсэн. Ц.С миний нөхөр О.Б-той уулзаад зогсож байхад нь би хажуугаар нь зөрөөд Д.Г-ын хажууд очиход Д.Г дундаа авч явсан ямаагаа дарчихсан сууж байсан. Би хажууд нь зогсож байгаад нөхөр бид хоёр автомашиндаа суугаад цааш явсан, тэр хоёр мотоциклоо асаагаад цааш явсан. Нөхөр бид хоёр цааш явж байгаад “энэ хоёрын авч яваа ямаа нь С.Б ахын ямаа мөн юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас);

- Гэрч Д.Г-ын “...2019 оны 9 дүгээр сард өдрийн сайн санахгүй байна. ...Миний нагац ах Т.Б- над руу утсаар залгаад “чи Ц.С-гийн гэрт очоод нэг ямаа аваад ирээч, Ц.С урьд нь надаас мөнгө авчихсан юм” гэж хэлсэн. ...би Ц.С-д “Т.Б- ах өөрөөс чинь нэг ямаа авах ёстой, намайг аваад ир” гэж хэлж явууллаа гэхэд Ц.С гэрээсээ гарч, бид хоёр цуг миний мотоциклтой бэлчээрт байсан малын хажууд очоод бэлчиж байсан малыг бөөгнүүлж байгаад Ц.С нэг ямаа хөөж барьж авсан. Ц.С “би чамтай хамт сумын төв орно” гэж хэлээд миний мотоциклын хойд талд нөгөө барьж авсан ямаагаа дундаа тавиад суусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);

- Гэрч Т.Б-ийн “...Манай сумын С.Б гэх хүн эхнэр Г.Ц-ын хамт ирж манай хашаанд уяатай байсан ямааг үзээд “энэ ямааг хэн авч ирэв” гэхээр нь би “Ц.С, Д.Г хоёр авч ирлээ” гэж хэлсэн. “Энэ миний ямаа байна” гэж хэлээд манай хашаанд уяатай байсан ямааг аваад авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);

Дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч Ц.С-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Би тэдэнд хүний малаас авсан гэж хэлээгүй. Д.Г-ыг дагуулж яваад хээр бэлчиж байсан О.Б-ын малаас нэг ямаа барьж авч явсан юм” гэх (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) мэдүүлгээр дараах үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.С нь Увс аймгийн Зүүнхангай сумын хоёрдугаар багийн нутаг Нарийн гол гэх газраас 2019 оны 9 дүгээр сард тус багийн иргэн О.Б-ын бог малд байсан хохирогч С.Б-гийн нэг тооны ямааг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон. Шүүгдэгч Ц.С хохирогч С.Б-гийн нэг тооны эр ямааг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу Увс аймгийн Зүүнхангай суманд 2019 оны 9 дүгээр сард эр ямаа 80’000 (наян мянган) төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь шинжээчийн 130 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 32 дугаар хуудас) тогтоогдож байна.

Хохирогч С.Б “...Би Ц.С миний малаас авч Т.Б-т хүргэж өгсөн нэг тооны ямааг тухайн үед Т.Б-ээс авч өөрийн малд тавьсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) мэдүүлжээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч Ц.С-г 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ц.Л-гийн “...даруу төлөв зантай, хар бор ажлаас хойш суугаад байдаггүй, хүний үгэнд оромтгой, бусдад тусархуу, зөөлөн зан араншинтай байсан боловч даралт харваснаас хойш хааяа уцаарлаад байдаг болчихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), гэрч М.С-ын “...Хүнтэй муудалцаад байдаггүй, эр хүний ноён нуруутай, хүлээцтэй, даруу төлөв зантай, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хүнтэй хэл ам татлаад хэрүүл маргаан хийгээд байдаггүй, өөрийн амьдралыг мөрөөрөө аваад явж байгаа энгийн хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), шүүгдэгч Ц.С-гийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтуудаар шүүгдэгч Ц.С нь эхнэр, хоёр хүүхдийн хамтаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, хохирлын хэмжээ бага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нэг хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчид хорих ял оногдуулахыг тэнсэж шийдвэрлэсэн тул нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ДЗ ургийн овогт Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.С-г 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.С-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.С-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.С тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт 1 (нэг) хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА