Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц Сд холбогдох эрүүгийн 2235000000121 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 26-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын нэгдүгээр багийн Даланбулаг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Х овогт Ц С /РД:он79032675/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Сд нь 2021 оны 10 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Бургастайн хөх ам” гэх газраас иргэн Д.Гийн гуч тооны хонь буюу олон тооны мал хулгайлж, түүнд 4.800.000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Сд бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

1. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6  дахь тал),

2. Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 сарын 20-ний өдөр аав Д малаас малаа ялган авахад миний мал бүрэн байсан ба тус оны 10 сарын 13-ний өдөр тус аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг сувгийн гол нэртэй газраас Сагил сумын нутаг “Улаан зуухын, замын хөх” нэртэй газарт нүүдэллэж буусан юм. Манайх 2021 оны 11 сарын 05 өдөр дахин малаа тоолж бүртгэхэд манай малаас 30 тооны хонь дутсан юм. Би уг алга болгосон 30 тооны малаа мал бэлчдэг газраар болон малчдаас сураг тавиад орхисон байсан юм. Саяхан манай төрсөн дүү Д.Т над руу утсаар холбогдож танай имтэй адилхан мал адилхан будагтай мал манай хадам ах С гэж айлд байгаа гэж яриад би уг сумьяа гэж хүнтэй очиж уулзаад тухайн тухайн хүний малыг шүүж үзэхэд миний имтэй, будагтай 5 тооны хонь байсан юм. Бусад мал нь байхгүй байсан юм. Би саяхан 2022 оны 05 сарын 10-ны өдөр манай эхнэр Сарантуяагийн эзэмшлийн данс руу С гэх хүн манай алга болсон 30 тооны хонины өртөг гэж 4.800.000 төгрөг гэж шилжүүлж байсан юм. Бид уг нь анх ярихдаа 30 тооны хонины өртөг болох 5.400.000 төгрөг төлөхөөр тооцсон ба тухайн хүний малд байгаа манай имтэй 5 тооны хонийг С өөрийнхөө имээр имнэсэн учир өөрөө аваа гэж ярилцсан юм. Одоо С гэх хүн 600.000 төгрөг өгөх ёстой. ... Миний хохирлыг 2022 оны 05 дугаар сард болон 06 дугаар сарын 1-нд манай эхнэрийн данс руу нийт 5.400.000 мянган төгрөг шилжүүлж бүрэн барагдуулсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13, 15-16 дахь тал),

3. Гэрч С.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2021 оны 10-р сард Түргэн сумын 01-р багийн нутаг дэвсгэр Бургастайн ам нэртэй газраас Ендэрт нэртэй газар очиж буусан. ..манай нөхөр малаа тууж ирэхдээ 30 тооны хонь малдаа нийлүүлж авчирсан ба би нөхөр Сгаас ямар учиртай 30 тооны хонь авч ирсэн талаар асуухад хүнээс авцтай байсан ба авах өртэй хүнээс 30 тооны хонь авсан юм гэж надад тайлбарлаж хэлээд надад нэмж өөр юм яриагүй юм. ..тухайн үед 14-15 хонь нядалж аймгийн төв оруулж зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22, 39-40 дэх тал),

4. Гэрч Х.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 сарын 11-нээс 15-ны хооронд 30 тооны хонь алга болгосон юм. Миний алга болсон 30 тооны хонийг хаанаас алга болсныг мэдэхгүй байсан юм. Минийх Түргэн сумын 2-р баг сувгийн баг нэртэй газар 2021 оны 10 сарын 11-ний өдөр хөдөө аав Д малаас малаа ялгаж авахад манай шийр сал бүрэн байсан ба тус оны 10 дугаар сарын 15-нд тухайн газраас нүүж Улаан зуух, Замын хөх гэх газруудаар нүүдэллэж байгаад 11 сарын эхээр өдрийн сайн санахгүй байна. Шийр малаа тоолж бүртгэхэд манай хониноос 30 тооны хонь дутсан юм. Манайх нүүдэллэхэд замд ямар нэг малаа гээсэн юм байхгүй учир манай нүүхээс өмнө малаа алдсан байх гэж бодож байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

5. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү Д.Г 30 тооны хонь алдсан талаар би саяхан буюу 2022 оны 04 дүгээр сард хүү Д.Гоос сонссон тэгээд би “чи хэзээ яаж алдсан талаар асуухад 2021 оны 10 дугаар сард манай хажууд буюу Түргэн сумын нутаг “Сувгийн чулуун хороо” гэх газар байж байгаад Сагил сумын нутаг руу нүүсэн тэгээд малаа бүртгэж үзээд 30 тооны хонь дутсан гэсэн тухайн үед манай хүү Д.Г надад хонь алдсан талаар хэлээгүй сүүлд буюу 2022 оны 04 дүгээр сард эхнэртэйгээ хамт манайд ирээд манайх хонь алдсан тэр хонь манай сумын Ц С гэж айлын малд байн бид хоёр очиж харах гэж байн гээд явсан. Тэгээд эргэж ирээд Д.Г надад хэлэхдээ С гэх айлын мал шүүгээд ирлээ манай 6 тооны хонь байна” гэж ирсэн тэгээд манай мал авсан аа хүлээсэн мөнгөөр төлж өгнө гэж байна” гэж хэлсэн тэгээд манай хүү Д.Г гэр лүүгээ явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

6. Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 онд Түргэн сумын төвд байсан манай хүргэн Ц.С 2021 оны 10 дугаар сарын дундуур баруун зуслан нүүх болоод би хүргэн ах Ц.Стай хамт үхэр малын туулцаж гаргаж байсан юм. Би тухайн нүүх үед үхрийн туугаад Ц.С хонио тууж явсан юм. Бид хоёр малаа хоёр тусдаа тууж явсан. Хэсэг явж байгаад Бургастай хамар нэртэй газар зөрөөд уулзахад манай хүргэн Ц.С надад Бургастайн хамар гэх газраас хэдэн тасархай хонь манай хонинд ирж нийллээ гэж ярьж байгаа ба тухайн үед тухайн ирж нийлсэн малыг хамтад нь туугаад явчихсан юм. Би зөвхөн үхрийг тууж явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

7. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Төрсөн ах Д.Г ахын 30 тооны мал алдсан талаар мэдсэн би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний үед гэртээ байж байтал манай мал бэлчээрээр С гэх айлын хоньтой нийлсэн тэгээд би С гэх айлын малаас хонио ялгаж байтал манай төрсөн ах Д.Гийн имтэй хонь байсан тэгэхээр нь Сд хэлэхгүйгээр малын сайн шүүж үзэхэд Г ахын 3 тооны хонь байсан уг 3 хонины зүүн чихний имийг тайраад хаячихсан байсан би уг 3 хонийг ахын им болог сүүлэнд дарсан будаг зэргээр нь танилцсан юм аа. Тэгээд би тэр өдөр төрсөн ах Г руу гар утсаар залгаж “танай 3 тооны хонь С ахын малд байна гэж хэлэхэд манай ах Д.Г тийм үү би 2021 оны 10 сард 30 тооны хонь алдсан тэр хонь байх гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Д.Г ах эхнэр Сарантуяагийн хамтаар мотоциклтой ирээд С ахын малыг шүүсэн. Тэгээд Д.Г ах миний 2021 оны 10 сард алдсан 30 тооны хониноос 6 тооны хонь Сгийн малд байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37 дахь тал),

8. Увс Финанс Аудит ХХК-ий 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184 дугаартай “2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд нас гүйцсэн эр хонь 250000 /Хоёр зуун тавин мянган/, 5 настай эр хонь 230000 /Хоёр зуун гучин мянган/, 5 настай эм хонь 170000 /Нэг зуун далан мянган/, 4 настай эр хонь 220000 /Хоёр зуун хорин мянган/, 4 настай эм хонь 160000 /Нэг зуун жаран мянган/, 3 настай эр хонь 180000 /нэг зуун наян мянган/, 3 настай эх хонь 150000 /Нэг зуун тавин мянган/, төлөг эр/эм 120000 /Нэг зуун хорин мянган/, хурга 35000 /Гучин таван мянган/ төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

9. Шүүгдэгч Ц.Сгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бургастайн ам гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 15-16-ны хооронд /гэхдээ он сарыг нь сайн мэдэхгүй байна/ өөрийн өвөлжөө болох тус сумын 1 дүгээр багийн нутаг Ендэрт гэх газар руу нүүж явахад Бургастай хамар гэх газар малаа тууж явсан учраас, малаа орхиод уулын орой дээр гарч 20-30 минут амарсан. Намайг амарч байхад тууж явсан мал нь уулаар цааш даваад орчихсон байсан. Би араас нь мал руугаа очиход олон тооны мал нийлчихсэн байхаар нь малаасаа ялгах гэхэд ялгарч өгөөгүй. Учир нь би ууланд ганцаараа мал тууж явсан учраас миний морь муудсан байсан. Уг мал нь ялгараагүй болохоор өөрийн малтайгаа хамт өвөлжөө рүүгээ туугаад явсан. Манай өвөлжөө хол байсан учраас би Хөх тохой гэх нэртэй газар ганцаараа хонож байхад хадам аав С нь араас үхрээ туугаад шөнө дунд ирсэн. Хадам аав бид хоёр хээр хоночхоод маргааш нь малаа туугаад өвөлжөөндөө очсон. Ендэрт гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 05 хүртэл байж байгаад дахин нүүж Жигэрт гэх газар буусан. 2021 оны 12 дугаар сарын эхээр өвөлжөөн дээр байхад замд нийлсэн малаас 20 орчим тооны хонь тасарч чоно идсэн бөгөөд миний бас 20 орчим тооны хонь бас чононд идүүлсэн. Үлдсэн малаас 6 тооны мал нь манай хотонд байгаа бөгөөд 4 тооны мал нь гээгдсэн. 2022 оны 05 дугаар сард Г нь манайд ирэхдээ 2021 оны 10 дугаар сард хэдэн мал алдсан танай малд байгаа юу гэж асуухаар нь шүүгээд үз гэхэд Г нь шүүгээд 6 тооны хонь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай хотонд би 2021 оны 10 дугаар сард манай малд нийлсэн талаар нийлсэн талаар болон 20 гаруй мал чононд идүүлсэн гэдгийг нь хэлж хоорондоо тохирч хохирлыг нь барагдуулсан. Мөн Г нь ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй гэж хэлсэн. Би Г гэх хүнийг хохирлыг 2022 оны 05 дугаар сарын 11-нд дансаар 4.800.000 мянган төгрөгийн хохирлыг нь төлж барагдуулсан. Дахин 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 600.000 мянган төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Манай малд 30 тооны мал нийлснээс нийт 17 тооны эх хонийг ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн бөгөөд манай малтай цуг айлын 7 тооны мал чононд идүүлсэн бөгөөд 6 тооны төлөг манай гэрт өвөлжсөн. Манайд өвөлжсөн төлөгнүүдийг 2022 оны 04 дүгээр сард өөрийн болгож имнэсэн. Удалгүй 2022 оны 05 дугаар сард Г намар нь гээсэн гэх малаа хайж ирээд танай малд миний 6 төлөг зүсээр байна гэж хэлэхээр нь би 2021 оны 10 дугаар сард Сувгийн ооч нэртэй газраас нүүж явахад замд нийлсэн хүн хайж ирэхгүй болохоор нь өвөл нь зарж борлуулсан, чоно нохойнд хүртэл идүүлсэн гэж хэлээд хохирлыг нь барагдуулахаар болж 2022 оны 05, 06 дугаар сард хоёр удаа мөнгө шилжүүлж нийт 5.400.000 мянган төгрөг шилжүүлж хохиролгүй болгосон. Харин миний имнэсэн гэх 6 төлгийг имийг нь өөрчилсөн учраас өөрөө ав гэхээр нь би мөнгөн хэлбэрээр хохирлыг нь барагдуулж төлгийг нь би өөрөө авсананай үхэр дотор гадны 3 тооны үхэр байхаар нь тухайн 3 үхрийг ялгаж үлдээчихээд цааш нь үхрээ туугаадболон 1 тооны 2 настай даа” гэх мэдүүлгүүдийг нотлох баримтаар шинжлэн судлав.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Сг бусдын олон тооны мал хулгайлсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хохирогч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 сарын 20-ний өдөр аав Д малаас малаа ялгаж авахад миний мал /хонь/ бүрэн байсан ба 2021 оны 10 сарын 13-ний өдөр Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Сувгийн гол нэртэй газраас Сагил сумын нутаг “Улаан зуухын, замын хөх” нэртэй газарт нүүдэллэж буусан юм. Манайх 2021 оны 11 сарын 05 өдөр дахин малаа тоолж бүртгэхэд манай малаас 30 тооны хонь дутсан юм. Би уг алга болгосон 30 тооны малаа мал бэлчдэг газраар болон малчдаас сураг тавиад орхисон байсан юм. Саяхан манай төрсөн дүү Д.Т над руу утсаар холбогдож танай имтэй адилхан имтэй, будагтай хонь манай хадам ах С гэж айлд байна гэж ярихаар нь  би Сумьяа гэж хүнтэй очиж уулзаад тухайн хүний малыг шүүж үзэхэд миний имтэй, будагтай 6 тооны хонь байсан юм. Тухайн хүний малд байгаа манай имтэй 6 тооны хонийг С өөрийнхөө имээр имнэсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13, 15-16 дахь тал),

 Гэрч С.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2021 оны 10-р сард Түргэн сумын 01-р багийн нутаг дэвсгэр Бургастайн ам нэртэй газраас Ендэрт нэртэй газар очиж буусан. Манай нөхөр малаа тууж ирэхэд 30 тооны хонь малд нийлж ирсэн.14-15 хонь нядалж аймгийн төв оруулж зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22, 39-40 дэх тал),

Гэрч Х.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 10 сарын 11-нээс 15-ны хооронд 30 тооны хонь алга болгосон юм. Манай алга болсон 30 тооны хонийг хаанаас алга болсныг мэдэхгүй байсан юм. Манайх Түргэн сумын 2-р баг сувгийн баг нэртэй газар 2021 оны 10 сарын 11-ний өдөр хөдөө аав Д малаас малаа ялгаж авахад манай шийр /бог/ мал бүрэн байсан ба тус оны 10 дугаар сарын 15-нд тухайн газраас нүүж Улаан зуух, Замын хөх гэх газруудаар нүүдэллэж байгаад 11 сарын эхээр бог малаа тоолж бүртгэхэд манай хониноос 30 тооны хонь дутсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 онд Түргэн сумын төвд байсан манай хүргэн Ц.С 2021 оны 10 дугаар сарын дундуур баруун зуслан нүүх болоод би хүргэн Ц.Стай хамт үхэр малын туулцаж гаргаж байсан юм. Би тухайн нүүх үед үхэр туугаад Ц.С хонио тууж явсан юм. Бид хоёр малаа хоёр тусдаа тууж явсан. Хэсэг явж байгаад Бургастай хамар нэртэй газар зөрөөд уулзахад манай хүргэн Ц.С надад Бургастайн хамар гэх газраас хэдэн тасархай хонь манай хонинд ирж нийллээ гэж ярьж байсан ба тухайн үед ирж нийлсэн малыг хамтад нь туугаад явчихсан юм. Би зөвхөн үхрийг нь тууж явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Шүүгдэгч Ц.Сгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бургастайн ам гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 15-16-ны хооронд өөрийн өвөлжөө болох тус сумын 1 дүгээр багийн нутаг Ендэрт гэх газар луу нүүж явахад Бургастай хамар гэх газар хонио тууж яваад орхиод уулын орой дээр гарч 20-30 минут амарсан. Намайг амарч байхад тууж явсан мал уулаар цааш даваад орчихсон байсан. Би араас нь мал руугаа очиход олон тооны мал нийлчихсэн байхаар нь малаасаа ялгах гэхэд ялгарч өгөөгүй. Би ууланд ганцаараа мал тууж явсан учраас миний морь муудсан байсан тул уг мал нь ялгарахгүй болохоор нь өөрийн малтайгаа хамт өвөлжөө рүүгээ туугаад явсан. Манай өвөлжөө хол байсан учраас би Хөх тохой гэх нэртэй газар ганцаараа хонож байхад хадам аав С нь араас үхрээ туугаад шөнө дунд ирсэн. Хадам аав бид хоёр хээр хоночхоод маргааш нь малаа туугаад өвөлжөөндөө очсон. Ендэрт гэх газар 2021 оны 11 дүгээр сарын 05 хүртэл байж байгаад дахин нүүж Жигэрт гэх газар буусан. Тэр  30 хонины эзэн нь гарахгүй болохоор 2021 оны 12 дугаар сарын эхээр 14 хонийг алж, 1 хонийг нь 100.000 төгрөгөөр тооцож зарсан, 3 хонийг алж хүнсэндээ хэрэглэсэн, 6 хонь нь зүсээрээ байгаа, манай мал чононд идүүлэхэд 7 хонь нь чононд идүүлсэн” гэх мэдүүлгүүдээр 2021 оны 10 дугаар сарын 15-нд Бургастай хамар гэх газарт хохирогч Д.Гийн 30 тооны хонь шүүгдэгч Ц.С хонио тууж, нүүлгэн явж байхад нь хонинд нь нийлсэн үйл баримт тогтоогдож байна.

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ[1].

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үү, 17.5 дугаар зүйлд заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үү гэдгийг тогтооход гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн эсэх нь чухал ач холбогдолтой, хэргийн зүйчлэлд шууд нөлөөлөх  нөхцөл байдал бөгөөд уг үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ц.Сгийн “Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Бургастайн ам гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 15-16-ны хооронд өөрийн өвөлжөө болох тус сумын 1 дүгээр багийн нутаг Ендэрт гэх газар луу нүүж явахад Бургастай хамар гэх газар хонио тууж яваад орхиод уулын орой дээр гарч 20-30 минут амарсан. Намайг амарч байхад тууж явсан мал уулаар цааш даваад орчихсон байсан. Би араас нь мал руугаа очиход олон тооны мал нийлчихсэн байхаар нь малаасаа ялгах гэхэд ялгарч өгөөгүй. Би ууланд ганцаараа мал тууж явсан учраас миний морь муудсан байсан тул уг мал нь ялгарахгүй болохоор нь өөрийн малтайгаа хамт өвөлжөө рүүгээ туугаад явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Сын “2021 онд Түргэн сумын төвд байсан манай хүргэн Ц.С 2021 оны 10 дугаар сарын дундуур баруун зуслан нүүхэд нь би үхэр туугаад Ц.С хонио тууж явсан юм. Бид хоёр Бургастай хамар нэртэй газрыг зөрөөд уулзахад манай хүргэн Ц.С надад Бургастайн хамар гэх газраас хэдэн тасархай хонь манай хонинд ирж нийллээ гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүдээс  өөр хохирогч Д.Гийн 30 тооны хонь шүүгдэгчийн эзэмшилд хэрхэн очсон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийг нууц, далд аргаар бусдын 30 тооны хонийг эзэмшилдээ шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг,  “Алдуул мал завших” гэмт хэрэг нь мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсний дараа ашиглан шамшигдуулснаар төгсдөг гэмт хэргүүд юм.

Шүүгдэгч Ц.С нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь тогтоогдохгүй байгаа тул түүнийг бусдын олон тооны мал хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хохирогчийн 30 тооны хонь өөрийнхөн хонинд шүүгдэгчээс өөрөөс нь хамаарахгүй нөхцөл байдлаар 2021 оны 10 дугаар сарын 15-нд нийлж өөрийнхөн эзэмшилд шилжсэний дараа буюу 2021 оны 12 дугаар сард шунахайн сэдэлтээр завшиж захиран зарцуулсан, хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг  бүрэн хангасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж хөнгөрүүлэн өөрчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь “2021 оны 10 дугаар сарын 15-нд өөрийн хонинд нийлсэн хохирогч Д.Гийн 30 тооны хонь шүүгдэгч Ц.С хониноос 2021 оны 12 дугаар сард 14 хонийг алж зарсан, 3 хонийг алж хүнсэндээ хэрэглэсэн,  6 хонь нь зүсээрээ байгаа” гэж мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар нотлогдож байна. Харин “манай мал чононд идүүлэхэд 7 хонь чононд идүүлсэн” гэж мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул хохирогчийн 24 тооны хонийг завшсан гэж үзнэ.

Учир нь шүүгдэгч Ц.С нь хохирогчийн 6 тооны хонийг захиран зарцуулаагүй шүүгдэгчийн хонинд байгаа нь тогтоогдсон тул хохирогчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй гэж үзнэ. Иймд дээрх 6 тооны хонийг завшаагүй гэж үзэх боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.Гийн алдсан 30 тооны хонины 24 хонь нь 5 буюу түүнээс настай эм хонь, 6 хонь төлөг байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн хонинд байгаа 6 тооны хонь төлөг болох нь мөн тогтоогдож байх тул шүүгдэгчийг 24 тооны эм хонь завшсан гэж үзнэ.

Увс Финанс Аудит ХХК-ий 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184 дугаартай “2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд 5 настай эм хонь 170000 /Нэг зуун далан мянган/ төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал)-ээр 24 тооны эм хонины үнэ 408.000 төгрөг болох нь тогтоогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас 408.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Ц.Сгийн “Миний эхнэрийн данс руу 5.400.000 төгрөг шилжүүлж, миний хохирлыг төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, “мөнгөн дүнгээр миний хохирлыг төлж барагдуулсан тул гомдол тэмцэл байхгүй” гэх тодорхойлол (хавтаст хэргийн 106 дахь тал)-ыг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгснийг үнэлэн хохирлыг барагдуулсан гэж үзээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Сд нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.Мгийн өгсөн: “Ц.С нь зан байдлын хувьд төлөв даруухан, ажилсаг, тусархуу, хөдөлмөрч, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи тамхи хааяа нэг хэрэглэдэг, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал), Гэрч С.Эгийн өгсөн: “...Ц.Сгийн зан байдлын хувьд гэр бүлтэй болсноос хойш одоог хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд 2020 онд Түргэн сумын сайн малчин болсон бөгөөд аж ахуйн ажилдаа сайн. С нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том хоёр хүүхэд нь Түргэн сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа. Харин бага хүүхэд 4 настай бөгөөд хөдөө гэртээ байдаг. Зан араншингийн хувьд ямар нэгэн доголдол байхгүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэггүй бөгөөд гэр бүл болсноос хойш гэр бүлдээ хэрүүл маргаан гаргаж салж сарниж байсан тохиолдол байхгүй мөн айл саахалт буусан айл болон нутгийн иргэдтэй боловсон харьцдаг бөгөөд сум орон нутагтаа хүртэл нэр хүндтэй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), Гэрч Ц.Цийн өгсөн: “...төлөв даруу бөгөөд огцом уурладаггүй архи болон тамхи хэрэглэдэггүй юм. 2020 онд Увс аймгийн Түргэн сумын сайн малчин хүртэл болж байсан учраас өөрийн цаг завыг мал маллах хөдөлмөрт зориулдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) мэдүүлгүүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Х овогт Ц Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.  Ялтан Ц.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Сд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ

 

 

 

 

[1] С.Б-д холбогдох 1912006950082 эрүүгийн хэрэг, УДШ (Эрүүгийн хэргийн танхим) 2020 оны 11 сарын 11 өдрийн  653 дугаар тогтоол х.4