Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Б ургийн овогт Ч-ын Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235000000126 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт Ч-ын Н, 2001 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ое................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан салаа гэх газарт байрлах хохирогч Д.Э-ийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цоожийг эвдэж 955’000 төгрөгийн эд зүйлсийг машин механизм буюу Мустанг-5 загварын мотоцикл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000126 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);

- Эд зүйл зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас);

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Д.Э-ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас);

- Хохирогч Д.Э-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 16,18, 20 дугаар хуудас);

- Гэрч Ш.Д-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);

- Гэрч Д.М-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч Ж.П-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);

- Хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлсэн шинжээчийн 203 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх Мустанг-5 загварын мотоциклийг үнэлсэн шинжээчийн 224 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас);

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ч.Н-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 54, 56 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ч.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, түүнийг баталгааг (хавтаст хэргийн 57-58 хуудас);

- Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас);

- Мустанг-5 загварын мотоциклийг битүүмжлэх мөрдөгчийн санал, тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Гэрч Г.А-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас);

- Гэрч Н.Ц-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас);

- Хохирогч Д.Э-ийн тодорхойлолтыг тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н нотлох баримт шинжлэн судлаагүй, холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хэргийн газар үзлэг хийсэн “Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан салаа гэх газарт байрлах гомдол гаргагч Д.Э-ийн зуслангийн байранд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 40 минутад ...Д.Э-ийг байлцуулан үзлэгийг эхлүүлэв. ...бор өнгийн төмөр  үйлдвэрийн хаалга байх ба тухайн хаалганы цоож хэсгийг эвдэж гэмтээсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан “...Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан салаа гэх газарт эд зүйл хураалгасан Ч- овогтой Н-аар гэрээс нь өөрөөр нь заалган гаргуулж ...хураан авах ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 45 минутаас 17 цаг 25 минутын хооронд дуусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);

Хохирогч Д.Э-ийн “Би Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутагт оршин суудаг хавар Элсний хаяа гэх газарт хаваржаад 2022 оны 5 дугаар сарын 14-нд тус багийн Цагаан салаа гэх газарт нүүж ирэх үед манай байшинд хулгай орсон байсан. Хамгийн сүүлд миний хүү Д.М 2022 оны 4 дүгээр сарын 21-нд очиж үзэхэд зүгээр байсан юм. Тэгэхээр манай байшинд 2022 оны 4 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 12-ны хооронд хулгай орсон байх гэж бодож байна. Манай зуслангийн байрнаас гэрийн зөөврийн караоке нэг ширхэг, миний хүүгийн өмсөж байсан түрийтэй шар гутал нэг хос, аяга тавгийн ком нэг ширхэг, махны машин (гар) нэг ширхэг, ширмэн хайруулын таваг нэг ширхэг, шинэ ягаан цоохор хөнжил нэг ширхэг, дайзна хивс хоёр ширхэг зэрэг эд зүйл хулгайлагдсан байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);

- Хохирогч Д.Э-ийн дахин өгсөн “...Хулгайч байшинд орохдоо гадна талын цоожтой байсан бүргэд хаалганы цоожийг нь төмрөөр малтаж гол хэсгийн эвдэж, дээд доод түгжээг нь нарийн төмөр оруулан хөшиж онгойлгоод гадна хавтас буюу гаднах төмрийг нь салгаж орсон байсан. Хаалганы цоож багадаа 60’000 төгрөгийн үнэтэй байгаа байх. Тухайн хаалгыг өнгөрсөн жил буюу 2021 оны 7 дугаар сард миний хүү өөрөө Улаанбаатар хотоос 1’000’000 төгрөгөөр авч ирж суурилуулсан, ачааны хөлс нэмэгдээд 1’200’000 төгрөг болж байсан. Мөн байшингийн дотор талын үйлдвэрийн модон хаалгыг цоожтой байхад цоожийг нь хүчээр хөшиж байгаад онгойлгосон байна лээ, самбар нь цоожны хэсгээрээ хугарч цуурсан. Тухайн үедээ 500’000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо манай байшингийн гадна, дотор хоёр хаалга цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд дахин шинээр авч тавих шаардлагатай болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас);

- Гэрч Д.М-гийн “Манайх Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг. Энэ хавар Элсний хаяа гэх газарт хаваржаад 2022 оны 5 дугаар сарын 14-нд тус багийн Цагаан салаа гэх газарт нүүж ирэх үед манай байшинд хулгай орсон байсан. Би 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр очиж үзэхэд хаалга үүд нь зүгээр байсан. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус багийн Цагаан салаа гэх газарт байх зуслангийн байрандаа нүүж ирэхэд манай байранд хулгай ороод гадна хаалганы цоожийг нь эвдээд дотор нь байсан эд зүйлсийг авсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч Ж.П-гийн “...нөхөр Ч.Н нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед Зүүнхангай сум руу мотоциклоор яваад орой 17 цагийн үед гэртээ ирэхдээ зөөврийн караоке нэг ширхэг, урт түрүүтэй гутал нэг хос, хөнжил нэг ширхэг, тавгийн ком, хивсэн шамба хоёр ширхэг, хайруулын таваг нэг ширхэг, махны машин нэг ширхэг, аяганы ком зэрэг эд зүйлсийг авч ирсэн. Би нөхөр Ч.Н-аас “чи энэ зүйлсийг хаанаас авсан юм бэ?” гэж асуухад “би эдгээрийг Зүүнговь сумаас худалдаж авсан” гэж хариулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас);

- Мөн дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Ч.Н-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын төв орж ноолуур зараад буцсан. Баруунтуруун сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан салаа гэх газарт байх гэр лүүгээ явах замд Д.Э-ийн байшин байдаг. Тухайн өдөр Зүүнхангай сумаас гараад гэр лүү явж байх замд миний унаж явсан Мустанг-5 загварын мотоциклийн масло багадаж халж унтраад, явж өгөхгүй байсан. Д.Э-ийн байшин ойрхон байсан болохоор тэдний байшингаас моторын тос хайж очсон юм. Тухайн байшин цоожтой байсан бөгөөд би хаалгыг нь онгойлгохын тулд бүргэд хаалганы цоожны голыг газраас олсон нарийн төмрөөр малтаад онгойлгочихсон юм. Байшинд дотор орж масло хайхад олдохгүй байсан. Тэгээд тухайн байшин дотор зөөврийн караоке, хажууд нь байсан нэг шар өнгийн түрийтэй гутал, махны машин, хайруулын таваг, хоёр ширхэг хивсэн шамба, нэг хөнжил, аяга тавгийн ком зэрэг эд зүйл байсан бөгөөд тэдгээр эд зүйлсийг аваад байшингаас гарч хаалгыг нь хаагаад мотоциклдоо ачиж гэртээ хүргэсэн. ...тухайн байшинд байсан эд зүйлсийг шуудайнд хийгээд мотоциклдоо ганзагалж гэртээ хүргэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Ч.Н нь Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклоор Зүүнхангай сумаас буцаж гэр лүүгээ явж байхдаа Баруунтуруун сумын 4 дүгээр багийн Цагаан салаа гэх газарт байх хохирогч Д.Э-ийн зуслангийн байшингийн гадна, дотор хаалгануудыг эвдэж тус байшинд хууль бусаар нэвтэрсэн байна. Улмаар тус байшинд байсан зөөврийн караоке нэг ширхэг, ширмэн хайруулын таваг нэг ширхэг, махны гар машин нэг ширхэг, ягаан алаг хөнжил нэг ширхэг, хивсэн шамба, аяга тавгийн ком хоёр ширхэг, шар өнгийн түрийтэй хуучин нэг хос гутал зэрэг эд зүйлсийг өмчлөгчид нь хүч хэрэглэхгүй, нууцаар, зөвшөөрөлгүй авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг. Хохирогч Д.Э-ийн зуслангийн байшин хүн байнга амьдрах зориулалтай орон байр байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг хангасан байна.

Мөн хэрэгт тогтоогдсон үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэр болон хохирогчийн зуслангийн байшингийн хооронд тодорхой орон зайгаар алслагдсан буюу биеэр (явганаар) очих боломж хязгаарлагдмал байна. Тодруулбал шүүгдэгч уг үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклоор очсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрхэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Тодруулбал прокурор зөвхөн хулгайлагдсан эд зүйлсийн үнэлгээгээр буюу гэмт хэргийн улмаас 955’000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч хохирогчийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэхдээ тухайн байшингийн гадна болон дотор хаалгыг эвдэж 1’000’000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 203 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдэхдээ уг хохирлыг учруулсан байх тул уг зардлыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнд оруулан тооцно. 

Иймд энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 1’955’000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн 203 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 36 дугаар хуудас) нотлогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн “...1. Mass нэртэй зөөврийн караоке 1 ширхэг, 2. Ширмэн хайруулын таваг 1 ширхэг, 3. Махны гар машин 1 ширхэг, 4. Ягаан алаг хөнжил 1 ширхэг, 5. Хивсэн шамба 6. Аяга тавгийн ком 2 ширхэг, 7. Шар өнгийн түрийтэй хуучин гутал нэг хос зэрэгт үзлэг хийж, тухайн эд зүйлсийн хууль ёсны эзэмшигч Д.Э-т 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 25 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), хохирогч Д.Э-ийн “...Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас), мөн хохирогчийн “...зуслангийн байшингаас Ч-ын Н- нь орж эд зүйлс хулгайлж авсан бөгөөд эд зүйлийг засаж янзлан өгч хохирлыг бүрэн барагдуулсан тул хохирол, гомдолгүй болно” гэх тодорхойлолт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2 сая төгрөг төлсөн” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг хураан авч хохирол нөхөн төлөгдсөн тулд улсын орлого болгох” гэх,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.А-ын “...Ч.Н нь зан аашны хувьд дөлгөөн тайван, бусдад тусархуу, бусдыг гэсэн сэтгэлтэй, ядарсан хүмүүст байнга тусалж явдаг, янз бүрийн хэл ам гаргаад байдаггүй, элдэв муу зан аашгүй, өрөвч нинжин сэтгэлтэй, найз нөхдийн дунд нийтэч, гарын ур дүйтэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.Нын яллагдагчаар өгсөн “...Би хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Н нь эхнэр хүүхдийн хамтаар Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Мөн шүүгдэгч Ч.Н-ын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Ч.Н нь урьд хорих ял эдэлж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан түүний биечлэн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг ашигласан нь тогтоогджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Улсын яллагч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал гаргасан, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Нын эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ч-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Наас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг хураан авч улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ч.Н-ын эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА